ОХУ-ын ШУА-ийн П.Лебедевийн нэрэмжит Физикийн хүрээлэнгийн Астро-космосын төвийн Онолын астрофизик, сансар судлалын хэлтсийн ахлах судлаач Сергей Пилипенко РИА Новости агентлагт "Хар нүхүүд орон зайд шилжин хөдөлдөг нь тэд үүсэх үедээ жигд бус дэлбэрэлтээс хурд авах, эсвэл оддын бөөгнөрөл дэх бусад ододтой харилцан үйлчлэлцэхтэй холбоотой" гэж ярьжээ.
Түүний хэлснээр, хар нүхүүд ихэвчлэн масс ихтэй оддын амьдралын төгсгөлд үүсдэг аж. Одны цөмд цөмийн түлш дуусах үед цөмийг халааж, өндөр даралтыг хадгалан, таталцлын хүчийг сөрөх чадвар буурна. Үүний улмаас цөм маш хурдан агшиж, цохилтын долгион үүсэхийн зэрэгцээ одны гаднах бүрхүүлүүд сансарт цацагддаг. Ингэснээр супернова буюу хэт шинэ одны дэлбэрэлт болдог байна.
Пилипенко "Одны доторх хийн тархалт жигд бус байдаг учраас энэ дэлбэрэлт тэгш хэмтэй бус байж болно. Өөрөөр хэлбэл, нэг чиглэлд нөгөө чиглэлээс илүү их хэмжээний одны бодис цацагдана. Үүний улмаас дэлбэрэлт нь пуужингийн хөдөлгүүр шиг ажиллаж, хар нүхийг хурдасгадаг" гэж тайлбарлажээ.
Эрдэмтэн хар нүх үүсч, шилжин хөдөлдөг өөр нэг механизмыг мөн тайлбарласан байна. Ихэнх од дангаараа бус, харин оддын бөөгнөрөлд үүсдэг. Тэнд одод хоорондоо байнга харилцан үйлчлэлцэж, улмаар зарим нь ихээхэн хурдтайгаар бөөгнөрлөөсөө хөөгдөн гардаг байна.
Ахлах судлаач "Зарим од амьдралынхаа төгсгөлд хар нүх болон хувирсны дараа мөн адил бөөгнөрлөөсөө хөөгдөн гарч болно" гэж нэмж хэлжээ.
Ерөнхийдөө Галактикаар чөлөөтэй тэнүүчлэн хөдөлж буй хар нүхний тоо ямар нэгэн одны ойролцоо байрладаг хар нүхүүдээс илүү олон гэж үздэг байна.
Эрдэмтэн "Харин “хөдөлгөөнгүй” буюу одтой хамт оршдог хар нүхний хамгийн алдартай жишээ нь Хун X-1 (Cygnus X-1) хэмээх хос систем аж. Тус системд ойролцоогоор 20 нарны масстай хар нүх цэнхэр аварга одны эргэн тойронд тойрог замаар эргэлддэг. Аварга одноос ялгарч буй “оддын салхи” хар нүх рүү сорогддог бөгөөд үүний үр дүнд уг систем рентген туяаны мужид маш тод гэрэлтдэг" гэж тайлбарлажээ.
Эх сурвалж: RIA NOVOSTI