Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн чиг үүргийг шинэ шатанд гаргаж, иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах тогтолцоог боловсронгуй болгох зорилготой хоёр томоохон хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Тодруулбал,
УИХ-ын дарга С.Бямбацогтод өчигдөр (2026.06.29) УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин тэргүүтэй 55 гишүүн "Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай" болон "Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай" хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсан билээ.
Энэхүү хууль нь зөвхөн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэхээс гадна Монгол Улсад Үндсэн хуулийн шүүхийн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, иргэдийн үндсэн эрхийг хамгаалах бодит механизмыг бий болгох зорилготойгоороо онцлог юм.
30 жил яригдсан шинэчлэл бодит ажил болох шатандаа хүрэв
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хуулийн төслийг танилцуулахдаа Үндсэн хуулийн цэц хүний эрхийг хамгаалах чиг үүргийг өргөжүүлэх асуудал Монголд бараг 30 жилийн турш яригдсан ч бодит эрх зүйн шийдэлд хүрээгүйг онцолсон.
Тэрбээр 23 жилийн өмнө батлагдсан Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрт хүртэл Үндсэн хуулийн цэцийг хүний эрхийн хамгаалалтад илүү идэвхтэй оролцдог байгууллага болгох зорилт туссан ч өнөөдрийг хүртэл бүрэн хэрэгжээгүй байгааг дурдсан юм.
Мөн өмнөх парламентын үед УИХ-ын гишүүн асан Ц.Мөнх-Оргилын боловсруулсан судалгаа, харьцуулалт, тооцоолол зэрэг бэлтгэл ажлыг энэхүү төсөлд ашигласан бөгөөд хууль боловсруулах бүх шаардлагыг хангаж байгааг тэмдэглэсэн.
Иргэн өөрийн үндсэн эрхээ хамгаалуулахаар шууд Цэцэд хандах боломжтой болно
Хуулийн төслийн хамгийн том шинэчлэл нь Үндсэн хуулийн цэц иргэдийн үндсэн эрх, эрх чөлөө зөрчигдсөн асуудлыг шууд хянан шийдвэрлэх эрхтэй болох зохицуулалт юм.
Өөрөөр хэлбэл, иргэн Үндсэн хуульд заасан эрхээ төрийн байгууллага, хууль тогтоомж, албан тушаалтны шийдвэрээр зөрчигдсөн гэж үзвэл Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргаж, асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой болох ажээ.
Төсөл санаачлагчдын үзэж буйгаар, энэ өөрчлөлт хэрэгжсэнээр Үндсэн хуульд тунхагласан хүний эрх, эрх чөлөө зөвхөн онолын түвшинд бус, бодит амьдрал дээр хамгаалагддаг тогтолцоо бүрдэх нь.
Үндсэн хуулийн цэцийг жинхэнэ Үндсэн хуулийн шүүх болгон төлөвшүүлнэ
Шинэчилсэн найруулгын төсөлд Үндсэн хуулийн цэцийн эрх зүйн статусыг илүү тодорхой болгож, Үндсэн хуулийн шүүхийн шинжийг бүрэн тусгажээ. Тухайлбал:
-Цэцийн үйл ажиллагааны үндсэн зарчим;
-Цэцийн гишүүнд тавигдах шаардлага, томилгооны журам;
-Гишүүний бүрэн эрх эхлэх, дуусгавар болох нөхцөл;
-Цэцийн даргын бүрэн эрх;
-Тамгын газрын бүтэц, чиг үүрэг;
-Санхүү, төсвийн хараат бус байдлыг хуульчилсан байна.
Мөн Цэцийн гишүүд улс төрийн болон бусад аливаа нөлөөллөөс ангид, бие даан ажиллах эрх зүйн баталгааг илүү нарийвчлан тусгажээ.
Маргаан шийдвэрлэх ажиллагааг олон улсын жишигт нийцүүлнэ
"Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай" хуулийн шинэчилсэн найруулгаар Үндсэн хуулийн процессын ажиллагааг дэлхийн жишигт нийцүүлэхээр тусгасан байна. Тухайлбал, Цэц:
-иргэдийн өргөдөл,
-эрх бүхий байгууллага, албан тушаалтны хүсэлт,
-өөрийн санаачилгаар,
-төрийн байгууллагуудын эрх мэдлийн маргааныг тус тус хянан шийдвэрлэх эрхтэй болох ажээ.
Мөн Цэцэд ирсэн өргөдөл бүрийг шууд гишүүдээр хэлэлцүүлэх бус, эхлээд Тамгын газрын хуульчид хэлбэрийн болон хууль зүйн шаардлага хангасан эсэхийг шалгах зохицуулалтыг тусгасан байна. Ингэснээр үндэслэлгүй, шаардлага хангаагүй өргөдлөөс үүдэн Цэцийн гишүүдэд үүсдэг зохиомол ачааллыг бууруулах боломжтой гэж үзжээ.
Шийдвэрийг илүү ойлгомжтой, үндэслэлтэй болгоно
Хуулийн төсөлд Цэцийн шийдвэрийг зөвхөн дүгнэлт хэлбэрээр бус, онолын үндэслэлтэй, дэлгэрэнгүй тайлбар бүхий баримт бичиг болгон боловсруулах шаардлагыг тусгажээ.
Үүний дагуу Цэц хуралдаан дууссанаас хойш хоёр сарын дотор шийдвэрээ бүрэн эхээр нь боловсруулж, ёсчилж, олон нийтэд зориулан нийтлэх бөгөөд эмхэтгэн хэвлэдэг тогтолцоог хуульчлахаар төлөвлөсөн байна.
Түүнчлэн маргаанд оролцогчдын эрх, үүргийг тодорхой болгож, Цэцийн үйл ажиллагааг үл хүндэтгэсэн, хуралдааны дэг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг ч нарийвчлан зохицуулжээ.
Хүний эрхийн хамгаалалтад шинэ хуудас нээх өөрчлөлт
Хууль санаачлагчдын үзэж буйгаар, эдгээр өөрчлөлт хэрэгжсэнээр Үндсэн хуулийн цэц зөвхөн хууль, тогтоолын Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг дүгнэдэг байгууллага байхаас гадна иргэний үндсэн эрх, эрх чөлөөг бодитоор хамгаалдаг Үндсэн хуулийн шүүх болон хөгжих эрх зүйн үндэс бүрдэх аж.
Түүнчлэн төрийн эрх мэдлийн хуваарилалтыг хангах, Үндсэн хуулийг дээдлэх зарчмыг бэхжүүлэх, хүний эрхийн зөрчлийг Үндсэн хуулийн түвшинд шийдвэрлэх тогтолцоо бүрдэж, Монголын эрх зүйн тогтолцоонд сүүлийн жилүүдийн хамгийн том институцийн шинэчлэлийн нэг болох боломжтой гэж төсөл санаачлагчид үзжээ.