АНУ-ын арми баасан гарагт Ираны эсрэг цэргийн ажиллагаа явуулсан байна. АНУ "Энэ нь Ормузын хоолойд явж байсан ачааны хөлөг онгоц руу Ираны талаас нисгэгчгүй онгоц (дрон) ашиглан халдсан гэх үйл явдлын хариу арга хэмжээ" гэж мэдэгджээ.

Хоёр тал хоёул "Өнгөрсөн долоо хоногт байгуулсан гал зогсоох хэлэлцээрийг нөгөө тал зөрчсөн" хэмээн харилцан буруутгаж байгаа аж.

АНУ-ын Төв командлалын мэдээлснээр, тус улсын цэргийн онгоцууд пуужин болон дроны хадгалалтын байгууламж, эргийн радарын байрлал зэрэг байг онилон цохилт өгсөн байна.

Үүний дараа АНУ-ын тал “нууцын зэрэглэлгүй” гэж тэмдэглэсэн, дэлбэрэлт болж буйг харуулсан бүдэг хар цагаан бичлэг нийтэлжээ. АНУ-ын албан тушаалтан уг ажиллагаа дууссан талаар мэдээлсэн байна.

Иран "Манай нутаг дэвсгэрт халдсан" гэж мэдэгдэв

Ираны тал өмнөд нутгийн Сирик боомтын орчимд пуужин, мөн ямар нэгэн сум туссан гэж мэдээлжээ. Тегераны мэдэгдсэнээр, Ираны тэнгисийн цэргийн хүчин үүний хариуд бүс нутаг дахь АНУ-ын цэргийн байршлуудыг онилон цохилт өгсөн байна. Гэхдээ яг ямар объект өртсөн талаар дэлгэрэнгүй мэдээлээгүй аж.

Ираны төрийн хэвлэлд мэдээлснээр, Сирик боомтод дэлбэрэлтийн чимээ сонсогдож, уг бүсэд өмнө нь Ормузын хоолойн дүрэм зөрчсөн усан онгоцуудад анхааруулах гал нээж байсан гэжээ.

АНУ: Хүчирхийллийг хүчирхийллээр хариулна

АНУ-ын Төв командлалын мэдэгдэлд “Ираны цэргийн хүчний арилжааны усан тээврийн эсрэг хийсэн үндэслэлгүй түрэмгийлэл нь гал зогсоох хэлэлцээрийг тодорхой зөрчсөн” гэжээ. Тус командлал уг цохилтыг “Ормузын хоолойгоор дамжин өнгөрч байсан худалдааны хөлөг онгоц руу хийсэн халдлагын хүчтэй хариу” гэж тодорхойлсон байна.

АНУ-ын арми мөн "Ормузын хоолойгоор зорчиж буй худалдааны хөлөг онгоцуудад аюулгүй зорчих зохицуулалт болон дэмжлэг үзүүлсээр байх болно" гэж мэдэгджээ.

АНУ-ын дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнс хэлэхдээ “Иран гал зогсоох гэрээнд гарын үсэг зурсан. Бид гэрээг мөрдөж ирсэн. Хэрэв тэд санал зөрөлдөөнтэй байгаа бол утсаар ярьж болно. Гэхдээ хүчирхийлэлд хүчирхийллээр хариу өгнө” гэжээ.

Иран илүү өргөн хүрээний хариу арга хэмжээ авна гэж анхааруулав

Ираны Исламын хувьсгалын гварди мэдэгдэлдээ АНУ-ын бүс нутаг дахь цэргийн байрлалуудад цохилт өгсөн бөгөөд цаашид дахин халдлага гарвал “илүү өргөн хүрээтэй хариу” үзүүлнэ гэж анхааруулжээ. Тэд Ормузын хоолойн усан замын хөдөлгөөнийг хянах эрх Иранд байгаа гэж мэдэгдсэн байна.

Ираны тал “АНУ янз бүрийн чиглэлд өдөөн хатгалга хийж, энэ үүргийг зөрчихийг оролдсон. Шаардлагатай хариуг өгсөн бөгөөд цаашид ч өгөх болно” гэжээ.

Ормузын хоолой - Дэлхийн эрчим хүчний стратегийн зам

Сөргөлдөөн дахин хурцдахаас өмнө баасан гарагт нефтийн үнэ ойролцоогоор 3 хувиар буурсан байна. Учир нь, Ормузын хоолойгоор дамжин өнгөрдөг нефтийн тээвэр тодорхой хэмжээнд сэргэсэн бөгөөд энэ бүс нь дэлхийн нефть, шингэрүүлсэн байгалийн хийн нийлүүлэлтийн маш чухал гарц юм.

Ормузын хоолойгоор дэлхийн нефтийн нийлүүлэлтийн ойролцоогоор тавны нэг нь дамждаг гэж үздэг. Мөн Saudi Aramco компани Персийн булан дахь дэлхийн хамгийн том нефтийн боомтуудын нэг болох Рас Танура терминал дээр түүхий нефть ачих ажиллагаагаа сэргээсэн байна.

Дэлхийн улс орнууд чөлөөт тээвэрлэлтийг уриалав

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Персийн булангийн орнуудад хийсэн айлчлалынхаа үеэр бүс нутгийн холбоотнуудтай хамтарсан мэдэгдэл гаргажээ. Тэд Ормузын хоолойгоор чөлөөтэй, ямар нэгэн нөхцөлгүй, хязгаарлалтгүй усан тээвэр хийх боломжоор хангахыг уриалсан байна.

Ираны Гадаад хэргийн яам уг хоолойг Иран болон Оман хамтран зохицуулах ёстой гэж мэдэгдэж, Ираны дээд удирдагчийн зөвлөх Али Акбар Велаяти АНУ-ын холбоотон Персийн булангийн орнуудад анхааруулга өгчээ.

Эх сурвалж: REUTERS