Венесуэлийн Үндэсний Ассамблей (парламент)-н дарга Хорхе Родригес зургадугаар сарын 26-ны баасан гарагт "Сүйрлийн хэмжээтэй хоёр дараалсан газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 920-д хүрч, 3300 гаруй хүн гэмтсэн" гэж мэдээлжээ.

Түүний хэлснээр, хамгийн их хохирол амссан Ла-Гуайра мужийг нөхцөл байдлыг тогтворжуулах, аврах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор армийн хяналтад оруулсан байна.

Венесуэлийн Дотоод хэргийн сайд Диосдадо Кабельо "Ла-Гуайра муж руу бусад бүс нутгаас хүрэх бүх замыг хаасан" гэж мэдэгджээ. Түүний тайлбарласнаар, энэ арга хэмжээ нь шаардлагагүй хүмүүс гамшгийн бүс рүү очихоос сэргийлж, иргэдийн эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах, аврах ажиллагааг хурдасгах зорилготой аж.

Хоёр хүчтэй газар хөдлөлт 39 секундын зайтай болжээ

Венесуэлийн хойд хэсэгт зургадугаар сарын 24-нд 7.2 болон 7.5 магнитудын хүчтэй хоёр газар хөдлөлт ердөө 39 секундын зайтай болсон байна. Хоёр дахь газар хөдлөлт нь сүүлийн 125 жилийн хугацаанд Венесуэлд бүртгэгдсэн хамгийн хүчтэй газар хөдлөлт болсон гэж мэдээлжээ.

Хамгийн их сүйрэл Ла-Гуайра мужид гарсан бөгөөд тус бүс нь нийслэл Каракас хотын хойд хэсэгт байрладаг. Энд улсын хамгийн том далайн боомт, олон улсын нисэх онгоцны буудал байдаг аж.

Газар хөдлөлтийн дараа Венесуэлийн Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэгч Делси Родригес онц байдал зарласан байна.

70 мянга гаруй өрх өртөж, аврах ажиллагаа үргэлжилж байна

Дотоод хэргийн сайд Кабельогийн мэдээлснээр, зөвхөн Ла-Гуайра мужид 70 мянга гаруй өрх гамшигт өртжээ. Тэрбээр сүйдсэн бүс нутгуудад очиж, өргөн хүрээний аврах ажиллагаа эхлүүлэх, цэвэр ус, хүнсний тусламж хүргэх талаар мэдэгдсэн байна.

Гэвч олон газарт аврах ажиллагаа хүн хүчний дутагдал, техник хэрэгслийн хомсдол зэргээс шалтгаалан удаашралтай явагдаж байгаа аж. Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр, зарим бүс нутагт цахилгаан тасарсан, усны хангамж доголдсон, дээрэм тонуулын тохиолдол гарсан байна.

Мөн олон мянган хүн нурсан барилгын нуранги дор үлдсэн байж болзошгүй гэж мэдээлжээ.

Олон улсын тусламж Венесуэлд хүрч эхэллээ

Гамшгийн дараа Венесуэлд олон улсын тусламж ирж эхэлсэн байна. АНУ аврах болон хүмүүнлэгийн ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээр хоёр цэргийн хөлөг онгоц, тээврийн нисэх онгоцууд илгээжээ.

Борис Писториус Германы талаас мэргэжилтнүүд илгээх, мөн Германы Зэвсэгт хүчин зургаан ширхэг A400M тээврийн онгоц илгээхэд бэлэн байгаа талаар мэдэгдсэн байна.

Эх сурвалж: DW