Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский тус улсын Аюулгүй байдлын алба (АБА)-ны хэрэгжүүлэх 40 хоногийн тусгай ажиллагааний төлөвлөгөөг баталсан тухайгаа зургадугаар сарын 25-ны орой Telegram хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Зеленскийн мэдээлснээр, энэхүү ажиллагааны зорилго нь "түрэмгийлэгч улс"-д дарамт үзүүлж, дайныг зогсоож, энхийн замыг сонгоход хүргэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байгаа аж.
Украины Ерөнхийлөгчийн нийтэлсэн зурагт АБА-ны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Евгений Хмара Зеленскийд ажиллагааны талаар илтгэл танилцуулж буй дүрс харагдсан байна. Илтгэлд холын болон дунд зайн цохилтын ажиллагаа, мөн АБА-ны "Альфа" тусгай ажиллагааны төв фронтод явуулсан ажиллагааны үр дүнг тусгажээ.
Украины эрх баригчид "холын болон дунд зайн ажиллагаа" гэж ОХУ-ын цэргийн болон эрчим хүчний дэд бүтэц, мөн Оросын хяналтад байгаа Крым хойг дахь объектуудад алсын зайн нисгэгчгүй онгоц болон бусад зэвсгээр цохилт өгөх ажиллагааг хэлдэг. байна.
Зеленский АБА сүүлийн хэдэн сарын хугацаанд төрөл бүрийн дроныг өргөнөөр ашигласнаар фронтын шугамд Украины байрлалыг хамгаалах ажиллагаанд өндөр үр дүн үзүүлсэн гэж онцолсон байна. Түүний хэлснээр, АБА-ны "Альфа" төв нь Оросын цэргийн хүчний хүн хүч, техник хэрэгслийг устгасан үзүүлэлтээр тэргүүлж байгаа аж.
Үүнээс нэг өдрийн өмнө буюу зургадугаар сарын 24-нд Зеленский, хэрэв Украин Их долоо (G7)-гийн түншүүдтэй ярилцсан шаардлагатай дэмжлэгийг авбал "ОХУ-ыг энх тайвныг сонгохоос өөр аргагүй нөхцөл бүрдүүлэх боломжтой" гэж мэдэгдсэн ч ямар төрлийн тусламжийн талаар ярьж буй талаараа тодорхой хэлээгүй аж.
Сүүлийн үед Украин ОХУ-ын хяналтад байгаа Крым болон Оросын нутаг дахь цэргийн болон эрчим хүчний объектуудад алсын зайн дроноор цохилт өгөх ажиллагаагаа эрчимжүүлээд байна. Зургадугаар сарын 25-нд шилжих шөнө Краснодарын хязгаар дахь "Полтавская" нефтийн баазад дроны халдлага гарч, гал түймэр болсон талаар орон нутгийн эрх баригчид мэдээлжээ.
Мөн хэд хэдэн Telegram суваг Крым дахь Балаклавын болон Таврийн дулааны цахилгаан станц, "Кача" цэргийн нисэх буудлын орчимд дэлбэрэлт болсон, зарим хотод богино хугацаанд цахилгаан тасарсан тухай мэдээлсэн байна.
Эх сурвалж: DW