УИХ-аар Татварын багц хуулийн төслийг хэлэлцэх үеэр НӨАТ-ын босгыг 50 сая төгрөгөөс 400 сая төгрөг болгон нэмэгдүүлэх асуудал гишүүдийн дунд өргөн маргаан дагууллаа. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "Энэхүү өөрчлөлт нь далд эдийн засгийг тэлэх, татварын хяналтыг сулруулах эрсдэлтэй" хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
Тэрбээр НӨАТ-ын хууль зөвхөн татвар ногдуулах бус бүртгэл, хяналтын чухал хэрэгсэл гэдгийг онцолж, буцаан олголтын зохицуулалтыг хүчингүй болгосон нөхцөлд босгыг 400 сая төгрөг болгон нэмэгдүүлэх нь 69 мянган НӨАТ суутган төлөгчийн гуравны нэгийг системээс гаргах үр дагавартай гэж үзэж байгаагаа хэлэв. Үүний улмаас НӨАТ-ын хамрагдалт буурч, далд эдийн засаг өсөхөөс гадна тамхи, согтууруулах ундаа зэрэг онцгой албан татвартай бараа бүтээгдэхүүний борлуулалтад тавих хяналт сулрахыг анхаарууллаа.
УИХ-ын гишүүн П.Ганзориг НӨАТ-ын босгыг 400 сая төгрөг болгох асуудал нь эрх баригч намын мөрийн хөтөлбөрт туссан амлалт байсныг сануулж, Засгийн газар болон ажлын хэсгийн гишүүд яагаад өөр хоорондоо зөрүүтэй байр суурь илэрхийлж буй талаар тодруулсан юм. Тэрбээр Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн долоо хоногт энэхүү өөрчлөлтөд 23 мянган аж ахуйн нэгж хамрагдана гэж мэдэгдсэнийг дурдан, Засгийн газрын саналын эсрэг байр суурь гаргаж буй шалтгааныг тайлбарлахыг хүслээ.
Х.Ганхуяг гишүүн НӨАТ-ын босгыг нэмэгдүүлэх асуудлыг буцаан олголтын тогтолцоотой нь хамтад нь оруулж ирсэн бол илүү зөв шийдэл болох байсныг дахин онцолж, ийм агуулгатай хуулийн төсөл санаачлах боломж нээлттэй байгааг хэлэв.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Р.Эрдэнэбүрэн татварын тайлан тооцоонд хиймэл оюун ухааны хэрэглээ нэмэгдэж буйтай холбогдуулан энэ чиглэлийн зохицуулалт хуулийн төсөлд туссан эсэхийг тодруулж, татварын алданги, орон нутагт үйл ажиллагаа явуулдаг ч хотод бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн асуудлаар асуулт тавилаа.
Ажлын хэсгээс "Хиймэл оюун ухаантай холбоотой тусгай зохицуулалт төсөлд тусгагдаагүй ч татвар, гаалийн мэдээллийн нэгдсэн системийг хөгжүүлэх, мэдээллийн уялдаа холбоог сайжруулах чиглэлээр өөрчлөлтүүд орсон" гэж тайлбарлав.
Мөн хувь хүний орлогын албан татварын шаталсан тогтолцооны талаар хэлэлцүүлэг өрнөсөн юм. УИХ-ын гишүүн Ч.Ундрам шаталсан татвар нь татвараас зайлсхийх эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүйг дурдаад, нэг хувийн татварын хувь хэмжээ нэвтрүүлснээр сум, орон нутгийн төсвийн орлого эрс буурахыг анхааруулав. Учир нь, ХХОАТ нь сум, дүүргийн төсвийн гол эх үүсвэрийн нэг бөгөөд энэ орлогоор сургууль, эмнэлгийн засвар, нийтийн үйлчилгээ зэрэг олон зардлыг санхүүжүүлдэгийг Ч.Ундрам гишүүн онцоллоо.
Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Ч.Чимэдсүрэн ХХОАТ-ын тогтолцоо 1990 оноос хэрэгжиж ирсэн, 2022 оноос шаталсан хэлбэрт шилжсэн талаар танилцуулав. Түүний хэлснээр, шинэ өөрчлөлтөөр цалин хөлс авдаг иргэдэд хамаарах тэг болон нэг хувийн шатлал нэвтрүүлэхээр тусгасан. Үүний улмаас сум, дүүргийн төсвийн орлого буурах нөхцөл үүсэх тул улсын төсвөөс татаас олгох асуудлыг ажлын хэсэг хэлэлцсэн байна.
Хуулийн төслийн хүрээнд татварын өртэй аж ахуйн нэгжүүдийн дансыг хаах асуудал ч мөн анхаарал татав. УИХ-ын гишүүн Л.Гантөмөр Засгийн газрын хэрэгжүүлж буй “Чөлөөлье” аяны хүрээнд хаагдсан дансуудыг нээсэн үйл ажиллагааны эрх зүйн үндэслэлийг тодруулахын зэрэгцээ татварын өрөнд тооцдог алдангийн хэмжээг бууруулах шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
Сангийн сайд З.Мэндсайхан үүнд тайлбар өгөхдөө "Татварын ерөнхий хуульд заасан шаталсан арга хэмжээний хүрээнд хугацаандаа татвараа төлөөгүй аж ахуйн нэгжүүдийн дансыг хаасан ч “Чөлөөлье” аяны хүрээнд нийт 12.500 аж ахуйн нэгжийн дансыг нэг сарын хугацаатай нээсэн" гэв. Мөн шинэ өөрчлөлтөөр дансны орлогыг бүхэлд нь бус, 70 хувийг нь хязгаарлаж, 30 хувийг нь үйл ажиллагаанд ашиглах боломжтой болгохоор тусгажээ. Түүнчлэн татварын алдангийн хэмжээ нь үндсэн өрийн 50 хувиас хэтрэхгүй байх зохицуулалтыг Иргэний хуультай нийцүүлэн оруулсан байна.
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар мөн Засгийн газар анх татварын өртэй аж ахуйн нэгжийн орлогын 80 хувийг хязгаарлаж, 20 хувийг үлдээх санал гаргасан ч байнгын хорооны хэлэлцүүлгээр 70:30 гэсэн харьцаатай байхаар өөрчилснийг тайлбарлав.
УИХ-ын гишүүн Б.Жавхлан НӨАТ-ын босгыг 400 сая төгрөг болгох зорилго нь бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн ч хэрэгжүүлэх арга зам нь буруу байгааг онцоллоо. Тэрбээр НӨАТ нь аж ахуйн нэгжүүдийн бус, эцсийн хэрэглэгч болох иргэдийн төлдөг гинжин татвар бөгөөд аж ахуйн нэгжүүд зөвхөн дамжуулагчийн үүрэг гүйцэтгэдгийг дурдсан юм.
Иймээс босгыг огцом нэмэгдүүлснээр 23 мянган аж ахуйн нэгж татварын тайлагналын системээс гарах эрсдэлтэй бөгөөд энэ нь эдийн засгийн бүртгэл, хяналтад сөргөөр нөлөөлөхөөс гадна иргэдэд бодит хөнгөлөлт авчрахгүй гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Тэрбээр НӨАТ-ын тухай хуулийг цогцоор нь шинэчлэх асуудлыг ирээдүйд дахин хэлэлцэх боломжтой гэдгийг мөн онцлов.