Ukraine Recovery Conference 2026 буюу Украиныг сэргээн босгох асуудлаарх олон улсын бага хурал Польшийн хойд хэсгийн Гданьск хотод болж байна. Энэ үеэр Украин улс нийт 10 тэрбум еврогоос давсан хөрөнгө оруулалтын хэмжээ бүхий 160 гэрээ, хэлэлцээр байгуулсан талаар тус улсын Ерөнхий сайд Юлия Свириденко эхний өдрийн дараа мэдээлжээ.

Энэ бол зөвхөн дайны улмаас сүйдсэн барилга байгууламж, дэд бүтцийг сэргээхэд чиглэсэн мөнгө биш. Гол зорилго нь Украиныг урт хугацаанд тогтвортой, бие даасан хөгжлийн замд оруулах явдал.

Европын сэргээн босголт, хөгжлийн банк-ны Ерөнхийлөгч Одиль Рено-Бассо DW-д өгсөн ярилцлагадаа "Хэрэв эдгээр томоохон зорилтууд хэрэгжиж чадвал Украины дэд бүтэц ирээдүйд Европ тивийн хамгийн орчин үеийн системүүдийн нэг болж магадгүй" гэж онцолжээ.

Гэхдээ шинэ зам, гүүр, дулааны станц, сургууль, эмнэлэг барих нь дангаараа Украины өмнө тулгарсан хамгийн том асуудлыг шийдэхгүй. Тэр нь хүний нөөцийн хомсдол, хүн ам зүйн хямрал аж. Тиймээс Гданьск дахь хурлын гол сэдвүүдийн нэг нь “хүний капитал” буюу улс орны хамгийн чухал нөөц болох хүмүүсийн асуудал байжээ.

Украины хөдөлмөрийн зах зээлд юу хамгийн их дутагдаж байна вэ?

Евростатын сүүлийн мэдээллээр, 2026 оны дөрөвдүгээр сарын байдлаар Европын Холбооны орнуудад дайны улмаас эх орноо орхин гарсан 4.3 сая гаруй украин дүрвэгч бүртгэлтэй байгаа аж. Тэдгээр хүн бүр өөр өөрийн нөхцөл байдал, амьдралын түүхтэй.

Украины хувьд гадаадад үлдсэн хүн бүр эдийн засгийн хувьд татварын орлого, нийгмийн даатгалын шимтгэл, тэтгэврийн сангийн орлого, ирээдүйн эдийн засгийн өсөлтийн боломж зэрэгт алдагдал болж буй аж.

Гданьскийн хурлын үеэр танилцуулсан тооцоогоор, Украинд өнөөдөр ойролцоогоор 8-10 сая ажиллах хүч дутагдаж буй юм байна. Цаашид энэ асуудлыг шийдэх улам бүр хэцүү болох төлөвтэй. KSE Institute-ийн судалгаагаар, Украинд одоогийн байдлаар 210 мянга орчим ажлын байрны сул орон тоо бий аж.

Ажиллах хүчний хамгийн их дутагдал Киев болон ойролцоох бүс нутаг, Львов хот орчимд ажиглагдаж байгаа бөгөөд ялангуяа цахилгаанчин, засварчин, техникийн мэргэжилтэн, ур чадвартай гарын ажилчид хамгийн их эрэлттэй байна.

Шинэ шийдэл: Хүмүүсийг буцаахаас илүү уян хатан тогтолцоо

Украины Засгийн газар өнөөдрийг хүртэл дүрвэгсдийг эх орондоо буцаах, мэргэжил дээшлүүлэх, шинэ ур чадвар эзэмшүүлэх хөтөлбөрүүдээр дамжуулан асуудлыг шийдэхийг зорьж иржээ.

Эдгээр хөтөлбөрт эмэгтэйчүүд, дайны ахмад дайчид, дотоодын шилжин суурьшигчид хамрагдаж буй аж. Гэвч шинжээчдийн үзэж буйгаар, эдгээр арга хэмжээ хөдөлмөрийн зах зээлийн асар их хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй тул илүү уян хатан, шинэ арга зам хэрэгтэй гэж үзэж байна.

НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газрын Европ дахь бүсийн захирал Филипп Леклер “Хүмүүс Украинд буцаж ирэх өөрийн гэсэн хэмнэл, цаг хугацаатай байх боломжтой илүү уян хатан тогтолцоо хэрэгтэй” гэж хэлжээ. 

Өөрөөр хэлбэл, хүн нэг улсад амьдарч, нөгөө улстайгаа эдийн засгийн холбоогоо хадгалж, хоёр эсвэл бүр гурван улсын хооронд амьдралаа зохицуулах боломжтой байх тухай аж. Жишээлбэл: зайнаас ажиллах, хувиараа хөдөлмөр эрхлэх, хэсэгчлэн эх орондоо буцаж ажиллах зэрэг олон хувилбар байж болох нь.

Украины хууль тогтолцоо ч өөрчлөгдөх шаардлагатай

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Европ болон Төв Азийн хөтөлбөрийн захирал Питер ван Рой хэлэхдээ “Хүмүүс ‘би хэсэгчлэн буцаж ирмээр байна’ гэж хэлэх боломжтой байх ёстой. Үүнийг дэмжих эдийн засгийн боломж болон нийгмийн хамгааллын тогтолцоо хэрэгтэй” гэжээ.

Түүний үзэж буйгаар, Украины хөдөлмөрийн зах зээл ирээдүйд зөвхөн буцаж ирэх хүмүүсийг хүлээх бус, хүмүүсийн бодит амьдралын нөхцөлд тохирсон шинэ хэлбэрүүдийг бий болгох ёстой аж.

Украинд тулгарч буй асуудал Европ даяар нэмэгдэж байна

Украины нөхцөл байдал дайны улмаас онцгой хүнд байгаа мэт боловч ажиллах хүчний хомсдол нь зөвхөн Украины асуудал биш болжээ. Европын олон оронд хүн амын хөгшрөлт, төрөлт бууралттай холбоотойгоор ажиллах хүчний хэрэгцээ нэмэгдэж буй аж.

Филипп Леклер “Хэдэн жилийн өмнө гадаад ажиллах хүчийг голчлон Герман шаарддаг байсан бол одоо Европын бараг бүх улсад нэмэлт ажиллах хүчин хэрэгтэй болж байна” гэж хэлжээ. Түүний үзэж буйгаар, Украин ирээдүйд өөрөө ч гадаадын ажиллах хүч татах шаардлагатай болж магадгүй аж.

Сэргээн босголтын хамгийн том хөрөнгө бол хүн

Шинжээчдийн дүгнэж буйгаар, Украины ирээдүйн сэргээн босголт зөвхөн барилга, зам, хөрөнгө оруулалтаар хэмжигдэхгүй нь. Хамгийн чухал зүйл нь дүрвэгсэдтэй холбоогоо хадгалах, буцаж ирэх хүмүүст таатай нөхцөл бүрдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн шинэ боломж бий болгох, хүний нөөцөө хамгаалах явдал аж.

Өөрөөр хэлбэл, Украиныг сэргээн босгоход мөнгө олдох боломжтой. Харин хамгийн том асуулт нь “Тэр бүхнийг барих, хөгжүүлэх хүмүүс хаана байна вэ?” гэсэн асуудал хэвээр үлдэж байна.

Эх сурвалж: DW