Европын удирдагчид яг одоо үүсээд буй нөхцөл байдлыг ашиглан хэд хэдэн чухал зорилтыг нэгэн зэрэг баталгаажуулахыг яарч байна гэсэн дүгнэлтийг хийж болохоор байгаа ажээ.
Учир нь, зургадугаар сарын 24-ний лхагва гаргийн орой Берлин хот дахь Германы Канцлерын ордонд болсон уулзалтаар “Европын тав” хэмээн нэрлэгдэж буй бүлгийн удирдагчид болох Герман, Их Британи, Итали, Польшийн Ерөнхий сайд нар болон Францын Ерөнхийлөгч нар тус тус байр сууриа илэрхийлжээ.
Энэ удаагийн уулзалтаар таван тусдаа мэдэгдэл хийсэн боловч хэвлэлийнхний асуултад хариу авах хэсэг байгаагүй нь анхаарал татсан байна.
Европ НАТО-гийн Анкарагийн дээд хэмжээний уулзалтад бэлтгэж байна
Германд 30 хэмээс дээш халуун үргэлжилж буй энэ үед яригдсан хамгийн чухал асуудлын нэг нь Францын Эвиан хотод саяхан болсон G7-ийн дээд хэмжээний уулзалтын үр дүн аж.
Германы канцлер Фридрих Мерц хэлэхдээ, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп албан тушаалдаа орсноос хойш анх удаа G7-ийн тунхаглалд гарын үсэг зурсан нь чухал алхам болсон гэж үнэлжээ.
Уг баримт бичигт Украинд үзүүлэх цэргийн тусламжийг нэмэгдүүлэх, тэр дундаа барууны зэвсэг үйлдвэрлэх лиценз олгох боломж, мөн Орост үзүүлэх эдийн засгийн дарамтыг нэмэгдүүлэх талаар тусгасан байна.
Үүний гол зорилго нь Москваг хэлэлцээ хийх, дайныг зогсоох нөхцөлд хүргэх явдал аж. Харин Оросын нийслэлээс ирж буй дохио одоогийн байдлаар үүний эсрэг чиглэлтэй байгааг онцолжээ.
Эвианы уулзалтын үеэр Трамп Европын орнуудтай харьцангуй эв нэгдэлтэй байр суурь харуулсан байна. Гэтэл тэрбээр өмнө нь Ираны эсрэг дайнд Европ туслаагүй гэж хатуу шүүмжилж байсан юм.
Цагаан ордны тэргүүний байр суурь өмнө нь ч хэд хэдэн удаа өөрчлөгдөж байсан тул Европын удирдагчид энэ уур амьсгал долдугаар сарын эхээр Туркийн Анкара хотод болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалт хүртэл хадгалагдах эсэхэд эргэлзэж буй юм байна.
Өнгөрсөн жил Европын орнуудад Трамп НАТО-гоос гарахаа зарлаж магадгүй гэсэн бодит айдас байсан ч энэ нь биелээгүй. Харин тус орнууд батлан хамгаалахын зардлаа ДНБ-ий 5 хувьд хүргэхээр тохиролцож, үүний 3.5 хувийг шууд цэргийн зардалд зориулахаар болсон аж.
Энэ шийдвэр Трампын таалалд нийцээгүй учир нь тэр Европын орнууд батлан хамгаалалтад хангалттай хөрөнгө зарцуулдаггүй гэж үздэгтэй холбоотой юм байна.
Мерц өмнө нь Герман улс Үндсэн хуулийн хязгаарлалтаа өөрчилснөөр НАТО-г “аварсан” гэж хэлдэг байсан ч энэ удаа энэ талаар дурдаагүй аж. Харин Берлин 2029 он гэхэд батлан хамгаалахын зардлыг ДНБ-ий 3.5 хувьд хүргэхээр төлөвлөж байгаа талаар мэдэгджээ. Тэр мөн “Европын тав” НАТО-г шинэчлэх хүсэлтэй байгааг онцолсон байна.
НАТО дахь ан цав бүрэн арилаагүй
Одоо Трамп НАТО-гоос гарна гэж сүрдүүлэхээ больсон ч энэ оны эхээр Данийн харьяанд байдаг НАТО-гийн гишүүн орон болох Гренландын талаар гаргасан мэдэгдлүүд мартагдаагүй байгаа юм. Тэрбээр дэлхийн хамгийн том арал болох Гренландыг худалдаж авах тухай ярьж, улмаар хүчээр авах боломжийн талаар хүртэл санаа өгч байв.
Эдгээр мэдэгдлийн дараа НАТО дотор үүссэн үл ойлголцол бүрэн арилаагүй ч Берлиний уулзалтын үеэр Гренландын асуудлыг хөндөөгүй байна.
“Европын тав” ба НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга
“Европын тав” (E5) гэдэг формат харьцангуй шинэ бөгөөд үүнийг канцлер Мерц өнгөрсөн жил Германы Европ дахь идэвхтэй дипломат бодлогын хүрээнд санаачилсан.
Энэ удаа уулзалт “тав дээр нэмэх нэг” хэлбэртэй болж, Вашингтоноос видео холбоосоор НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга, Нидерландын Ерөнхий сайд асан Марк Рутте оролцжээ. Энэ нь Анкарагийн уулзалтын өмнө Европ болон АНУ-ын байр суурийг нэгтгэх зорилготой уулзалт болсон байна.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроныг "Их-7"-гийн Эвианы уулзалтыг амжилттай зохион байгуулсан гэж сайшаажээ. Берлинд хэлэхдээ, НАТО-гийн Анкарагийн дээд хэмжээний уулзалтын хэлэлцэх асуудлын эхэнд Украинд үзүүлэх тусламжийг тавих хэрэгтэй гэж санал болгожээ. Их Британийн Ерөнхий сайд Keir Starmer мөн ижил байр суурь илэрхийлсэн байна.
“Европын тав”-ын олон гишүүн Киев Оросын эрчим хүч, логистикийн байгууламжид алсын тусгалтай цохилт амжилттай хийж буйг онцлоод, "Стармер Украины туршлагаас суралцаж, батлан хамгаалахын зардлын төлөвлөлтөд үүнийг харгалзан үзэх хэрэгтэй" гэжээ.
Түүний үзэж буйгаар, Украины цохилтуудын нөлөөгөөр Москва дахь дайныг дэмжих уур амьсгал суларч эхэлж байгаа аж. Тэр “Одоо дарамтыг нэмэгдүүлэх цаг ирсэн” гэж хэлсэн байна.
Мерц Орост чиглэсэн дохио өгч, “Украин хүчтэй хэвээр үлдэнэ” хэмээгээд, Анкарагийн НАТО-гийн уулзалтаар Киевт үзүүлэх нэмэлт санхүүжилтийн асуудлыг хэлэлцэх санал гаргажээ.
“Европын гурвал”-аас “Европын тав” руу

Өмнө нь Герман, Франц, Их Британи гэсэн “Европын гурвал” (E3) илүү идэвхтэй байсан. Зургадугаар сарын эхээр Лондонд тэд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй хамт Оростой хийх боломжит хэлэлцээний нөхцөлийн талаар ярилцсан. Үүнд фронтын шугамаар гал зогсоох, аюулгүй байдлын баталгаа, олон улсын энхийг сахиулах хүч байрлуулах асуудал багтжээ.
Гэвч Итали, Польшийг оролцуулалгүй хийсэн энэ хэлэлцээ Ром, ялангуяа Варшавын дургүйцлийг төрүүлсэн байна. Тиймээс Берлиний уулзалтыг Польш, Италид хүндэтгэл үзүүлсэн алхам гэж үзэж буй аж.
Кир Стармераас сална
Берлиний уулзалтаар цоо шинэ томоохон санаачилга гараагүй. Энэ нь илүүтэй өмнөх ажлаа дүгнэж, цаашдын зорилгоо тодорхойлох завсрын уулзалт болсон байна. Уулзалтын үеэр Их Британийн Ерөнхий сайд Кир Стармерыг үдэх мэт сэтгэл хөдлөм мөчүүд өрнөжээ.
Тэрбээр өмнөх даваа гарагт нам доторх дарамт нэмэгдсэнтэй холбоотойгоор огцрохоо мэдэгдсэн бөгөөд есдүгээр сар хүртэл Ерөнхий сайдын үүрэгт ажлаа үргэлжлүүлэх юм. Уулзалтад оролцсон бүх удирдагч Стармерын талаар халуун дотно үг хэлжээ.
Түүний хоёр жилийн засаглалын хугацаанд Европын холбооноос гарсан Их Британи Европтой олон талаар дахин ойртсон гэж үнэлсэн байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск “Стармерын үед бид хэсэг хугацаанд Брекзитийг мартсан” хэмээн хэлсэн нь онцгой анхаарал татжээ.
Эх сурвалж: DW