Монгол Улсын Засгийн газраас орон сууцны залилангийн хохирогчдын хохирлыг барагдуулах асуудлаар ХЗДХ-ийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдахаар боллоо.
Энэ тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан “Баригдаж дуусаагүй барилгуудыг дуудлага худалдаанд оруулж, хуулийн дагуу улсын орлого болгож төвлөрүүлэх, түүнээс олсон орлогоор хохирсон иргэдийн хохирлыг барагдуулах арга хэмжээг ойрын хугацаанд авч хэрэгжүүлнэ.
Цагдаагийн байгууллагад сүүлийн гурван жилийн (2024-2026) байдлаар 39.665 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна. Үүнээс “Орон сууцны захиалга” авч бусдыг залилсан 1167 хэрэг бүртгэгдэж, холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Өнгөрсөн хугацаанд энэ хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учраад байгаа юм. Тиймээс хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг эрчимжүүлж, иргэдийн хохирлыг барагдуулах тал дээр анхаарна” гэж мэдээллээ.
Хууль зүй дотоод хэргийн яамнаас Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай дагалдах хуулийн төслүүдийг боловсруулж санал авч байна.
Хуульд Нэгдүгээрт, баригдаж дуусаагүй нийтийн зориулалттай орон сууцны байшингийн бүртгэлийн бие даасан тогтолцоог шинээр бий болгож, баригдаж дуусаагүй орон сууцны байшинг сууц, талбайн нэгж бүрээр заавал бүртгэхээр тусгасан.
Хоёрдугаарт, баригдаж дуусаагүй нийтийн зориулалттай орон сууцны байшингийн сууц, талбайтай холбоотой эрхийг хамгаалах зорилгоор заавал хийх урьдчилсан тэмдэглэлийн тогтолцоог бий болгохоор тусгасан.
Гуравдугаарт, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дэвсгэр болон орчны газартай холбоотой эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож “нийтийн зориулалттай орон сууцны байшингийн өмчлөгчдийн дундаа газар эзэмших хязгаарлагдмал эрх” гэсэн эд хөрөнгийн хязгаарлагдмал эрхийн шинэ төрлийг бий болгохоор тусгажээ.
Хуулийн төсөл батлагдсанаар баригдаж дуусаагүй нийтийн зориулалттай орон сууцны байшинг нэгж сууц, талбай бүрээр хаягжуулж, хувийн хэрэг нээн улсын бүртгэлд заавал бүртгэх эрх зүйн үндэс бүрдэх аж.
Мөн бүртгэлийн мэдээлэл ил тод, нээлттэй, иргэн, хуулийн этгээд тухайн сууц, талбайн эрхийн байдал, захиалгын гэрээ, урьдчилсан тэмдэглэл, барьцаа, эрхийн хязгаарлалт болон бусад холбогдох мэдээллийг урьдчилан нягтлах боломжтой болно.
Дуусаагүй орон сууцны байшингийн улсын бүртгэл, барилгын зөвшөөрөл, газрын эрх, хаягжилт болон кадастрын мэдээллийн сангийн уялдаа холбоо сайжирч, бүртгэлийн мэдээллийн зөрүү, давхардал, хийдэл арилна.
Орон сууц захиалагчийн өмчлөх эрх баталгаажиж, иргэдийг эд хөрөнгийн маргаан, залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх, барилга захиалагч болон барилгын үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийн хариуцлагыг дээшлүүлэх эрх зүйн орчин бүрдэх юм.
НЭР НҮҮРЭЭ НУУСАН ХУУРАМЧ, СОШИАЛ ХАЯГУУДЫГ ХЯЗГААРЛАЖ, ЗАЛИЛАНГИЙН ГЭМТ ХЭРГҮҮДИЙГ ТАСЛАН ЗОГСООНО
Өнгөрсөн бямба гарагт болсон Хууль зүй дотоод хэргийн сайдын өргөтгөсөн хуралдаанаар хууль хяналтын болон харилцаа харилцаа холбооны байгууллагуудтай хамтран цахим орчин, сошиал сүлжээн дэх хууль бус, хортой агуулгатай мэдээ мэдээлэлд хариу арга хэмжээ авах салбар дундын ажлын хэсгийг байгуулахаар болсон.
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан “Тролл буюу хуурамч хаягаас олон нийтийг өдөөн хатгасан уриалан дуудсан, элдэв гаж агуулга бүхий контент үйлдвэрлэж түгээх, элдэв санал асуулга явуулах, сугалаа, төлбөрт тоглоом зэрэг хууль бүс үйл ажиллагаануудыг явуулж Үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулах хэмжээнд хүрсэн. Тиймээс дээрх этгээдүүдийг эхнээс нь илрүүлж, хуулийн хариуцлага хүлээлгэж байна. Өөрөөр хэлбэл, хууль хариуцлага хоёр энэ этгээдүүдийн араас хамт дагаж явна.
Мөн үзэл бодлоо илэрхийлэх нэрээр бусдын нэр хүндэд халдах асуудалд хатуу арга хэмжээ авна. Өөрөөр хэлбэл, иргэний дуу хоолойг боймлох бус хортой мэдээллийн тархалтыг зогсоох зорилготой. Мөн ирэх хичээлийн жилээс сошиал сүлжээг хичээл, сургалтын үйл ажиллагаанд ашиглахгүй байхаар БСШУ-ны сайдтай хамарч ажиллана” гэсэн юм.
Монгол Улсын цахим хэрэглэгчид дунд 400,000 хуурамч хаяг байна. Үүний нэг хувь буюу 4000 хаяг нэгэн зэрэг худал мэдээлэл тараахад харилцан үйлчлэлийн онолоор 800,000 цахим хэрэглэгч буюу Улаанбаатар хотын нийт хүн амын 50 хувь-д хүрч мэдээллийн манипулиац хийх бодит аюул байна. Тиймээс сошиал орчин дах хяналт хязгаарлалтыг эрчимжүүлэх шаардлага байна гэдгийг энэ үеэр онцлов.