Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2026 оны наймдугаар сарын 12-нд ээлжит бусаар хуралдаж, инфляцын хүлээлт нэмэгдэж, нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлтийн эдийн засагт үзүүлэх дам нөлөө өргөжих эрсдэлтэй байгааг харгалзан мөнгөний бодлогын төлөвийг чангаруулах шийдвэр гаргалаа.

Тус хороо бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж, 12.5 хувьд, банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг мөн 0.5 нэгж хувиар өсгөж, 14.5 хувьд хүргэхээр шийдвэрлэсэн байна. Энэхүү шийдвэр нь инфляцыг зорилтот түвшинд буцаан тогтворжуулах, иргэд болон аж ахуйн нэгжүүдийн инфляцын хүлээлтийг удирдах, нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлт эдийн засгийн бусад салбар, бараа үйлчилгээний үнэд дамжин нөлөөлөхөөс сэргийлэхэд чиглэжээ.

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт шийдвэрийг танилцуулах үеэр хэлэхдээ, мөнгөний бодлогын арга хэмжээг зөвхөн өнөөгийн инфляцын түвшнийг бууруулах зорилгоор бус, нийлүүлэлтийн гаралтай анхны шокийг өргөн хүрээний, удаан үргэлжлэх инфляц болгон даамжрахаас урьдчилан сэргийлэхэд чиглүүлж буйг онцлов.

Монгол Улсын жилийн инфляц 2026 оны долдугаар сард улсын хэмжээнд болон Улаанбаатарт  13 хувьд хүрсэн. Инфляцын өсөлтийн гол хэсгийг хүнс, шатахуун болон төрийн зохицуулалттай бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт бүрдүүлжээ. Тодруулбал, нийт инфляцын 6.5 нэгж хувийг дотоодын хүнсний үнэ, 1.2 нэгж хувийг шатахуун, 0.8 нэгж хувийг төрийн зохицуулалттай бүтээгдэхүүний үнэ бүрдүүлсэн байна.

Үүний зэрэгцээ суурь инфляцын өсөлт Монголбанкны анхаарлыг татаж буй аж. Суурь инфляц долдугаар сард өмнөх сараас 0.8 нэгж хувиар нэмэгдэж, 6.9 хувьд хүрсэн нь нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлт зөвхөн тодорхой барааны үнээр хязгаарлагдахгүй, үйлчилгээ болон бусад бараа, бүтээгдэхүүний өртөгт дамжин нөлөөлж эхэлж болзошгүйг харуулж байгаа юм. Ийм дам нөлөө өргөжвөл инфляцын хүлээлт тогтворгүй болж, үнийн өсөлт удаан хугацаанд хадгалагдах эрсдэлтэй гэж Монголбанк үзэж байна.

Шатахууны үнийн өсөлт энэ эрсдэлийг нэмэгдүүлж буй гол хүчин зүйлсийн нэг болжээ. Долдугаар сард дотоодын шатахууны үнэ нэмэгдэж, АИ-92 автобензин 250 төгрөгөөр, АИ-92 Евро автобензин ойролцоогоор 200 төгрөгөөр, АИ-95 автобензин 63 төгрөгөөр тус тус өссөн байна. Шатахууны үнэ нэмэгдэх нь тээврийн зардлаар дамжин үйлдвэрлэл, үйлчилгээ болон бусад бараа, бүтээгдэхүүний өртгийг өсгөж, улмаар суурь инфляцад дарамт үзүүлэх эрсдэлтэй.

Гадаад орчин ч тодорхой бус хэвээр байна. Геополитикийн хурцадмал байдал болон эрчим хүчний үнийн хэлбэлзэл нь дэлхийн инфляцын дарамтыг нэмэгдүүлж байгаа бөгөөд томоохон төв банкуудын бодлогын хүүг цаашид өсгөх хүлээлт давамгайлж буй.

Ялангуяа Ойрхи Дорнодын геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалан шатахууны нийлүүлэлт хязгаарлагдах, дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ өсөх тохиолдолд Монголын инфляц төсөөлж байснаас өндөр гарах эрсдэлтэй билээ.

Гэвч дотоодын хүнсний нийлүүлэлт нэмэгдэж буй нь инфляц саарахад эерэгээр нөлөөлөх төлөвтэй байгаа аж. Үндэсний их баяр наадмын дараа махны нийлүүлэлт нэмэгдэж, үнэ буурч эхэлсэн бөгөөд наймдугаар сараас мах, хүнсний ногооны нийлүүлэлт цаашид нэмэгдэх хүлээлттэй буй юм байна. Үүний үр дүнд хүнсний инфляц саарах боломжтой гэж Монголбанк тооцоолжээ.

Хэрэв нэмж нийлүүлэлтийн томоохон шок үүсэхгүй, шатахууны үнийн өсөлт цаашид эрчимжихгүй бол инфляц аажмаар буурч, ирэх оны дунд үеэс зорилтот интервалд орж тогтворжих төлөвтэй байгаа аж. Харин шатахууны нийлүүлэлтийн хязгаарлалт удаан үргэлжлэх, гадаад үнийн өсөлт нэмэгдэх зэрэг эрсдэл үүсвэл инфляц төсөөлж байснаас өндөр түвшинд хадгалагдаж болзошгүй юм байна.

Нөгөө талаас Монголын эдийн засгийн өсөлт харьцангуй өндөр түвшинд буй. Эдийн засгийн өсөлт 2026 оны эхний таван сард 7.3 хувьтай гарсан бөгөөд уул уурхайн салбар болон түүнтэй холбоотой тээврийн салбарын идэвхжил өсөлтийг голлон дэмжжээ.

Нүүрс, зэс зэрэг уул уурхайн гол бүтээгдэхүүний үнэ өсөж, экспортын биет хэмжээ оны эхнээс нэмэгдсэн нь худалдааны нөхцөлийг сайжруулж, төлбөрийн тэнцэл болон эдийн засгийн идэвхжилд эерэгээр нөлөөлсөн байна.

Экспортын орлого нэмэгдсэнээр Монгол Улсын төлбөрийн тэнцэл оны эхний хагаст 567 сая ам.долларын ашигтай гарч, гадаад валютын улсын нөөц түүхэн дээд хэмжээ болох 7.9 тэрбум ам.долларт хүрчээ. Экспортын орлого өмнөх оны мөн үеэс 58 хувиар өссөн бөгөөд нүүрсний экспорт 51 хувь, зэсийн баяжмалын экспорт 97 хувиар тус тус нэмэгдсэн байна.

Оны эхний улиралд буурсан импорт хоёрдугаар улиралд эргэн өсөж, үүнд нефтийн бүтээгдэхүүн, уул уурхайн машин механизм болон хөрөнгө оруулалтын барааны импорт нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Гэвч уул уурхайгаас хамаарал багатай салбаруудын өсөлт харьцангуй сул хэвээр бөгөөд цаашдын эдийн засгийн төлөв нь геополитикийн нөхцөл байдал, түүхий эдийн үнэ, гадаад эрэлт, төсвийн бодлого болон дотоодын бүтээн байгуулалтын төслүүдийн хэрэгжилтээс ихээхэн шалтгаалахаар байгаа аж.

Мөн иргэдийн инфляцын хүлээлт нэмэгдсэн нь мөнгөний бодлогын шийдвэрт нөлөөлсөн чухал хүчин зүйл болжээ. Зургадугаар сард хийсэн түүвэр судалгаагаар иргэдийн инфляцын хүлээлт бодит инфляцын өсөлттэй уялдан нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, иргэд үнийн өсөлт зөвхөн цөөн бараа, үйлчилгээний хүрээнд үлдэхгүй, ирэх 12 сарын хугацаанд үргэлжилж, инфляц зорилтот түвшнээс өндөр байх эрсдэлтэй гэж үзэх хандлага нэмэгджээ.

Инфляцын хүлээлт өндөр байх нь аж ахуйн нэгжүүдийн үнэ, цалингийн шийдвэр болон өрхийн хэрэглээнд нөлөөлж, нийлүүлэлтийн гаралтай анхны үнийн шокийг илүү өргөн хүрээтэй инфляц болгон хувиргах эрсдэлтэй. Иймд Монголбанк инфляц бодитойгоор нэмэгдсэний дараа арга хэмжээ авахаас илүүтэйгээр инфляцын хүлээлтийг урьдчилан тогтворжуулах шаардлагатай гэж үзэн, бодлогын төлөвөө чангаруулжээ.

Монголбанкны тооцооллоор, дэлхийн нефтийн зах зээлд нэмэлт томоохон шок үүсэхгүй, геополитикийн нөхцөл байдал аажмаар намжиж, дотоодын хүнсний нийлүүлэлт хэвийн үргэлжилвэл инфляц ирэх онд буурч, зорилтот түвшиндээ ойртох боломжтой аж. Гэвч гадаад болон дотоод орчны тодорхой бус байдал өндөр хэвээр байгаа тул инфляцын эрсдэлийг анхааралтай хянах шаардлагатай гэж Монголбанк үзэж байна.

Иймд Мөнгөний бодлогын хороо цаашид инфляцын өрнөл, нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлс, гадаад болон дотоод эдийн засгийн төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч бодлогын хүүгийн дараагийн шийдвэрийг тухай бүр гаргахаар болжээ.

Монголбанк инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд тогтворжуулах, төгрөгийн худалдан авах чадварыг хамгаалах, эдийн засаг болон санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалах бодлогын зорилтоо тууштай хэрэгжүүлэхээ мэдэгдлээ.