УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд Сангийн сайд З.Мэндсайхан нэгдсэн төсвийн 2025 оны гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаар танилцуулжээ.
Нэгдсэн төсвийн 2025 оны гүйцэтгэлээр тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 30,303.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 33.7 хувь, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 31,331.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 34.8 хувьд тус тус хүрч, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1,027.9 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан нь ДНБ-ий 1.1 хувьтай тэнцэж байна.
Тайлант онд улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 18,988.0 тэрбум төгрөгт хүрч 95.9 хувийн биелэлттэй, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 20,414.3 тэрбум төгрөг буюу 90.5 хувийн гүйцэтгэлтэй гарчээ.
Mонгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд тус байнгын хороонд харьяалагдах Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгын газар, Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, Сонгуулийн ерөнхий хорооны дарга, Төрийн албаны зөвлөлийн дарга,
Монгол Улсын тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд, Монгол Улсын Шадар сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний үндэсний хорооны даргын багцын 162 төсөвт байгуулллага, 6 төсөл, сан, төрийн өмчийн 55 аж ахуй нэгж нийт 223 байгууллагын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг нэгтгэн гаргажээ.
Улсын төсвийн гүйцэтгэлээр тус байнгын хорооны төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зарлага болон цэвэр зээлийн дүн 1 их наяд 131.7 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй гарч, үүнээс урсгал зардалд 975.9 тэрбум төгрөг, хөрөнгийн зардалд 155.8 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2025 онд тус байнгын хороонд харьяалагдах 6 төсвийн ерөнхийлөн захирагчийн 36 төсөл, арга хэмжээнд 221.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ.