Гурвантэс XXXV төсөл туршилтын олборлолтоос арилжааны үйлдвэрлэл рүү ойртож байна. Хэрэв төсөл амжилттай хөгжвөл Монголын өмнөд бүсийн эрчим хүчний хангамжид шинэ эх үүсвэр бий болохын зэрэгцээ цаашид Хятадын хийн зах зээлд хүрэх боломж ч нээгдэж болзошгүй юм.
Бид энэ удаагийн “БИДНИЙ ТУХАЙ” буландаа Монголын эрчим хүчний салбарт ирээдүйд чухал ач холбогдолтой байж болох энэхүү төслийн талаарх мэдээллийг онцолж байна.
Монгол Улсын Өмнөговь аймгийн Гурвантэсийн сав газарт нүүрсний давхаргад хуримтлагдсан метан хийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэх төсөл сүүлийн жилүүдэд аажмаар урагшилсаар байна.
Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд төдийлөн өргөн хүрээнд яригддаггүй ч төслийн нөөц, байршил, цаашдын төлөвлөгөөг авч үзвэл, Монголын эрчим хүчний салбарт анхаарал татахуйц боломж бий болгож буй. Энэ бол Гурвантэс XXXV нүүрсний давхаргын метан хийн төсөл.
Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "TMK Energy" компани Өмнөговийн Гурвантэсийн сав газарт хэрэгжүүлж буй уг төслийн оператор. Төслийн талбай ойролцоогоор 8,400 км² юм. Компанийн мэдээлснээр, тус компани төслийг 100 хувь эзэмшиж буй бөгөөд одоогийн байдлаар хайгуул, үнэлгээний ажлаа үргэлжлүүлж байгаа юм.
Монголын газрын доор хэр их хий байна вэ?
Төслийн хамгийн их анхаарал татаж буй үзүүлэлт бол 1.2 их наяд куб фут буюу 1.2 TCF хэмжээний хийн нөөцийн үнэлгээ юм. "TMK Energy"-ийн мэдээлснээр Гурвантэс XXXV төслийн Нарийн сухайт хэсэгт 1.2 TCF-ийн 2C ангиллын нөхцөлт хийн нөөц тогтоогдсон бөгөөд цаашдын хайгуулаар 5.3 TCF хүртэлх 2U ангиллын боломжит нөөц байж болох тооцоо гарсан байна.
1.2 TCF нь ойролцоогоор 34 тэрбум куб метр хийтэй тэнцэнэ. Гэхдээ энэ тоог “Монгол Улс 34 тэрбум куб метр баталгаатай хийн нөөцтэй болсон” гэж ойлгох нь учир дутагдалтай. Учир нь, 2C буюу Contingent Resource гэдэг нь нөхцөлт нөөцийг илэрхийлдэг.
Тухайн нөөц оршин буй нь хангалттай үндэслэлтэй боловч түүнийг эдийн засгийн хувьд бүрэн ашигтайгаар олборлох боломж нь эцэслэн батлагдаагүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, газрын доорх хийн хэмжээг тогтоосон ч түүнийг ямар хэмжээгээр, ямар зардлаар, хэр удаан хугацаанд тогтвортой олборлож чадах вэ гэдэг нь цаашдын туршилт, судалгаагаар тодорхой болох аж.
Энэ төслийн тухайд “Гурвантэс XXXV талбайд 1.2 TCF буюу 34 тэрбум орчим куб метрийн 2C ангиллын нөхцөлт хийн нөөц тогтоогдсон” гэж тодорхойлох нь илүү зөв.
Хий газрын гадарга дээр бодитоор гарч байна

Гурвантэс XXXV төслийн ач холбогдол нь зөвхөн газрын доорх нөөцийн үнэлгээгээр хязгаарлагдахгүй. Туршилтын худгуудаар хий бодитоор гарч буй нь төсөл дараагийн шатанд шилжихэд чухал үзүүлэлт болж байна.
Төслийн Lucky Fox хэсэгт олборлолтын худгууд ажиллаж байгаа аж. "TMK Energy"-ийн мэдээлснээр, одоогийн байдлаар долоон олборлолтын худагтай. Мөн 2026 онд нэмэлт худаг өрөмдөж, олборлолтын боломжийг цаашид нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Гэхдээ энд нэг чухал ялгааг ойлгох шаардлагатай. Газрын доороос хий илрүүлж, туршилтаар олборлож байгаа нь нэг хэрэг бол түүнийг их хэмжээгээр, тогтвортой, эдийн засгийн хувьд ашигтайгаар олборлох нь өөр асуудал.
Нүүрсний давхаргын метан хийн олборлолтын үед худгийн даралтыг бууруулах, давхаргын усыг зайлуулах, улмаар хийн урсгалыг тогтворжуулах зэрэг хэд хэдэн үе шат шаардлагатай. Гурвантэсийн төслийн одоогийн туршилтын олборлолт нь чухам энэ боломжийг бодитоор шалгаж буй үе шат аж.
Хийгээр цахилгаан үйлдвэрлэх боломж
Төслийн цаашдын хамгийн сонирхолтой чиглэлүүдийн нэг нь олборлосон метан хийг ашиглан цахилгаан үйлдвэрлэх буюу Gas-to-Power шийдэл.
Гурвантэсийн бүс нутаг нь Монголын томоохон нүүрсний уурхайнууд төвлөрсөн Өмнөговийн бүсэд оршдог бөгөөд уул уурхайн үйлдвэрлэл өсөн нэмэгдэхийн хэрээр найдвартай эрчим хүчний хэрэгцээ ч нэмэгдэж буй.
Ийм нөхцөлд газрын доорх метан хийг олборлон, хийн хөдөлгүүрээр цахилгаан үйлдвэрлэж, ойролцоох уурхайнуудын хэрэгцээг хангах боломж нь төслийн хамгийн бодитой хэрэглээний нэг байж болох нь.
Өөрөөр хэлбэл, газрын доорх метан хий → цахилгаан үйлдвэрлэл → уурхайн хэрэглээ гэсэн хэлхээг бий болгож чадвал Гурвантэсийн төсөл зөвхөн хийн олборлолтын төсөл биш, бүс нутгийн эрчим хүчний эх үүсвэрийн нэг хэсэг болох боломжтой.
Яагаад Гурвантэсийн байршил чухал вэ?

Төслийн бас нэг том давуу тал нь газарзүйн байршил юм. Гурвантэс XXXV нь Монголын өмнөд хэсэгт, Хятадын хилтэй маш ойр оршдог. Энэ нь нэг талаас Өмнөговийн уул уурхайн томоохон хэрэглэгчдэд ойр, нөгөө талаас урт хугацаанд Хятадын эрчим хүчний зах зээлд гарах боломжийг судлахад газарзүйн давуу тал бий болгож байгаа аж.
"TMK Energy"-ийн мэдээллээр, төслийн талбай Хятадын хилээс 20 км хүрэхгүй зайд байрладаг, Хятадын West-East Gas Pipeline-ийн дэд бүтцээс ойролцоогоор 400 км-ийн зайтай.
Энэ нөхцөл байдал нь ирээдүйд хоёр үндсэн боломж бий болгож болох аж. Нэгдүгээрт, олборлосон хийг Өмнөговийн уурхайнуудын эрчим хүчний хэрэгцээнд ашиглах. Хоёрдугаарт, хэрэв олборлолтын хэмжээ арилжааны том түвшинд хүрч, шаардлагатай дэд бүтэц бий болж чадвал Хятадын зах зээлд нийлүүлэх боломжийг судлах явдал.
Гэхдээ энэ нь Монгол Улс одоо Хятад руу хий экспортолж эхэлсэн гэсэн үг биш. Экспортын бодит боломж бий болгохын тулд олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх, боловсруулах болон дамжуулах дэд бүтэц байгуулах, экспортын гэрээ байгуулах, Монголын хууль тогтоомж болон Хятадын импортын шаардлагыг хангах зэрэг олон шат дамжлагыг давах шаардлагатай болно.
Монголын төрийн хүртэх өгөөж ямар байх вэ?
Гурвантэс XXXV төслийн тухай ярих үед хамгийн их анхаарах ёстой асуудлын нэг нь Монгол Улс энэхүү төслөөс ямар өгөөж хүртэх вэ гэдэг асуулт юм.
Төсөл нь Production Sharing Agreement буюу бүтээгдэхүүн хуваах гэрээний үндсэн дээр хэрэгжиж буй. 2022 онд нийтэд ил болсон гэрээний нөхцөлийн тоймд гэрээний эхний хугацааг 10 жилээр тогтоож, гарын үсгийн бонус 50 мянган ам.доллар, сургалт, захиргаа болон орон нутгийн хөгжлийн төлбөрт жилд 90 мянган ам.доллар, лицензийн төлбөрт жилд ойролцоогоор 25,200 ам.доллар, мөн төрийн роялти 15 хувь байхаар тусгасан талаар мэдээлсэн байдаг.
Гэхдээ энд “Монгол Улс хийн орлогын 15 хувийг авна” гэж ойлгож болохгүй. 15 хувь нь роялти бөгөөд бүтээгдэхүүн хуваах гэрээний хүрээнд төрийн хүртэх нийт өгөөж үүгээр хязгаарлагдахгүй. Үйлдвэрлэлийн хуваарилалт, зардал нөхөлт, татвар болон бусад гэрээний нөхцөлүүд нь Монголын төрийн нийт хүртэх өгөөжид нөлөөлнө.
Тиймээс одоогийн мэдээлэлд үндэслэн Монгол Улс төслөөс яг хэдэн хувийн нийт өгөөж хүртэхийг шууд тооцох боломжгүй. Хийн үнэ, олборлолтын хэмжээ, хөрөнгө оруулалтын зардал, үйл ажиллагааны зардал зэрэг олон хүчин зүйл эцсийн дүнг тодорхойлно.
34 тэрбум куб метр гэдэг ямар хэмжээ вэ?
1.2 TCF буюу ойролцоогоор 34 тэрбум куб метр гэсэн анхаарал татахуйц том тоо боловч үүнийг өнөөгийн олборлолтын хэмжээтэй андуурч болохгүй. Төслийн туршилтын олборлолтын хэмжээ одоогийн байдлаар өдөрт хэдэн зуун куб метрийн түвшинд буй бөгөөд өмнөх мэдээллүүдэд өдөрт 800 орчим куб метр хэмжээг дурдсан байдаг. Энэ нь 34 тэрбум куб метрийн нөхцөлт нөөцийн үнэлгээтэй харьцуулахад маш бага хэмжээ юм.
Ингээд харахад, төслийн өмнө байгаа хамгийн том сорилт тодорхой болно. Газрын доорх хийг илрүүлсэн нь хангалтгүй. Түүнийг эдийн засгийн хувьд ашигтай, тогтвортой, их хэмжээгээр олборлож чадах эсэхийг батлах нь төслийн жинхэнэ шалгуур билээ.
Боломжийн зэрэгцээ эрсдэл бий
Гурвантэс XXXV төслийг зөвхөн эерэг талаас нь харвал бодит байдлыг дутуу үнэлэх эрсдэлтэй. Нэгдүгээрт, 1.2 TCF нь нөхцөлт нөөц учраас уг хийг бүхэлд нь эдийн засгийн хувьд ашигтайгаар олборлоно гэсэн баталгаа одоогийн байдлаар байхгүй.
Хоёрдугаарт, өнөөгийн туршилтын олборлолтын хэмжээ Монголын үндэсний эрчим хүчний хэрэглээнд шууд томоохон өөрчлөлт авчрах хэмжээнд хүрээгүй байна. Гуравдугаарт, олборлосон хийг боловсруулах, хадгалах, дамжуулах, цахилгаан үйлдвэрлэх болон цаашид экспортлохын тулд их хэмжээний дэд бүтэц, хөрөнгө оруулалт шаардлагатай.
Үүнээс гадна усны асуудал ч онцгой анхаарал татах билээ. Нүүрсний давхаргын метан хий олборлох явцад давхаргын усыг зайлуулж, даралтыг бууруулах шаардлагатай байдаг тул усны хэрэглээ, зайлуулалт, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг зөв зохистой удирдах нь төслийн урт хугацааны тогтвортой байдлын чухал нөхцөл болох юм.
Монголд ямар боломж авчрах вэ?
Хэрэв төсөл дараагийн шатандаа амжилттай шилжиж, арилжааны олборлолтоо эхлүүлж чадвал Монгол Улсад хэд хэдэн боломж бий болж болно. Юуны өмнө Өмнөговийн уул уурхайн бүсийн эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлж, дотоодын хийн эх үүсвэрээр тодорхой хэмжээний цахилгаан үйлдвэрлэх боломжтой. Мөн цаашид дотоодын түлшний хэрэглээнд ашиглах, улсын төсөвт роялти болон татварын орлого төвлөрүүлэх, шинэ технологи, мэргэжлийн ажлын байр бий болгох боломжтой.
Хэрэв олборлолтын хэмжээ хангалттай нэмэгдэж, шаардлагатай дэд бүтэц бүрдэж чадвал Монголын Хятадтай хил залгаа байршил цаашид хийн экспортын боломжийг ч бий болгож болох юм.
Гэхдээ хамгийн том асуулт одоо л эхэлж байна
Гурвантэс XXXV төслийн өнөөгийн байдлыг нэг өгүүлбэрээр дүгнэвэл, Монголын говийн гүнд ашиглах боломжтой метан хий байгааг туршилтын олборлолт харуулж байна. Харин тэр хийг том хэмжээгээр, тогтвортой, эдийн засгийн хувьд ашигтайгаар олборлож чадах эсэхийг цаашдын үйл явц шийднэ.
Өнөөдөр яригдаж буй 1.2 TCF буюу 34 тэрбум орчим куб метр нь 2C ангиллын нөхцөлт нөөц бөгөөд цаашдын хайгуулаар 5.3 TCF хүртэлх 2U ангиллын боломжит нөөц байж болох талаар компани мэдээлж байна. Гэвч эдгээр тоог шууд олборлох боломжтой баталгаат нөөц гэж ойлгох ёсгүй.
Иймээс Гурвантэс XXXV төслийн жинхэнэ амжилтыг зөвхөн газрын доорх хийн хэмжээгээр бус, өдөрт хэдий хэмжээний хий тогтвортой олборлож чадах, олборлолтын өртөг ямар байх, түүнийг хэрхэн цахилгаан болгон ашиглах, улмаар шаардлагатай тохиолдолд ямар дэд бүтцээр зах зээлд хүргэх вэ гэдгээр нь хэмжих учиртай.
Эх сурвалж: PETROLIUM AUSTRALIA, NATURAL GAS WORLD, TMK ENERGY, SMALL CAPS