УИХ-аас “Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх” сэдвийн хүрээнд хийх ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд болж байна.
Сонсголын өмнө холбогдох шинжээчдийн дүгнэлтийн зарим хэсгийг олон нийтэд нээлттэй байршуулсан бөгөөд нийслэлд хэрэгжиж буй томоохон төслүүдийн бэлтгэл, хууль эрх зүйн нийцлийн талаар анхаарал татсан асуудлууд дурдагджээ.
Тухайлбал, Туулын хурдны зам төслийг эхлүүлэх үед шаардлагатай үндсэн үнэлгээ, зөвшөөрөл, бэлтгэл ажлууд бүрэн хангагдаагүй байсан гэж шинжээчид үзсэн байна. Үүнд:
-Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ батлагдаагүй
-Усны газраас албан ёсны дүгнэлт гаргаагүй
-Төслийн талаар олон нийтийн хэлэлцүүлэг огт зохион байгуулаагүй зэрэг багтжээ.
Эдгээр нөхцөл байдал нь төслийг хууль, журмын шаардлага бүрэн хангаагүй үед эхлүүлсэн байж болзошгүйг харуулж байна гэж шинжээчид дүгнэжээ. Мөн энэ нь Төсвийн тухай хууль болон холбогдох бусад эрх зүйн зохицуулалтыг зөрчсөн байж болзошгүй гэсэн дүгнэлт гарсан байна.
Үүнээс гадна зарим томоохон төслийн хувьд үр өгөөж, эдийн засгийн тооцооллыг хэт өөдрөгөөр буюу бодит нөхцөлөөс зөрүүтэй гаргасан байж болзошгүй гэж шинжээчдийн тайланд анхааруулжээ.
Сонсголд нийт 100 гаруй хүн оролцохоор бүртгүүлсэн бөгөөд нийслэлийн удирдлагын төлөөллүүд сонсголд хүрэлцэн ирээд байгаа бөгөөд Хотын дарга Б.Пүрэвдагва, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбат, Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Мөнхбаатар нар оролцож байна.
Сонсголын үеэр нийслэлийн томоохон хөрөнгө оруулалтын төслүүд, тэр дундаа дэд бүтэц, зам тээвэр, хот байгуулалтын чиглэлийн олон тэрбум ам.долларын санхүүжилттэй ажлуудын хэрэгжилт, хууль эрх зүйн үндэслэл, үр дүнгийн талаар дэлгэрэнгүй тайлбар, мэдээлэл авч буй юм.
Сангийн сайд З.Мэндсайхан "Нийслэл Улаанбаатар хотын төсвийн алдагдал сүүлийн жилүүдэд огцом нэмэгдэж байгаа бөгөөд 2026 оны нийслэлийн ИТХ-аар баталсан төсвийн алдагдал УИХ-аар баталсан нэгдсэн төсвийн алдагдлаас 1.4 их наяд төгрөгөөр өндөр байна.
Энэхүү нөхцөл байдлаас шалтгаалан төсвийн гүйцэтгэлийн хүрээнд Төсвийн хүрээний мэдэгдэл болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагуудыг бүрэн хангах боломжгүй нөхцөл үүсэж байна.
Төсвийн тухай хуулийн 57.2-т орон нутгийн төсвийг алдагдалгүй батлах ёстой гэж заасан бол 57.3-т орон нутгийн төсвийн урьд оны үлдэгдлээс санхүүжих зарлагыг төсөвт тусган баталж, хэрэгжүүлэх зохицуулалтыг тодорхой тусгасан байдаг.
Гэвч эдгээр заалтын хэрэгжилт хоорондоо уялдаа сул, зөрчилтэй байгаа нь урьд оны үлдэгдлээс санхүүжих зарлагыг нэмэгдүүлэх замаар төсвийн зардлыг тэлэх, улмаар төсвийн алдагдал өсөх нөхцөлийг бүрдүүлж байгааг анхаарах шаардлагатай.
Мөн Нийслэл Улаанбаатар хотын чиг үүргийг Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулиар зохицуулж байгаа хэдий ч, хотын төсвийн чадавхтай уялдуулан зарим чиг үүргийг нийслэлд бүрэн шилжүүлэх шаардлага бий.
Үүнээс гадна аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 40 хувийг тухайн аж ахуйн нэгж байрлаж буй аймаг, нийслэлд хуваарилдаг болсон нь орон нутгийн төсвийн зардлын тэлэлтийг нэмэгдүүлж байна" гэв.