Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусан хотноо болсон ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганаар Монгол Улсын анхны төрт улсын үнэт өв болох “Хүннүгийн язгууртнуудын булш бунхан”-ыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад албан ёсоор бүртгэсэн түүхэн шийдвэр гарсан билээ.
Энэхүү түүхэн үйл явдалтай давхцуулан “Чингис хаан” үндэсний музейн санаачилгаар хэрэгжүүлдэг “Хаадын зам” соёл, аялал жуулчлалын үйл ажиллагааны хүрээнд Төв аймгийн Баянцагаан сумын нутаг дахь "Чихэртийн зоо" хэмээх газарт “Хаадын хүлэг” ёслолын арга хэмжээг наймдугаар сарын 1-ний өдөр зохион байгуулав.
“Хаадын зам” төсөл ЮНЕСКО-ийн Дэлхийн өв болох Бурхан Халдунаас эхлэн Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хүртэлх түүх, соёлын аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэх, хаад язгууртны өв соёлыг сурталчлах зорилготой бөгөөд энэ жил дөрөв дэх удаагаа зохион байгуулагдсан юм.

“Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулуун арга хэмжээг нээж хэлэхдээ “Баянцагаан сум Монгол Улсын 330 гаруй сумаас хүлэг морьдоороо алдартай нутаг. Энэ л хүлэг морьдыг унан хүн төрөлхтний анхны төрт улсыг байгуулсан Хүннүгийн язгууртнуудын цогцолбор булш Чихэртийн зоонд хоёр мянган жилийн турш хадгалагдсаар иржээ.
Өнөөдөр энэхүү дурсгал Монгол Улсын төдийгүй нийт хүн төрөлхтний хамтын өв болж, дэлхий нийтээрээ хамгаалан хадгалж, сурталчлан түгээн дэлгэрүүлэх түүхэн цаг үе тохиож байна. "Чихэртийн" зоо дахь Хүннүгийн язгууртны дурсгал нь Монгол нутгаас илэрсэн хамгийн эртний язгууртны булшны цогцолборуудын нэг бөгөөд эрдэмтдийн судалгаагаар Модун Шаньюйн үеийнх байх магадлалтай аж.
Ийнхүү тал хээрийн бүсийн сумын нутаг дахь анхны төрт улсын дурсгал ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн нь онцгой ач холбогдолтой үйл явдал болж байна” хэмээн онцоллоо.

Чихэртийн зоо нь Монголын анхны төрт улс болох Хүннүгийн эзэнт гүрний түүх, соёлтой салшгүй холбоотой археологийн цогцолбор юм. Эндэхийн Хүннүгийн язгууртны булш нь зохион байгуулалтын өвөрмөц бүтэцтэй төдийгүй он цагийн хувьд Хүннү гүрний хүчирхэгжин мандаж байсан эхэн үед хамаардагаараа эрдэм шинжилгээний өндөр ач холбогдолтойд тооцогддог билээ.
Археологийн хээрийн малтлага, судалгааны ажлын хүрээнд зөвхөн булшны цогцолборыг судлаад зогсохгүй Баянцагаан сумын нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамарсан археологийн хайгуул зохион байгуулжээ. Үүний үр дүнд шинээр 370 гаруй археологийн дурсгал илрүүлэн баримтжуулсан нь тус бүс нутгийн түүх, соёлын өвийн үнэ цэнийг улам бататгаж байна.

ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад “Хүннүгийн язгууртнуудын булш бунхан” бүртгэгдсэн нь Монголын төрт ёсны эх сурвалж, нүүдэлчдийн соёл иргэншлийн үнэт өвийг дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрсөн түүхэн үйл явдал бөгөөд цаашид хамгаалах, судлах, олон нийтэд сурталчлан таниулах үйл ажиллагаанд шинэ боломжийг нээж буй юм.