Францын тэрбумтан, LVMH группийн үүсгэн байгуулагч Бернар Арногийн хүү Фредерик Арно Монголд иржээ. Тэрбээр хэдхэн цагийн өмнө өөрийн Instagram хуудастаа Монгол Улсад байгааг илтгэх стори оруулсан байна.

Өдгөө 31 настай Фредерик Арно LVMH-ийн гэр бүлийн бизнесийн дараагийн үеийн гол төлөөлөгчдийн нэг. Тэр өмнө нь LVMH-ийн TAG Heuer цагны брэндийг удирдаж байсан бол 2025 оноос Италийн тансаг зэрэглэлийн Loro Piana брэндийн CEO-оор ажиллаж буй юм. Мөн Арногийн гэр бүлийн хөрөнгийг удирддаг Financière Agache холдингийн удирдлагад багтдаг.

Forbes-ийн 2026 оны мэдээллээр Бернар Арно болон түүний гэр бүлийн хөрөнгө хэдэн арван тэрбум ам.доллараар хэмжигдэж, LVMH нь Louis Vuitton, Dior, Tiffany & Co., Givenchy, Loro Piana зэрэг олон арван тансаг зэрэглэлийн брэндийг нэгтгэсэн дэлхийн хамгийн том luxury группүүдийн нэг хэвээр байна.

Forbes-ийн хамгийн сүүлийн профайлд LVMH-ийг 75 брэндтэй гэж дурдаж, Арногийн таван хүүхэд бүгд гэр бүлийн бизнест тодорхой үүрэгтэй ажилладаг гэжээ. Фредерик Арно бизнесийн хүрээнээс гадна BLACKPINK-ийн Лизатай үерхдэг гэх мэдээллээр сүүлийн жилүүдэд дэлхий дахинд илүү танигдсан билээ.

Монголд ямар зорилгоор ирэв?

Түүний Монгол дахь айлчлалын албан ёсны зорилгын талаар одоогийн байдлаар албан ёсны ямар нэгэн мэдээлэл нийтлэгдээгүй байна. Гэхдээ энэ айлчлал НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын COP17-той давхцаж байгаа нь анхаарал татаж байна. Зарим эх сурвалжууд Фредерик Арно COP17 хуралдаж оролцоно гэж мэдээлж буй юм. 

Учир нь,, энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо болж буй COP17-ын хүрээнд LVMH, Loro Piana, Odyssey Conservation Trust болон UNCCD хамтран тогтвортой ноолуур, бэлчээрийн менежмент, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох зэрэг асуудлаар хөтөлбөр хэрэгжүүлж байгаа талаар Sustainable Fibre Alliance мэдээлжээ.

Түүнчлэн LVMH өөрийн LIFE 360 тогтвортой хөгжлийн стратегийн хүрээнд биологийн олон янз байдлыг хамгаалах, экосистемийг нөхөн сэргээх, хариуцлагатай түүхий эдийн сүлжээ бий болгохыг зорьдог аж. Тус групп 2030 он гэхэд 5 сая га байгалийн амьдрах орчныг хамгаалах буюу нөхөн сэргээх зорилт тавьж, 2025 оны байдлаар 4.3 сая га-д хүрсэн байна.

Иймээс Фредерик Арно Монголд ирсэн нь LVMH-ийн тогтвортой хөгжлийн бодлого, Loro Piana-ийн түүхий эдийн нийлүүлэлт, эсвэл COP17-ын хүрээнд хэрэгжиж буй байгаль хамгааллын санаачилгатай холбоотой эсэх нь анхаарал татсан асуудал болж байна.