Украины тариаланч Сергей Рыбалко 2022 онд Орос Украинд халдан довтолсны эхэнд өмнөд нутгийнх нь ихээхэн хэсгийг эзэлснээр тариалангийн газрынхаа гуравны хоёрыг алджээ.

Одоо тэрбээр өөр нэг хүнд нөхцөлтэй тулгараад байгаа аж. Энэ жилийн ургац сайн байх төлөвтэй байсан ч Оросын цэргийн довтолгооны улмаас Украины Хар тэнгисийн боомтуудаар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлох боломж бараг зогссон аж.

Украин дэлхийн улаанбуудай, эрдэнэ шиш, наранцэцгийн үр үйлдвэрлэгч томоохон орнуудын нэг бөгөөд эдгээр бүтээгдэхүүний экспортын ойролцоогоор 90 хувийг Хар тэнгисээр дамжуулдаг. Яг одоо Украины улаанбуудайн ургац хураалт ид өрнөж, Рыбалкогийн үр тарианы агуулах бараг дүүрчээ. Харин эрдэнэшишийн ургац ирэх сард эхлэх аж.

Өдгөө 57 настай Рыбалко агуулахынхаа дэргэд “Энэ үр тариаг явуулах газар алга. Энэ бол тариаланчдын хувьд бүрэн сүйрэл” хэмээн хэлжээ.

Өмнө нь тэрбээр үр тариагаа Украины томоохон экспортлогч Nibulon компани болон орон нутгийн боловсруулах үйлдвэрүүдэд борлуулдаг байсан ч одоо худалдан авагч олдохгүй байгаа талаар ярьсан байна.

Тэр “Бүх зүйл зогсчихсон. Санхүүгийн эргэлт тасарсан. Орлогын эх үүсвэрүүд хатсан. Экспорт алга” гэж ярьжээ.

Украины эдийн засагт үзүүлэх нөлөө

Employee uses a wheel loader to load wheat grains from a storage facility to a truck at a compound of a farm in Zhytomyr region

Хөдөө аж ахуйн салбар Украины экспортын орлогын бараг 60 хувийг бүрдүүлдэг тул Хар тэнгисийн боомтуудын бүслэлт нь дайны хүнд нөхцөлд байгаа эдийн засагт нь нэмэлт дарамт болж буй юм байна.

Украин болон Орос Хар тэнгис, Азовын тэнгист бие биенийхээ хөлөг онгоц, эдийн засгийн дэд бүтцэд цохилт өгөх ажиллагаагаа эрчимжүүлж буй нь хоёр улсын эдийн засгийг сулруулах зорилготой гэж талууд үзэж байна.

Украины тариаланчдын холбооны дэд тэргүүн Денис Марчук "Украин дэлхийн улаанбуудайн нийлүүлэлтийн 6 орчим хувь, эрдэнэшишийн 11 орчим хувийг хангадаг" гэж хэлжээ.

Тэрбээр "Украины үр тариаг голлон худалдан авдаг Африк, Ойрх Дорнодын зарим импортод түшиглэсэн орнуудад нийлүүлэлт хугацаандаа хүрэхгүй бол хүнсний хомсдол үүсэх эрсдэлтэй" гэж анхааруулсан байна.

Ирэх жилийн ургац ч эрсдэлд оржээ

Wheat grains inside a storage facility in Zhytomyr region

Украин энэ онд ойролцоогоор 60 сая тонн үр тариа хураах төлөвтэй байгаа нь 2025 оныхтой бараг ижил хэмжээ аж. Гэвч тариаланчид ирэх жилийн ургацын талаар төдийлөн өөдрөг биш буй юм байна. Учир нь, экспорт хийж чадахгүй бол дараагийн тариалалтын ажлаа санхүүжүүлэхэд шаардлагатай хөрөнгө бүрдэхгүй.

Дэлхийн зах зээл дээр Хар тэнгисийн нөхцөл байдал болон нийлүүлэлтийн хомсдолоос үүдэн үр тарианы үнэ өсөж байгаа ч Украины дотоодын зах зээлд эсрэгээрээ үнэ буурчээ. Учир нь, борлуулах боломжгүй үр тариа дотоодын зах зээлд хуримтлагдаж байгаа аж.

Шинжээчдийн тооцоолсноор, тариаланчид зөвхөн улаанбуудай экспортолсноор ашиг олох боломжтой бөгөөд бусад төрлийн үр тарианы үйлдвэрлэлийн зардлаа нөхөхөд хүндрэлтэй болжээ. Эдгээр орлого нь тариаланчдад түлш худалдан авах, ажилчдын цалин өгөх, өвлийн ургамал тариалах бэлтгэл хийхэд зайлшгүй шаардлагатай аж.

Рыбалко дайны эхэнд бизнесээ сэргээхийн тулд их хэмжээний зээл авчээ. Түүний аж ахуйд ургац хураалтын үеэр зээлээ төлөх, ажилчдын цалин болон түлшний зардлыг санхүүжүүлэхийн тулд сар бүр ойролцоогоор 20 сая гривен буюу 447 мянган ам.доллар шаардлагатай аж.

Хар тэнгисийн экспорт дахин зогсох эрсдэлтэй

Employee uses a wheel loader to load wheat grains from a storage to a truck at a compound of a farm in Zhytomyr region

Дайнаас өмнө Украин Хар тэнгисээр дамжуулан сар бүр 4-5 сая тонн орчим хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортолдог байжээ.

2022 онд Хар тэнгисийн боомтууд хаагдсанаар Украины үр тарианы экспорт тасалдаж, улмаар НҮБ болон Турк улс Украины үр тариаг Хар тэнгисээр тээвэрлэх боломжийг бүрдүүлсэн хэлэлцээрийг зуучлан байгуулсан байна.

Орос 2023 онд уг хэлэлцээрээс гарсны дараа Украин Хар тэнгисийн баруун эргээр, НАТО-гийн гишүүн Румын, Болгарын усан нутгаар дамжин өнгөрөх “үр тарианы коридор” бий болгосон аж. Гэвч долоо болон наймдугаар сарын эхээр Орос Украины Хар тэнгисийн боомтын дэд бүтцэд 70 гаруй удаа, хөлөг онгоцуудад 62 удаа цохилт өгсөн гэж Украины боомтын захиргаа мэдээлжээ.

Үүний улмаас наймдугаар сарын эхний хоёр долоо хоногт Украины үр тарианы экспорт өмнөх оны мөн үеэс 75 хувиар буурсан байна. ОХУ цохилтуудаа "цэргийн дэд бүтэц, логистикийн байгууламж болон гадаадын зэвсэг тээвэрлэж буй хөлөг онгоцуудад чиглүүлсэн" гэж тайлбарлажээ.

Экспортын шинэ зам яаралтай хэрэгтэй байна

Үр тариаг зохих нөхцөлд хатааж, хадгалсан тохиолдолд хэдэн жилийн турш хадгалах боломжтой. Гэвч Украины агуулахын хүчин чадлын дутагдал 11 сая тоннд хүрч болзошгүй гэж тус улсын Хөдөө аж ахуйн яам мэдээлжээ.

Иймд эрх баригчид нь тариаланчдад түр хугацаанд үр тариагаа аж ахуй дээрээ хадгалах зориулалттай тусгай уут болон бусад хэрэгслээр туслахыг түнш орнуудаасаа хүссэн байна. Мөн экспортын өөр замуудыг яаралтай бий болгох шаардлагатай болсон ч энэ нь өмнөхөөсөө илүү хүндрэлтэй байж болзошгүй аж.

Киевийн Эдийн засгийн сургуулийн шинжээч Олех Нивиевский "2022 онд Хар тэнгисийн боомтууд хаагдахад Украины хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг баруун хилээр нь төмөр зам, авто замаар дамжуулан экспортолж байсан. Гэвч хөрш Польшийн тариаланчид хямд үнэтэй Украины үр тариатай өрсөлдөх асуудлаар өмнө нь эсэргүүцэж байсан нь экспортын өөр зам бий болгох боломжийг хязгаарлаж байна" гэж хэлжээ.

Түүнчлэн Европын Холбоотой хийж буй худалдааны зохицуулалт, Дунай мөрний усны түвшин буурсан байдал, Оросын төмөр замын дэд бүтцэд өгч буй цохилтууд нь Украины экспортын боломжийг улам хумиж байгаа аж.

Ukrainian farmer Serhiy Rybalko stands inside a storage facility of wheat grain in Zhytomyr region

Украины Төв банкны мэдээлснээр Хар тэнгисийн боомтуудын бүслэлтийн улмаас энэ оны үлдсэн хугацаанд тус улс ойролцоогоор 2.5 тэрбум ам.долларын валютын орлого алдах төлөвтэй байгаа  юм байна. Украины тариаланчдын холбооны тооцоолсноор, логистикийн зардал нэмэгдсэний улмаас салбарын хэмжээнд ойролцоогоор 3 тэрбум ам.долларын алдагдал хүлээхээр байгаа аж.

Хөдөө аж ахуйн салбарын дайны үеийн нийт хохирол 2022 оноос хойш хэдийнэ 90 тэрбум ам.доллар давж, байлдааны ажиллагаа, их хэмжээний мина, бөмбөгдөлт болон усалгааны системийн доголдлоос шалтгаалан тариалангийн талбайн хэмжээ бараг дөрөвний нэгээр буурчээ.

Украины Засгийн газар тариаланчдад зориулсан яаралтай тусламжийн багц гаргаж, төрийн зээлийн хөтөлбөрүүдийг өргөжүүлэн, зээл авах нөхцөлийг хөнгөвчилж, эргэлтийн хөрөнгийн зээлийн хүүг бууруулсан байна. Гэвч тариалангийн талбай дээр ажиллаж буй фермерүүдийн хувьд илүү их дэмжлэг шаардлагатай хэвээр байгаа ажээ.

Харьков мужийн фермер Феликс Фёдоровын хэлснээр, энэ жилийн ургац өнгөрсөн жилийнхээс бараг хоёр дахин сайн байгаа ч үнэ нь эсрэгээрээ хоёр дахин буурчээ.

Ukrainian farmer Serhiy Rybalko shows wheat grains inside a storage facility in Zhytomyr region

Рыбалко ажилчдынхаа цалин, татварыг төлөхийн тулд эрт хураасан улаанбуудайнхаа тодорхой хэсгийг хямд үнээр борлуулж, хэдхэн хоногийн түлшний мөнгө босгохоос өөр аргагүй болсон байна. Түүний хувьд одоо хамгийн тулгамдсан асуудал нь ирэх жилийн ургацыг хэрхэн баталгаажуулах вэ гэдэг асуудал болжээ.

Тариаланч “Хэрэв Украин өнөөдөр тариалалтаа хийж чадахгүй, рапс, улаанбуудай, өвлийн ургамлаа тариалахгүй, хаврын ажлын хөрсөө бэлтгэж чадахгүй бол жилийн дараа бид жинхэнэ хүнсний хямралтай нүүр тулна” хэмээн анхааруулжээ.

Эх сурвалж: REUTERS