Монголбанкны Мөнгөний бодлогын хороо зургадугаар сарын 23, 24-ний өдрүүдэд мөнгөний бодлогын асуудлаар ээлжит хурлаа хийж, бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийг танилцуулах үеэр Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт болон холбогдох албаныхан сэтгүүлчдийн асуултад хариулсныг хүргэж байна.
Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт:
-Монголбанкны Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргахдаа эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлөв, гадаад болон дотоод орчны эрсдэлийг харгалзан үзлээ.
Олон улсын орчинд геополитикийн тодорхой бус байдал өндөр хэвээр байна. Ялангуяа Ойрхи Дорнодын нөхцөл байдлаас шалтгаалан газрын тос, эрчим хүчний үнэ өссөн нь дэлхийн хэмжээнд инфляцын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэл бий болгож байна.
Газрын тосны үнийн өсөлт нь хүнсний бүтээгдэхүүний үнэ, тээврийн зардал болон бусад бараа, үйлчилгээний үнэд дам нөлөө үзүүлэх боломжтой. Сүүлийн өдрүүдэд зах зээлд эерэг мэдээлэл гарч, газрын тосны үнэ буурч байгаа боловч нөхцөл байдал бүрэн тогтворжиж, нийлүүлэлт хэвийн болох хугацаа одоогийн байдлаар тодорхойгүй байна.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, инфляц тавдугаар сард улсын хэмжээнд 11.2 хувьд хүрсэн. Энэ оны эхний улиралд 7.1 хувьтай байсан инфляц сүүлийн хоёр сарын хугацаанд 4.1 нэгж хувиар нэмэгдсэн байна. Үүний 2.6 нэгж хувийг хүнсний үнийн өсөлт, 0.7 нэгж хувийг шатахууны үнийн өсөлт тус тус эзэлж байна.
Харин уул уурхайн бус салбарын идэвхжил сул, мөнгөний болон макро зохистой бодлогын төлөв харьцангуй хатуу байгаа нь суурь инфляцыг бага түвшинд хадгалахад нөлөөлж байна.
Цаашид инфляц зургаа, долдугаар саруудад 12 хувийн орчимд хүрч өсөх төлөвтэй байна. Харин наймдугаар сараас эхлэн мах, хүнсний ногооны нийлүүлэлт нэмэгдэхийн хэрээр инфляцын дарамт саарч, буурах хүлээлттэй байна.
Шатахууны дотоод үнийн хувьд энэ оныг дуустал тогтвортой байна гэсэн төсөөлөлтэй байна. Гадаад орчин сайжирч, дотоодод нэмэлт нийлүүлэлтийн хүндрэл үүсэхгүй тохиолдолд инфляц аажмаар буурч, ирэх онд зорилтот интервалд тогтворжих боломжтой.
Эдийн засгийн өсөлтийн хувьд 2026 оны эхний улиралд 7.9 хувьтай гарсан бөгөөд энэ онд эдийн засаг ойролцоогоор 5 хувиар өсөх төсөөлөлтэй байна. Эхний улирлын эдийн засгийн өсөлтийн 5 нэгж хувийг уул уурхай, 1.1 нэгж хувийг тээврийн салбар бүрдүүлсэн. Харин бусад салбар нийтдээ 1.8 нэгж хувийн хувь нэмэр оруулсан байна.
Тухайлбал, худалдаа болон боловсруулах салбарын идэвхжил өмнөх оны мөн үеэс сул байгаа ч ирэх онуудад эдийн засгийн өсөлт аажмаар нэмэгдэх хүлээлттэй байна.
Энэ онд мега төслүүдийн бүтээн байгуулалтын ажил эрчимжих, ирэх оноос томоохон цахилгаан станцууд ашиглалтад орж, үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэх нь уул уурхайн бус салбарын идэвхжлийг дэмжихээр байна.
Гадаад секторын хувьд энэ оны эхний дөрвөн сарын байдлаар төлбөрийн тэнцэл 186 сая ам.долларын ашигтай гарлаа. Үүнд зэс, алтны үнэ өндөр түвшинд хадгалагдаж, уул уурхайн экспорт нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн.
Мөн хэрэгжүүлж буй мөнгө, санхүүгийн бодлогын үр дүнд хэрэглээний импортын өсөлт саарсан. Улмаар урсгал тэнцэл эхний дөрвөн сард 311 сая ам.долларын ашигтай гарсан байна. Үүнээс гадна банк болон хувийн секторын гадаад санхүүжилтийн эх үүсвэр нэмэгдэж, валютын цэвэр орох урсгалыг дэмжиж байна.
Цаашид эдийн засгийн төлөв нь геополитикийн нөхцөл байдал, түүхий эдийн үнэ, гадаад эрэлт, төсвийн бодлого болон дотоодын бүтээн байгуулалтын төслүүдийн хэрэгжилтээс ихээхэн хамаарна.
Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт сүүлийн нэг жил гаруйн хугацаанд эрчимжиж, тавдугаар сард 26.8 хувьд хүрсэн. Үүний 17.8 нэгж хувийн өсөлтийг төлбөрийн тэнцлийн ашигтай холбоотойгоор банкны системийн гадаад цэвэр актив нэмэгдсэнээр тайлбарлаж байна.
Өөрөөр хэлбэл Монгол Улсад валютын орлого нэмэгдэж, банкны системд хуримтлагдах гадаад валютын хөрөнгө өссөн гэсэн үг.
Зээлийн өсөлтийн хувьд сүүлийн улирлуудад алгуур саарч буй нь хэрэглээний зээлийн өсөлт буурсантай холбоотой. Харин ипотекийн болон бизнесийн зээлийн өсөлт харьцангуй өндөр түвшинд хадгалагдаж байгаа нь үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг дэмжих эерэг нөлөөтэй байна.
Суурь төсөөллөөр, инфляц оны сүүлийн хагаст саарч, ирэх онд Монголбанкны зорилтот интервалд тогтворжих хүлээлттэй байна.
Гэхдээ зуншлагын нөхцөл байдал, малын халдварт өвчин, Ойрхи Дорнод болон ОХУ-Украины нөхцөлтэй холбоотой геополитикийн тодорхойгүй байдлаас шалтгаалан нийлүүлэлтийн гаралтай үнийн дарамт удаан үргэлжлэх эрсдэл байна. Ийм тохиолдолд инфляцын дарамт нэмэгдэх боломжтой.
Иймээс эдийн засгийн өнөөгийн байдал, гадаад болон дотоод орчны төлөв, эрсдэл тодорхой бус байдлыг харгалзан Монголбанкны Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргасан.
Энэхүү шийдвэр нь инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд тогтворжуулах, эдийн засаг болон санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилготой. Цаашид эдийн засаг, инфляцын төлөв, олон улсын нөхцөл байдалд гарч буй өөрчлөлттэй уялдуулан мөнгөний бодлогын дараагийн алхмуудыг тухай бүр хэрэгжүүлнэ.
БАНК БОЛОН ХУВИЙН СЕКТОРЫН ГАДААД САНХҮҮЖИЛТИЙН ЭХ ҮҮСВЭРҮҮД
ВАЛЮТЫН ЦЭВЭР ОРОХ УРСГАЛЫГ ДЭМЖИЖ БАЙНА
-Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэр өнөөгийн зах зээлд ямар нөлөө үзүүлж байна гэж Та бүхэн үнэлж байна вэ? Мөн инфляцын цаашдын төлөв, зах зээлийн оролцогчдын хүлээлт бодлогын дараагийн шийдвэрт хэрхэн нөлөөлөх вэ?
-Бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалсан шийдвэр нь эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, инфляцын төлөв, гадаад болон дотоод орчны эрсдэлийг харгалзан гаргасан шийдвэр юм.
Сүүлийн хугацаанд мөнгөний нийлүүлэлтийн өсөлт эрчимжиж, тавдугаар сарын байдлаар 26.8 хувьд хүрсэн. Үүний тодорхой хэсэг нь төлбөрийн тэнцлийн ашигтай холбоотойгоор банкны системийн гадаад валютын хөрөнгө нэмэгдсэнтэй холбоотой байна.
Зээлийн өсөлтийн хувьд хэрэглээний зээлийн өсөлт саарснаар тодорхой хэмжээгээр буурсан боловч ипотекийн болон бизнесийн зээлийн өсөлт өндөр түвшинд хадгалагдаж, эдийн засгийн идэвхжлийг дэмжиж байна.
Гадаад секторын хувьд хэрэглээний импортын өсөлт саарч, урсгал тэнцэл эхний дөрвөн сарын байдлаар 311 сая ам.долларын ашигтай гарсан. Мөн банк болон хувийн секторын гадаад санхүүжилтийн эх үүсвэрүүд валютын цэвэр орох урсгалыг дэмжиж байна.
Цаашдын бодлогын шийдвэрт инфляцын бодит төлөв, зах зээлийн хүлээлт, эдийн засгийн нөхцөл байдал чухал нөлөө үзүүлнэ. Хэрэв инфляц буурах чиглэлээ хадгалж, эдийн засгийн нөхцөл байдал төсөөлөлтэй нийцвэл мөнгөний бодлогын дараагийн алхмыг тухайн үед нь авч хэрэгжүүлнэ.
Монголбанкны үндсэн зорилго нь инфляцыг дунд хугацаанд тогтвортой түвшинд барихын зэрэгцээ эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангах явдал юм.