Украины Батлан хамгаалахын сайд асан Михаил Фёдоров үргэлжилж буй дайны нөхцөлд ч тус улсад сонгууль явуулах боломжийг бүрдүүлэх хууль ёсны, аюулгүй, бодитой механизм боловсруулахыг уриалжээ.
Тэрбээр наймдугаар сарын 18-нд өөрийн YouTube сувгаар дамжуулан хийсэн видео мэдэгдэлдээ Украины ардчилсан үйл явцыг дахин хэвийн явуулах асуудлаар байр сууриа илэрхийлсэн байна.
Фёдоров “Хэрэв дайн дахиад нэг, хоёр, гурван жил үргэлжилвэл украинчууд хэзээ дахин төр засгаа сонгохыг Орос улс бодитоор тодорхойлох эрхтэй болох уу? Би үгүй гэж итгэлтэй хэлнэ. Ардчилал Оросын барьцаанд байж болохгүй” хэмээн мэдэгджээ.
“Хүндрэлтэй байна гэдэг боломжгүй гэсэн үг биш”
Фёдоров гэхдээ Украины нөхцөлд бүрэн хэмжээний ардчилсан сонгуулийн үйл явцыг сэргээх нь амаргүйг хүлээн зөвшөөрсөн байна.
Тухайлбал, тэр фронтод үүрэг гүйцэтгэж буй цэргийн алба хаагчид, гадаад улс орнуудад амьдарч буй украин иргэд, мөн фронтын бүс нутагт оршин суугаа иргэдийн сонгох эрхийг хэрхэн хангах зэрэг олон асуудал тулгарч буйг онцолжээ.
Мөн сонгуулийн үеэр төрийн байгууллагуудын хараат бус байдлыг хангахын зэрэгцээ сонгуулийн үр дүнд иргэдийн итгэх итгэлийг бий болгох нь чухал гэж үзсэн байна. Гэвч тэрбээр “Хүндрэлтэй байна гэдэг боломжгүй гэсэн үг биш. Украин улс дэлхий нийт боломжгүй гэж үзэж байсан олон зүйлийг хэдийнэ хийж чадсан” хэмээн онцолжээ.
“Албан тушаалд томилохдоо үнэнч байдлыг бус чадварыг нь үнэлэх ёстой”
Фёдоров мөн төрийн албан тушаалд аливаа нэгнийг томилох шалгуурын талаар байр сууриа илэрхийлсэн байна.
Түүний үзэж буйгаар, нийгэмд “тухайн хүнийг албан тушаалд томилох гол шалгуур нь мэргэжлийн ур чадвар, гаргасан үр дүн, улс орныг өөрчлөх чадвар бус, тухайн системд хэр үнэнч вэ гэдэг” ойлголт бий болох нь “онцгой аюултай” аж.
Энэ нь түүний Украины төрийн байгууллага, батлан хамгаалах салбарын удирдлагын тогтолцоонд хийж байсан өөрчлөлт, шинэчлэлийн талаарх байр суурьтай нь холбоотой гэж үзэж болохоор юм байна.
Михаил Фёдоровын огцролт
Михаил Фёдоров Украины Батлан хамгаалахын сайдын албан тушаалаасаа долдугаар сарын 15-нд огцрохоо мэдэгдсэн. Түүнийг чөлөөлөгдөхөд нөлөөлсөн нэг шалтгаан нь Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Александр Сырскийтэй санал зөрөлдөөнтэй байсан явдал хэмээн мэдээлж байв.
Фёдоров огцрохоо мэдэгдсэний дараа Украины хэд хэдэн хотод түүнийг дэмжсэн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагдсан. Жагсаалд оролцогчдын зарим нь Фёдоровыг сүүлийн жилүүдэд Украины Батлан хамгаалах салбарт ажилласан үр дүнтэй сайд нарын нэг хэмээн үнэлж, түүнийг салбарын шинэчлэл, Зэвсэгт хүчний шинэ технологи нэвтрүүлэх үйл явцтай холбон дэмжиж байжээ.
Фёдоров сайдын албан тушаалаасаа огцорсны дараа Украины улс төрийн тогтолцоо, сонгуулийн асуудлаар дахин идэвхтэй байр суурь илэрхийлж эхэлсэн нь анхаарал татаж буй юм.
Дайны нөхцөлд сонгууль явуулах эсэх асуудал нь Украины хувьд зөвхөн улс төрийн төдийгүй Үндсэн хууль, аюулгүй байдал, ардчиллын институцийн тогтвортой байдалтай холбоотой эмзэг асуудал хэвээр байна. Фёдоровын шинэ мэдэгдэл энэ маргааныг дахин олон нийтийн анхаарлын төвд оруулжээ.
Эх сурвалж: DW