УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдөр (2026.06.17)-ийн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийж байна.  

Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд тамхи үйлдвэрлэгчид электрон тамхи (e-cigarette), вэйп (vape), халаадаг тамхи (heated tobacco product) зэрэг шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд эрчимтэй нэвтрүүлж буй.

Эдгээр бүтээгдэхүүнийг уламжлалт тамхинаас эрүүл мэндэд харьцангуй бага эрсдэлтэй мэтээр сурталчилж, өнгө үзэмж сайтай сав баглаа боодол, төрөл бүрийн жимс, амттан, ментол зэрэг амт үнэр оруулагч химийн найрлага ашиглахын зэрэгцээ нийгмийн сүлжээ болон инфлюенсер маркетингийн аргаар хэрэглэгчдэд хүргэж байна.

Үүний үр дүнд электрон тамхины талаар тусгайлсан хууль эрх зүйн зохицуулалт, бодлогын орчин бүрдээгүй байсан олон улсад шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүний хэрэглээ богино хугацаанд эрчимтэй өссөн бөгөөд ялангуяа хүүхэд, өсвөр насныхан, залуучуудын дунд никотины хамаарал бий болох, улмаар эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулах нөхцөл бүрджээ.

Хүснэгт 1.Импортын сигар, янжуур тамхинд ногдуулсан албан татварын хэмжээ 2020-2024 он /сая.төгрөг/

Он

Тоо хэмжээ мян.ш

Үнийн дүн (сая.ам.дол)

Гаалийн албан татвар

(сая.төг)

Онцгой албан татвар

(сая.төг)

НӨАТ

(сая.төг)

Нийт татвар

(сая.төг)

2020

2,933,613.14

56.87

48,364.45

122,625.03

33,135.09

204,124.57

2021

3,081,898.64

60.48

52,095.38

128,823.36

35,325.06

216,243.80

2022

3,345,958.07

69.41

65,042.93

139,780.37

42,122.16

246,945.47

2023

3,489,971.80

63.90

66,359.02

145,880.82

43,343.66

255,583.50

2024

3,493,985.37

66.69

67,795.58

146,048.59

43,982.94

257,827.11

                                                                                                Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар

Хүснэгт 2.Электрон тамхи, цэнэглэгч шингэн болон төхөөрөмжид ногдуулсан татварын хэмжээ                          2020-2024   

Он

Үнийн дүн (сая.ам.дол)

Гаалийн албан татвар (сая.төг)

НӨАТ

(сая.төг)

Нийт татвар

(сая.төг)

2020

0.00116

0.17

0.35

0.51

2021

6.54

975.94

1,961.39

2,937.33

2022

14.52

2,273.40

4,773.89

7,047.29

2023

13.29

2,300.58

4,831.22

7,131.80

2024

22.58

3,824.23

8,030.64

11,854.87

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар

Энэхүү үзэгдэл нь улс орнууд болон олон улсын байгууллагуудын өмнө эрүүл мэндийн, хууль эрх зүйн, нийгмийн болон эдийн засгийн олон талт шинэ сорилтыг бий болгож байна. Иймд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон олон улсын байгууллагууд, улс орнууд шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүний хэрэглээг бууруулах зорилгоор бүрэн болон хэсэгчилсэн хориг, хязгаарлалт тогтоох, худалдаа, сурталчилгаа, хэрэглээг зохицуулах хууль тогтоомж, дүрэм журмуудыг батлан хэрэгжүүлж эхлээд байна.

Монгол Улсад ч уламжлалт болон шинэ төрлийн тамхины хэрэглээ тогтмол өсөх хандлагатай байна. Судалгааны дүнгээс үзэхэд 2019 онд 13-15 насны сурагчдын 14 хувь нь утаат тамхи, 3.5 хувь нь электрон тамхи хэрэглэдэг байсан бол 2023 онд энэ үзүүлэлт тус тус 19.9 хувь болон 24.8 хувь болж огцом нэмэгджээ. Энэ нь хүүхэд, өсвөр үе, залуучуудыг бүх төрлийн тамхины хор нөлөөллөөс хамгаалах бодлогын арга хэмжээг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай болсныг харуулж байна.

Тамхины хэрэглээ өсөж буй гол хүчин зүйлсийн нэг нь Монгол Улсад тамхин бүтээгдэхүүний үнэ олон улсын түвшинтэй харьцуулахад харьцангуй хямд байгаа явдал юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага-ын үзэж байгаагаар тамхины хэрэглээг бууруулах хамгийн үр дүнтэй бодлогын арга хэрэгслийн нэг нь татварын хэмжээг нэмэгдүүлэх явдал бөгөөд энэ зарчим нь Тамхины хяналтын суурь конвенц болон холбогдох олон улсын баримт бичгүүдэд тусгагдсан байдаг.

ДЭМБ-ын судалгаагаар, тамхины үнийг 10 хувиар нэмэгдүүлэхэд хэрэглээ дунджаар 4 хувь, харин хөгжиж буй орнуудад 5-7 хувиар буурдаг байна. Ялангуяа өсвөр насныхан болон бага орлоготой иргэд үнийн өсөлтөд илүү мэдрэмтгий байдаг тул тамхины хэрэглээнээс татгалзах магадлал өндөр байдаг гэж үздэг.

Мөн ДЭМБ-аас бүх төрлийн татвар буюу онцгой албан татвар, гаалийн албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар зэрэг нь тамхины жижиглэн худалдааны үнийн доод тал нь 75 хувийг бүрдүүлэх ёстой гэж зөвлөдөг. Гэтэл Монгол Улсад тамхин бүтээгдэхүүний дундаж үнэ 3,850 төгрөг байгаа бөгөөд үүний ердөө 40 орчим хувийг татвар эзэлж байна. Энэ нь Монгол Улсыг дэлхийн хамгийн хямд тамхитай орнуудын нэг болгож, тамхины хэрэглээг өдөөх нөхцөлийг бүрдүүлж байна.

Өөрөөр хэлбэл, тамхины татварын түвшин болон хэрэглээ нь урвуу хамааралтай бөгөөд татвар нэмэгдсэнээр үнэ өсөж, хэрэглээ буурдаг нь олон улсын туршлагаар нотлогдсон. Ялангуяа хүүхэд, өсвөр насныхан болон бага орлоготой бүлгийн дунд энэхүү нөлөө илүү өндөр байдаг. Иймээс тамхины татварыг зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх хэрэгсэл бус, харин нийгмийн эрүүл мэндийг хамгаалах хамгийн үр дүнтэй бодлогын арга хэмжээ гэж үздэг.

Иймд Монгол Улсын хувьд бүх төрлийн тамхин бүтээгдэхүүнд ногдуулах онцгой албан татвар болон импортын татварын хэмжээг ДЭМБ-аас зөвлөмж болгож буй босго түвшинд хүргэж нэмэгдүүлэх замаар тамхины хэрэглээг бууруулах бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Монгол Улс 2020 оноос хойш уламжлалт тамхинд ногдуулах онцгой албан татварын хэмжээг нэмэгдүүлээгүй байна. Харин электрон тамхи нь хууль тогтоомжийн хүрээнд тамхин бүтээгдэхүүний ангилалд бүрэн хамрагдаагүйгээс шалтгаалан онцгой албан татвар ногдуулдаггүй бөгөөд зөвхөн импортын хэмжээ өссөнтэй холбоотойгоор татварын нийт орлого нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Гаалийн ерөнхий газрын мэдээллээс харахад 2020-2024 оны хугацаанд уламжлалт тамхины импортын хэмжээ өссөн хэдий ч онцгой албан татварын хувь хэмжээ өөрчлөгдөөгүй хэвээр байгаа бол электрон тамхи, цэнэглэгч шингэн болон төхөөрөмжийн импортын хэмжээ эрчимтэй нэмэгдэж, зах зээлийн хэрэглээ хурдацтай тэлж байгааг харуулж байна.

Мөн Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгээс 2025 онд хийсэн “Тамхины хяналтын тухай хуулийн зарим зүйл, заалтын хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ”-гээр одоогийн хууль тогтоомж нь шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүний хэрэглээг үр нөлөөтэй зохицуулахад хангалтгүй байгааг дүгнэж, холбогдох зохицуулалтуудыг шинэчлэн боловсронгуй болгох шаардлагатай гэсэн санал, дүгнэлт гаргасан байна.