Саяхан болсон Миланы эрэгтэй загварын долоо хоногийн үеэр жижигхэн чамин деталь, гоёлын элементүүд хаа сайгүй анзаарагдав. Энэ нь загварын жинхэнэ хөгжилтэй хэсэг бол хувцсаа хэрхэн өөрийнхөөрөө чимэглэж, илэрхийлэх явдал болохыг дахин сануулж байна.
2027 оны хавар-зун коллекцуудын тайзан дээр жижиг хэмжээний чимэглэлүүдийн жинхэнэ “дэлбэрэлт” өрнөж, энгэрийн хатгуур, цэцгэн зүүлт, өдөн гоёл, гарын чимэглэл зэрэг элементүүд олноор гарч ирэв. Тиймээс ирэх зун эрчүүд урьд өмнөхөөсөө илүү гоёл чимэглэлтэй хувцаслах нь тодорхой болж байна.
Эрэгтэй хувцасны романтик шинэчлэл
Симон Рошагийн шоунд эрэгтэй загвар илүү зөөлөн, романтик өнгө аястай болж, цэцгэн чимэглэлүүд гол байр суурь эзэлжээ.
Миланы арга хэмжээ эхлэхээс өмнө Ирландын дизайнер Симон Роша Флоренц хотод болсон эрэгтэй хувцасны олон улсын үзэсгэлэн болох Pitti Uomo-д анхны эрэгтэй коллекцоо танилцуулав.
Тэрбээр 17-р зууны үеийн алдарт Teatro della Pergola театрт зохион байгуулсан шоундаа гар хатгамалтай шилэн сувдан цэцэг, хуучирсан мэт өнгө оруулсан өдөн ороолт, том торгон органза цэцгэн энгэрийн чимэг, сийлбэртэй төмөр ханцуйны гоёл зэрэг театрлаг, тансаг элементүүдийг ашигласан байна.
Роша шоуныхаа дараа түүхэн ордны хувцасны хуучин авдар, тайзны хувцаснаас санаа авснаа хэлж, коллекцоо “Орон зай, цаг хугацаанд өгсөн хариу үйлдэл” хэмээн тодорхойлжээ.
Англи эр хүний хэв маяг ба жижиг содон деталь
Dunhill брэндийн шоунд бүтээлч захирал Саймон Холлоуэй англи жентельмэний дүр төрхийг шинэ өнцгөөс харуулжээ. Тэрбээр талийгаач зураач Люсьен Фройдын хэв маягаас санаа авч, хүзүүндээ ойрхон зангидсан ороолттой дүр төрхийг ашигласан байна.
Dunhill-ийн коллекцод тансаг костюм, гадуур хувцас дахь навчин тамхины тусгай халаас, хөзрийн дүрстэй чимэглэл бүхий хилэн шаахай зэрэг англи тансаг байдлыг илэрхийлэх элементүүд багтжээ.
Холловэй “Англичуудын хамгийн сайн хийдэг зүйл бол жижигхэн этгээд, өвөрмөц деталь нэмэх явдал. Ийм жижигхэн гоёл, деталь нь энгийн сонгодог хувцсыг хүртэл илүү өвөрмөц, өөрийн гэсэн өнгө төрхтэй болгодог” хэмээн ярьсан байна.
Пол Смит: Дурсамжийг гоёл болгосон нь
Paul Smith брэндийн хувьд өнгө, чимэглэл үргэлж чухал байр суурь эзэлдэг. Энэ удаагийн коллекцод далайн шилээр хийсэн энгэрийн хатгуур, завь, далайн хясаа, жижиг металл чимэглэлүүд багтсан нь дурсамж, аяллыг санагдуулжээ.
Дизайнер Пол Смит тайзны ард хэлэхдээ эдгээр хатгуурыг далайн эргээс олсон зүйлсээс санаа авч хийснээ тайлбарласан байна. Тэрбээр “Миний аав далайн эргээр алхаж, чулуу түүх дуртай байсан. Энэ коллекц түүнтэй холбоотой дурсамжаас төрсөн” гэж ярьжээ.
Dolce & Gabbana: Сицилийн өнгө ба тансаг чимэглэл
Dolce & Gabbana-гийн шоу “Vacanze Siciliane” буюу “Сицилийн амралт” нэртэй байлаа. Энэ коллекц нь брэндийн эх нутаг болох Сицили арлын байгаль, өнгө төрхөөс санаа авчээ. Загвар өмсөгчид сул загвартай цамц, нимгэн өмд, тод өнгө, үнэт чулуу шигтгэсэн камео зүүлт, талст чимэглэл зүүсэн байв.
Бусад брэндүүдийн шинэ санаа
Зураг: Мирелла Малагути / WWD / Getty Images.”
Prada бүсийг орлох торгон ороолт, жижиг цүнхтэй шийдлийг санал болгосон бол Tod's түлхүүрний гоёл эргэн ирэхийг харуулжээ. Giorgio Armani-гийн шоунд загвар өмсөгчид хүрэм дээрээ “G” болон “A” үсэг бүхий хатгуур зүүсэн нь өнгөрсөн жил нас барсан дизайнерт зориулсан хүндэтгэл байв.
Ирээдүйн эрэгтэй загвар: Илүү хувийн, илүү өөрийнхөөрөө
Британийн загварын стилист, эрэгтэй хувцасны редактор Хелен Симонс “Эрэгтэй хувцасны дүр төрхийг өндөр түвшинд аваачдаг зүйл бол деталь. Цэцгэн чимэглэл, энгэрийн хатгуур, үнэт эдлэл зэрэг жижиг зүйлс энгийн костюмыг онцгой харагдуулдаг” гэжээ.
Сүүлийн жилүүдэд энгэрийн зүүлт улаан хивсний гол чимэглэл болсон. Харин одоо загварын ертөнц бүхэлдээ жижиг аксессуарт анхаарал хандуулж эхэллээ. Гэхдээ стилист Бен Шофилдийн хэлснээр, хамгийн чухал зүйл нь тренд дагах биш, өөрийнхөөрөө мэдрэх явдал аж.
Тэр “Хэрэв хувцас өмсөхөд өөрийгөө дүрд тоглож байгаа мэт мэдэрвэл энэ зөв сонголт биш. Хамгийн гол нь өөртөө тухтай, өөрөөрөө байх мэдрэмж юм" хэмээн хэлсэн байна.

Эх сурвалж: CNN