Улсын Их Хурлын холбогдох байнгын хорооны хуралдаанаар Малчны тухай хуулийн хэрэгжилтийн талаар хэлэлцэх үеэр хууль хэрэгжиж эхлээд хоёр жил өнгөрсөн ч хэрэгжилт хангалтгүй байгааг гишүүд болон малчдын төлөөлөл шүүмжиллээ.

Хэлэлцүүлгийн үеэр Малчны тухай хуулийг санаачлагчдын нэг, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн малчдын амьжиргаа, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодит дэмжлэг шаардлагатай байгааг онцолсон юм.

Тэрбээр “2024 онд хийсэн судалгаагаар нийт малчдын 40 орчим хувь нь 400 тэрбум төгрөгийн зээлийн өртэй байна. Малчид арилжааны банкнаас зээл авахад хүндрэлтэй байдаг. Банкууд мал аж ахуйн салбарыг өндөр эрсдэлтэй гэж үзэн жилийн 20 гаруй хувийн хүүтэй зээл олгодог. Иймээс сум бүрт Малчны хөгжлийн сан байгуулж, малчдын орлого, амьжиргааг дэмжих шаардлагатай” хэмээн мэдэгдэв.

Мөн тэрбээр Монгол Улсын нийт малчдын ердөө 6-7 хувь нь мянгат малчин байгааг дурдаад, 2023-2024 оны зудын үед хэрэгжүүлсэн “Шинэ хоршоо” хөдөлгөөн тодорхой хэмжээнд үр дүнгээ өгсөн гэж үнэллээ.

Малчны хөгжлийн сангийн журам хоёр жилийн дараа ч батлагдаагүй байна

Хуулийн дагуу сум бүрт Малчны хөгжлийн сан байгуулах бөгөөд сангийн эх үүсвэрийг уул уурхайн баялгаас бүрдүүлэхээр тусгасан байдаг. Гэвч хууль батлагдсанаас хойш хоёр жил өнгөрсөн ч сангийн үйл ажиллагааг зохицуулах журам батлагдаагүй байгаа талаар хэлэлцүүлгийн үеэр хөндөгдөв.

УИХ-ын гишүүн П.Батчимэг “Хуулийн хэрэгжилт ердөө 20 орчим хувьтай байна гэдэг маш харамсалтай. Хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 11 журмыг өнөөдрийг хүртэл батлаагүй байгаа нь ойлгомжгүй байна” хэмээн шүүмжилсэн юм.

Түүний хэлснээр орон нутагт ажиллах үеэр малчид нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх асуудал, нас барсан тохиолдолд олгох 48 сарын нөхөн олговрын талаар хамгийн их асуудаг байна.

Малчны хүүхдүүдийн боловсролын асуудал анхаарал татав

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан малчны хүүхдүүдийг зөвхөн мал аж ахуйн чиглэлийн мэргэжлээр бус, мал эмнэлэг, агрономи, усны инженер зэрэг хөдөө аж ахуйн салбарт шаардлагатай бусад мэргэжлээр үнэ төлбөргүй сургах боломжийг судлах шаардлагатайг онцоллоо.

Мөн тэрээр малчдыг ипотекийн зээлд хамруулах асуудал яагаад өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй байгааг тодруулсан юм.

Одоогийн мөрдөж буй зохицуулалтаар малчнаар 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан иргэний нэг хүүхэд мал аж ахуй, тэжээл, бэлчээр судлалын чиглэлээр төрийн өмчийн их, дээд сургуульд үнэ төлбөргүй суралцах эрхтэй. Харин малчдын төлөөлөл энэхүү хязгаарлалтыг өргөжүүлж, хүүхдүүд хүссэн мэргэжлээрээ, хүссэн сургуульдаа суралцах боломж бүрдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

Боловсролын яамны мэдээлснээр уг хөтөлбөрийн хүрээнд нийт 56 сая төгрөгийн тэтгэлгийг оюутнуудад олгосон байна.

Гэрийн сургалтын тогтолцоог хөгжүүлнэ

Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир малчин өрхийн хүүхдүүдийн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор гэрийн сургалтын журмыг боловсруулж байгааг танилцууллаа.

Түүний мэдээлснээр малчид хүсвэл хүүхдээ гэрээр сургах боломжтой болох бөгөөд энэхүү тогтолцоо зөвхөн хүүхэд төдийгүй насанд хүрэгчдийн боловсролд ч чиглэнэ.

Мөн МСҮТ болон политехник коллежуудад “малчин” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ хавар 70 малчин төгссөн байна. Одоогоор нийт 200 орчим малчин суралцаж байгаа бөгөөд сургалтыг энэ жил баруун аймгуудад өргөжүүлэхээр төлөвлөжээ.

Нийгмийн даатгалын асуудал шийдлээ хүлээсээр байна

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгал, хуримтлалын сангийн бодлогын газрын дарга В.Рэнцэнхандын мэдээлснээр 38 мянга орчим малчны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхэд улсын төсвөөс олон тэрбум төгрөг шаардлагатай байгаа аж.

Гэвч энэ хөрөнгийг улсын төсөвт тусгаагүй тул асуудлыг Засгийн газрын түвшинд дахин хэлэлцүүлэхээр санал хүргүүлээд байгаа юм. Тэрбээр малчид тэтгэвэр тогтоолгох үед тодорхой давуу эрх эдэлдэг болохыг мөн онцолсон.

Малчид бэлчээр, уул уурхайн асуудлыг хөндлөө

Хэлэлцүүлэгт оролцсон Дорноговь, Өмнөговь, Архангай аймгийн малчид бэлчээрийн хүртээмж, газрын ашиглалт, уул уурхайн нөлөөллийн асуудлыг хөндөн ярив.

Тэдний зүгээс зарим бүс нутагт томоохон хэмжээний газрыг хашаалан ашиглаж байгаа нь малчдын отор нүүдэл хийх боломжийг хязгаарлаж байгааг шүүмжилсэн юм. Мөн өвөлжөөгүй олон малчин байгааг анхаарч үзэх шаардлагатайг хэлэв.

Өмнөговь аймгийн төлөөлөл хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагаа мал аж ахуйд сөргөөр нөлөөлж байгааг онцлон дурдсан бол зарим малчин Малчны тухай хуульд үүрэг хариуцлага их туссан атлаа хүний эрхийн асуудал хангалттай тусгагдаагүй гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай гэж үзэв

УИХ-ын гишүүн Б.Уянга Малчны тухай хуулийг 2024 оны зургаадугаар сарын 5-нд баталсан байхад яагаад хоёр жилийн дараа хэрэгжилтийн үнэлгээ хийж байгааг тодруулсан юм.

Хариуд нь УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Хууль дагаж батлагдах ёстой 11 журам өнөөдөр хүртэл батлагдаагүй учраас хэрэгжилт сул байна. Мал аж ахуйн салбарын бүтээмжийг бодитой үнэлэх тогтолцоо шаардлагатай. Малчны хөдөлмөрийн үнэ цэн, бүтээмжийг хэрхэн тооцохыг Засгийн газар тодорхой болгох ёстой” гэж мэдэгдлээ.

Тэрбээр мөн хүн амын бодлогын алдаа, залуу малчдын тоо буурч байгаа асуудалд анхаарч, салбарын тогтвортой хөгжлийг хангахын тулд малчдыг дэмжих бодлогыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг онцолсон юм.