Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12, 9 дүгээр зүйлийн 9.1, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасны дагуу Хүний эрхийн Үндэсний Комисс (цаашид “Комисс” гэх) Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг жил бүрийн эхний улиралд багтаан Монгол Улсын Их Хуралд хүргүүлдэг.
Комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлийг “Иргэний эрүүл мэндээ хамгаалуулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийн хэрэгжилт”, “Шүүх шинжилгээ ба хүний эрх”, “Олон нийтийн мэдэх эрхийн төлөв байдал”, “Хүний эрх хамгаалагчийн эрхийн хэрэгжилт”, “Хүүхэд хамгааллын тогтолцооны анхаарах зарим асуудал”, “Жендэрийн эрх тэгш байдлыг хангахад эрэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал” гэсэн 6 бүлгийн хүрээнд боловсруулжээ.
Энэхүү илтгэлийг Комиссын стратеги төлөвлөгөө, жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний хүрээнд хийсэн хяналт шалгалт, иргэдээс Комисст ирүүлсэн гомдол, мэдээлэл, Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийн хэрэгжилт, судалгаа, дүн шинжилгээ, төрийн болон бусад байгууллагаас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн боловсруулж Монгол Улсын Их Хурлаар хэлэлцүүлж, шийдвэр гаргуулахаар 60 саналыг танилцуулав.
Хүмүүн.мн сайт Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлийн VI бүлэг: Жендерийн эрх тэгш байдлыг хангахад эрэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал, 6.2. Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн тухай онцлон хүргэж байна.
Эрэгтэйчүүдийн дундаж наслалтын зөрүү 9.2 жил, нас баралт 61.3 хувь байна
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 6 дахь заалтад хүн “Эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрх”-ийг баталгаажуулсан. Хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ялгаварлан гадуурхахгүйгээр тэгш хүртээмжтэй үзүүлэх, төрөөс эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эрүүл мэндийн онцлог хэрэгцээнд зориулсан үйлчилгээ бий болгох эрх зүйн үндсийг бүрдүүлсэн байна.
Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудалд онцгойлон анхаарч, Засгийн газар 2020 онд эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө (2020-2022), Эрүүл мэндийн яам 2021 онд Эрүүл, чийрэг эр хүн арга хэмжээний төлөвлөгөө (2021-2024)-г хэрэгжүүлж дууссан.
Өмнөх төлөвлөгөөний биелэлт хангалтгүй үнэлэгдсэн заалтуудыг тусган дараагийн шатны төлөвлөгөөг үргэлжлүүлэн Засгийн газар эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө (2024-2027), Эрүүл мэндийн яам (ЭМЯ) Эрэгтэйчүүд эрүүл мэнд арга хэмжээний төлөвлөгөө (2025-2028)-г тус тус батлан хэрэгжүүлж байгаа аж.
Гэвч Монгол Улсад 2025 оны байдлаар эрэгтэйчүүдийн дундаж наслалтын зөрүү 9.2 жил, нас баралт 61.3 хувь, эрэгтэйчүүдийн амбулаторийн үйлчилгээний ашиглалт эмэгтэйчүүдээс 1.6 дахин бага, осол гэмтэл, амиа хорлолтын тохиолдол эмэгтэйчүүдээс 5 дахин өндөр хэвээр байна.
Дундаж наслалт, нас баралт: Хүн амын дундаж наслалт гэдэг нь тухайн улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил, түүний үр нөлөөг илэрхийлдэг хүний хөгжлийн индексийн үзүүлэлтүүдийн нэг юм. Тиймээс дундаж наслалтыг судлахдаа нас баралтыг насны бүлгээр авч үзэх нь зайлшгүй.
.
Монгол Улсын хүн амын төрөлтөөс тооцсон дундаж наслалт 2024 онд улсын хэмжээнд 71.7 болж, сүүлийн 10 жилийн дунджаас 1, өмнөх оноос 0.3 жилээр өсжээ. Хүйсээр харвал, эмэгтэйчүүдийн дундаж наслалт 77.1, эрэгтэйчүүдийнх 67.9 жил байгаа бөгөөд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү 9.2 жил байгаа нь дэлхийн дундаж (3-6 жил)-аас өндөр аж.
2024 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд эрэгтэйчүүдийн дундаж наслалтын тоон мэдээллээс үзвэл эмэгтэйчүүдээс мэдэгдэхүйц доогуур байгаа бөгөөд ялангуяа үйлдвэржилт өндөр хөгжсөн төвийн бүсийн Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт дундаж наслалтын зөрүү хамгийн өндөр түвшинд хүрсэн буюу 12.2 жил байна.
Хүн амын нас баралт нь улсын нийгэм, эдийн засаг, эрүүл мэндийн салбарын хөгжлөөс шууд хамааралтай үзүүлэлт юм. Монгол Улсын хэмжээнд хүн амын нас баралтын түвшин нь насны бүтэц, амьдралын хэв маяг, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, хүрээлэн буй орчны нөлөөлөл зэрэг олон хүчин зүйлээс хамаарч байна.
Монгол Улсад сүүлийн 10 жилд дунджаар 17.3 мянган нас баралтын тохиолдол бүртгэгдсэнээс 61.3 хувь нь эрэгтэйчүүд, 38.7 хувь нь эмэгтэйчүүд байгаа бөгөөд шалтгаанаар авч үзвэл зүрх судасны тогтолцооны өвчин (31.9 хувь), хавдар (25.0 хувь), осол гэмтэл, гадны шалтгаан (18.6 хувь) зонхилж байна.
2025 оны жилийн эцсийн байдлаар 17,907 нас баралтын тохиолдол бүртгэгдсэнээс эрэгтэйчүүд 11,177 буюу 62.4 хувийг, 6,730 буюу 37.6 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Дундаж наслалтыг тухайн насны хүн ам, тэдгээрийн нас баралтыг харьцуулан нас баралтын коэффициентыг бодож, одоогийн наснаас дараагийн насанд шилжин амьдрах магадлалаар тооцдог.
Дээрхээс үзэхэд 2021 онд эрэгтэйчүүдийн нас баралт 7.3 болж огцом өссөн нь цар тахлын үеийн эрүүл мэндийн системийн ачаалал, эрсдэлтэй хөдөлмөр эрхлэлтийн үр дагавар эрэгтэйчүүдэд илүү хүчтэй нөлөөлснийг илтгэнэ.
Нас баралтын ерөнхий коэффициентыг 2015-2025 оны хугацаанд хүйсээр авч үзэхэд эрэгтэйчүүдийн нас баралт дээрх хугацаанд эмэгтэйчүүдээс өндөр байгаа нь Монгол Улсад эрэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, амьдралын хэв маягтай холбоотой асуудлууд хуримтлагдсан хэвээр байна.
Эрэгтэйчүүд урьдчилан сэргийлэх үзлэг, эмнэлгийн тусламжид оройтож хандах, сэтгэл зүйн болон эрүүл мэндийн асуудлаа нууцлах хандлагатай байдаг нь өвчнийг хүндрүүлж, нас баралтын эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын тооцооллоор Монгол Улсын 30-70 насны хүн амын дундах халдварт бус өвчний дөрвөн гол өвчнөөр нас барах магадлал 26.3 байгаа нь дэлхийн дундаж (17.8)-аас 8.5, бүсийн дундаж (15.9)-аас 10.4-р тус тус өндөр байгаа аж.
Эрүүл мэндийн статистикаар 2024 онд зүрх судасны өвчин, хавдар, чихрийн шижин, амьсгалын замын архаг өвчнөөр нас барсан 30-70 насны шалтгаант нас баралтын 6,405 тохиолдол бүртгэгдсэн нь нийт нас баралтын 35.4 хувийг эзэлжээ.
Эдгээр өвчлөлийн шалтгаант нас баралтын түвшин 2024 оны байдлаар тухайн насны 10,000 эрэгтэйд 59.7 тохиолдол, эмэгтэйд 24.2 тохиолдол байгаа аж.
Өвчний шалтгаант нас баралтад эрэгтэйчүүдийн эзлэх хувь 2024 онд 76.6 хувь байсан бол 2025 онд 83.6 хувь болж өссөн. Мөн зам тээврийн ослоор нас баралт 2024 онд 3.5 хувь, 2025 онд 3.6 хувь, амиа хорлолтын улмаас нас баралт 2024 онд 4.0 хувь байсан бол 2025 онд 4.3 хувь болж нэмэгдсэн нь эрэгтэйчүүдийн нас баралтын эрсдэл жил бүр өсөх хандлагатай байгааг харуулж байгаа юм. Энэ нь эрэгтэйчүүдийн амьд явах эрхийн хэрэгжилтэд сөргөөр нөлөөлж байна.
Хөдөлмөрийн идэвхтэй 25-59 насны бүлэгт эрэгтэйчүүдийн нас баралтын хувь огцом нэмэгдэж байгаа нь эрсдэлтэй хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн аюулгүй байдал хангалтгүй, архи, тамхины хэрэглээ, зам тээврийн осол, танхайрал, зодоон мөн эрүүл мэндийн тусламжид хожуу хандах хандлагатай уялдаж байна.
Эрэгтэй хүмүүс эрүүл мэнддээ гүндүүгүй зангаар ханддаг
Дунд болон ахимаг насны эрэгтэйчүүдийн архаг өвчин, зүрх судас, хоол боловсруулах болон осол, гэмтлийн шалтгаант нас баралт хуримтлагдан, 60-аас дээш насанд өндөр түвшинд байгаагаас харахад эрэгтэйчүүд эрт үеийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ, тогтмол үзлэгт хамрагдах дадал хэвшил төлөвшин тогтоогүйтэй холбон тайлбарлаж болохоор байна.
Нөгөөтэйгүүр 2020-2024 оны эрүүл мэндийн үзүүлэлтийн статистик мэдээлэл, Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс авсан нас баралт болон амбулаторийн үйлчлүүлэгчдийн тоон үзүүлэлтүүдийг хүйсээр ангилан шинжилсэн судалгаанд өрхийн болон сумын эрүүл мэндийн төвүүдэд бүртгэгдсэн нас баралтын хүйсийн харьцаа эрэгтэй: эмэгтэй = 1.6:1, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд 1.3:1, харин лавлагаа шатлалын (гуравдугаар шатлалын) эмнэлгүүдэд 1.67:1 байгааг тогтоожээ.
Өөрөөр хэлбэл бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудад эрэгтэйчүүдийн нас баралт эмэгтэйчүүдээс өндөр хувьтай бүртгэгдсэн байна.
Үүнээс харахад эрэгтэйчүүдийн хувьд анхан шатны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах хандлага сул, эмнэлэгт хожуу хандах, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах нь хангалтгүй байгаа нь өвчний хүндрэл нэмэгдэх, улмаар нас баралтын эрсдэлийг өсгөж байна.
Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн чиглэлээр төрөөс хэрэгжүүлж буй бодлогын баримт бичигт “Малчны хотонд хүрч, малчин эрэгтэйчүүдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах”, Засгийн газраас “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө (2024- 2027)”-нд “төрийн цэргийн болон эрэгтэйчүүд олноор ажилладаг уул, уурхай, барилга, зам тээврийн гэх мэт салбаруудад ажилладаг эрэгтэйчүүдийг эрт илрүүлэг үзлэг, оношилгоонд хамруулах”-аар тусгажээ.
Эрт илрүүлгийн тайланд үзлэгт хамрагдсан иргэдийг зөвхөн нас, хүйсээр ангилан гаргаж байгаа нь хангалтгүй. Харин иргэдийн мэдээллийг хөдөлмөр эрхлэлт, боловсрол, гэр бүлийн байдал зэрэг үзүүлэлтээр нарийвчлан ангилснаар зорилтот бүлгийн хамрагдалтыг илүү оновчтой үнэлж, тэдэнд чиглэсэн хүртээмжтэй, чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг төлөвлөх, хүргэх боломж бүрдэх юм.
Эрэгтэйчүүдийн өвчлөл: Монгол эрэгтэйчүүдийн нас баралтын 83.6 хувь нь өвчлөлийн улмаас, насны ангиллаар авч үзвэл, хүүхэд, өсвөр насанд амьсгалын замын өвчлөл, 20-39 насанд гэмтэл хордлого, гадны шалтгаант бусад эмгэг, 40-44 насанд хоол боловсруулах тогтолцооны өвчин, 45-аас дээш насанд зүрх судасны тогтолцооны эмгэг тус тус тэргүүлж байна.
Эрэгтэйчүүдийн 30№59 насанд хоол боловсруулах, зүрх судасны тогтолцооны өвчин болон гэмтэл, хордлогын эзлэх хувь харьцангуй өндөр байна. Энэ нь эрэгтэйчүүдийн дунд хөдөлмөр болон зан үйлийн эрсдэл, архи, тамхи, стресс, эрүүл мэндийн тусламжид хожуу хандах хандлагатай холбоотой байж болохыг дараах графикаас харж болно.
Нийт дүнгээр авч үзэхэд амбулаторийн өвчлөлийн бүтэц нь нас ахих тусам халдварт болон хурц өвчнөөс архаг, амьдралын хэв маягтай холбоотой өвчин рүү шилжих хандлагатай бөгөөд эдгээр өвчлөл эрэгтэйчүүдийн дунд илүү байгааг харуулж байна.
Ялангуяа, 30-59 насны эрэгтэйчүүдийн дунд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, эрүүл амьдралын хэвшлийг дэмжих бодлого, үйлчилгээ сул байгаа нь тодорхой байна. Иймд амбулаторийн өвчлөлийн нас, хүйсийн ялгаатай бүтэц нь эрүүл мэндийн бодлого, урьдчилан сэргийлэх арга хэмжээг нас, хүйсийн онцлогт нийцүүлэн зорилтот байдлаар хэрэгжүүлэх шаардлагатай.
Амбулаторийн өвчлөлийн тэргүүлэх шалтгааны нэг болох шээс, бэлгийн тогтолцооны эмгэгт эрэгтэйчүүд нас ахих тусам илүү өртөх хандлагатай байгаатай холбогдуулан урологи-андрологийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байна.
Тухайлбал, 2017 онд улсын хэмжээнд ганцхан байсан урологи-андрологийн төвийг 2024 оны байдлаар 28 болгон нэмэгдүүлж, андрологич эмчийн тоог 6-44 болгон өсгөсөн бөгөөд нийслэлд 13, орон нутагт 15 кабинет эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна.
Түүнчлэн Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/449 дүгээр тушаалаар “Эрэгтэйчүүдийн кабинетын үлгэрчилсэн загвар, ажиллах журам”-ыг баталж, уг кабинетыг өмчийн бүх хэлбэрийн лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагын амбулаторийн тусламж, үйлчилгээний бүтцийн нэгж байхаар зохицуулсан.
Амбулаторийн өвчлөлийн тэргүүлэх 5 шалтгааны нэг болох зүрх судасны тогтолцооны өвчинд нөлөөлөх нэг гол хүчин зүйл нь таргалалт юм. Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдалд хийсэн үндэсний 6 дугаар судалгаагаар эрэгтэйчүүдийн дунд илүүдэл жин, таргалалтын тархалт 57.4 хувь, үүнээс 17 хувь нь таргалалттай байна.
Эрэгтэйчүүдийн дунд элэг, ходоод, уушги, улаан хоолой, бөөр, давсагны хорт хавдар зонхилжээ
Илүүдэл жин, таргалалтын тархалт 30-39 насанд 62.2 хувь, 40-49 насанд 64.5 хувь байгаа нь бусад насны бүлгээс өндөр үзүүлэлттэй байна. Мөн гэр бүлтэй 62 хувь, дээд боловсролтой 64.1 хувь, өрхийн аж байдлын түвшин дунджаас дээгүүр эрэгтэйчүүдийн дунд илүүдэл жин, таргалалт харьцангуй түгээмэл байна.
Мөн эрэгтэйчүүдийн дунд элэг, ходоод, уушги, улаан хоолой, бөөр, давсагны хорт хавдар зонхилжээ. Тухайлбал, 2025 онд шинээр бүртгэгдсэн элэгний хорт хавдрын 53.7 хувь, ходоодны хорт хавдрын 68 хувь, уушгины хорт хавдрын 78.4 хувь, улаан хоолойн хорт хавдрын 63.4 хувь, бөөрний хорт хавдрын 55.6 хувь, давсгийн хорт хавдрын 76.1 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна.
Энэ нь архи, тамхины хэрэглээ, хөдөлмөрийн аюултай орчин, орчны бохирдол зэрэг жендэрийн үүрэг, зан үйлтэй холбоотой эрсдэлт хүчин зүйлс эрэгтэйчүүдийн дунд илүү төвлөрч байгааг илтгэнэ.
Эрэгтэйчүүдийн өвчлөл, түүнээс улбаалсан нас баралт нь нэг талаас тэдний зан үйл, амьдралын буруу дадал хэвшил, хорт зуршилтай нягт холбоотой бол, нөгөөтээгүүр эрүүл мэндийн салбарын бодлого, тусламж, үйлчилгээний хүртээмж, системийн буюу тогтолцооны асуудал байна.
Нөгөө талаар эрэгтэйчүүд эрүүл мэндийн үйлчилгээ авах нь бага, хожуу шатанд өвчнөө оношлуулах хандлагатай байдаг нь нас баралтыг нэмэгдүүлдэг. Энэ нь “эр хүн өвдөх ёсгүй” гэх нийгмийн хэвшмэл ойлголттой холбоотой гэж зарим судалгаагаар тогтоогдсон байна.
Иймд тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхийн сацуу зан үйлийн өөрчлөлтөд чиглэсэн нөлөөллийн кампанит ажил өрнүүлэх, төрөөс өвчний өгөгдөлд суурилсан бодлогыг зөвхөн эмчилгээ бус, урьдчилан сэргийлэх, зан үйлийг өөрчлөлт, эрүүл амьдралын хэв маягт тохирсон орчин нөхцөлийг бүрдүүлэх, олон нийтийн оролцоонд тулгуурласан цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай юм.
Олон улсын түвшинд (НҮБ), ДЭМБ, Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа Хөгжлийн Байгууллага, Дэлхийн Банк зэрэг байгууллагууд “жендэрийн эрх тэгш байдлыг хангахад эрэгтэйчүүд, хөвгүүдийн үүрэг, оролцоо” хандлагыг бодлогоор дэмжиж, эрэгтэйчүүдийг нийгмийн эрсдэлтэй бүлэг хэмээн авч үзэх чиглэлд бодлогоо шинэчилж байна.
Австрали, Ирланд, Канад зэрэг улс орнууд эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн тусгай стратеги хэрэгжүүлснээр өвчлөл, нас баралт, амиа хорлолтыг бууруулахад бодит ахиц гарч эхэлсэн нь сайн туршлага болж байна.
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамрагдалт Эрүүл мэндийн зайлшгүй шаардлагатай тусламж, үйлчилгээний хамралтын хувийг нөхөн үржихүйн, эх, нярайн болон хүүхдийн эрүүл мэнд, халдварт өвчин, халдварт бус өвчин, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чадавх, хүртээмжийн 14 үндсэн үзүүлэлтийн геометр дунджаар тооцоолж гаргадаг.
Эрүүл мэндийн зайлшгүй шаардлагатай тусламж, үйлчилгээний хамралтын хувийг 2021 онд 65 хувь байгаа нь дэлхийн дундаж (68)-аас 3, бүсийн дундаж (79)-аас 11 хувиар тус тус бага байна. ЭМЯ-ны “Эрүүл, чийрэг эр хүн” арга хэмжээний төлөвлөгөө (2021-2024)-ний зорилго нь эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих, тэдэнд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан, дундаж наслалтыг нэмэгдүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдсэн.
Төлөвлөгөөний хүрээнд хэрэгжүүлэх 46 арга хэмжээний биелэлт 49.6 хувьтай, шалгуур үзүүлэлтийн биелэлт 39.3 хувь буюу үр нөлөө багатай, төлөвлөгөөг хэрэгжүүлснээр хүн амын эрүүл мэндэд дорвитой өөрчлөлт гарсан гэж үзэх боломжгүй гэж дүгнэжээ.
Түүнчлэн төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээний талаар хэрэгжүүлэгч байгууллагууд мэдээлэл дутмаг, хэрэгжилтийг хангах чиглэлд хангалттай ач холбогдол өгч, анхаарал хандуулаагүй, санхүүжилтгүй, салбар хоорондын хамтын ажиллагаа сул байсан нь хэрэгжилт хангалтгүй үнэлгээ авахад нөлөөлөх
гол хүчин зүйл болсон.
ЭМЯ-ны Эрэгтэйчүүд эрүүл мэнд арга хэмжээний төлөвлөгөө (2025-2028)-нд өмнөх “Эрүүл, чийрэг эр хүн” арга хэмжээний төлөвлөгөөний санхүүжилтийн асуудлыг залруулж, жил бүр шаардагдах төсвийг нарийвчлан тодорхойлж, тодорхой төрлийн үйл ажиллагааг эрүүл мэндийн даатгалын сан, эрүүл мэндийг дэмжих сан, орон нутгийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас санхүүжүүлж, биелэлтийг хагас бүтэн жилээр тайлагнахаар зохицуулсан нь сайшаалтай байна.
Судалгаанд анхан шатны (өрх, сумын) эмнэлгийн амбулаторийн тусламж, үйлчилгээний хүйсийн харьцаа эрэгтэй:эмэгтэй = 0.65:1, аймаг, дүүргийн эмнэлгүүдэд 0.57:1, харин лавлагаа шатлалын эмнэлэгт 0.73:1
гарчээ. Энэ нь бүх түвшний эрүүл мэндийн байгууллагуудад эрэгтэйчүүд амбулаторийн тусламж, үйлчилгээг эмэгтэйчүүдээс бага авч байгааг харуулж байна.
Хэвтэн эмчилгээний хувьд анхан шатны тусламж, үйлчилгээний байгууллага өрх, сумын эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлэгчдийн хүйсийн харьцаа 0.61:1, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн хүйсийн харьцаа 0.76:1, харин лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээний байгууллага төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, тусгай төвүүдэд хэвтэн эмчлүүлэгчдийн хүйсийн харьцаа 0.92:1 байна.
Үүнээс харвал бүх шатанд эрэгтэйчүүд анхан шатны болон хэвтэн эмчлүүлэх тусламжийг эмэгтэйчүүдээс бага, шатлал ахих тусам хүйсийн харьцаа ойртож байгаа нь эрэгтэйчүүд урьдчилан сэргийлэх болон хөнгөвтөр өвчлөлийн үед хэвтэн эмчлүүлдэггүй, өвчлөл хүндэрсэн үед, эсвэл гуравдугаар шатлалын төвүүдэд хандаж байгаатай холбоотой юм.
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хамрагдалт сүүлийн жилүүдэд тогтвортой өссөн боловч эрэгтэйчүүдийн хамрагдалт харьцангуй бага, нас баралтын түвшин өндөр байгаа тул анхан шатлалд эрт илрүүлэлт, урьдчилан сэргийлэх тусламж, үйлчилгээг эрэгтэйчүүдийн онцлог хэрэгцээнд суурилан сайжруулах нь чухал байна.
Олон улсын туршлагаас харахад эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг сайжруулахад зөвхөн эрүүл мэндийн салбарын арга хэмжээ хангалтгүй бөгөөд нийгмийн тодорхойлогч хүчин зүйлс, зан үйлийн өөрчлөлт, үйлчилгээний хүртээмж, олон нийтийн оролцоог хослуулсан цогц бодлого хэрэгжүүлж буй.
Тухайлбал, эрэгтэй хүнд ээлтэй үйлчилгээ, ажлын байр суурьтай эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, сэтгэцийн эрүүл мэндийн дэмжлэг, олон нийтийн оролцоонд суурилсан хөтөлбөрүүд хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээг авч байна.
СЭМҮТ: 2025 онд сэтгэцийн эмгэгтэй хэвтэн эмчлүүлэгчдийн 46.6 хувь нь эрэгтэйчүүд байсан
Эрэгтэйчүүдийн сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах байдал нь нийгэм, соёлын хэвшмэл ойлголт зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан хангалтгүй байна. Улмаар сэтгэл гутрал болон дотоод сэтгэцийн зовуурийг эрт илрүүлэх, эмчилгээ авах боломж алдагдах явдал нийтлэг байна.
Тухайлбал, СЭМҮТ-ийн мэдээллээр 2025 онд сэтгэл гутралын улмаас амбулаториор үйлчлүүлсэн хүмүүсийн ердөө 13 хувь нь эрэгтэй байсан бол сэтгэцийн эмгэгтэй хэвтэн эмчлүүлэгчдийн 46.6 хувь нь эрэгтэйчүүд байсан. Мөн онд Аддиктологийн төвөөр хэвтэн эмчлүүлсэн 3,722 хүнээс 2,822 буюу 75.8 хувь нь эрэгтэйчүүд, 900 буюу 24.2 хувийг эмэгтэйчүүд эмчлүүлжээ.
Комиссын судалгаанд оролцогчдын 60 гаруй хувь нь сэтгэл зүй, санхүү, зан үйлийн асуудалд санаа зовниж байгаагаа илэрхийлсэн ч сэтгэл зүйн тусламж, зөвлөгөө авсан хувь 20.9 хувьтай байна. Судалгааны үр дүнгээс харахад эрэгтэйчүүд сэтгэл зүйн тусламж авах соёл, хандлага муу, асуудлаа нуух байдал түгээмэл байгаа нь сэтгэл гутрал, амиа хорлолтын эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Монгол Улсын хүн амын дундах амиа хорлож нас барсан тохиолдлын түвшин 100,000 хүн амд 2021 оны ДЭМБ-ын статистикаар 18.5 байгаа нь дэлхийн дундаж (9.2)-аас 9.3, Номхон далайн баруун эргийн бүсийн дундаж (9.4)-аас 9.1-оор тус тус өндөр байсан нь Номхон далайн баруун бүсийн орнуудын дунд 2 дахь өндөр тархалттай орон болж байсан.
Монгол Улсад сүүлийн 5 жил эрэгтэйчүүдийн нас баралтын 3 дахь ноцтой хэлбэр нь амиа хорлолт байгаа нь тулгамдаж буй асуудал юм. Эрэгтэйчүүдийн дунд амиа хорлолтын түвшин эмэгтэйчүүдээс их байна. Тухайлбал, 2015-2024 оны хугацаанд Монгол Улсад 100,000 хүн ногдох амиа хорлож нас барсан тохиолдлын түвшинг хүйсээр ялган харуулбал эрэгтэйчүүдийн дундах түвшин 24.1-28.6 хооронд хэлбэлзэж, эмэгтэйчүүдийнхээс үлэмж өндөр байгаа бол эмэгтэйчүүдийн дундах түвшин 3.1-4.7-ийн хооронд байна...