Европын холбоо (ЕХ)-ны гишүүн орнууд ирэх онд Украинд 70 тэрбум еврогийн нэмэлт санхүүгийн тусламж олгох асуудлаар одоогоор нэгдсэн байр сууринд хүрч чадаагүй байна. Тэр ч бүү хэл, энэ асуудал Европын зарим улсын нийслэлүүдийн хооронд зөрчил үүсгээд эхэлжээ.
Бүх талд хүлээн зөвшөөрөгдөхүйц шийдэл олохын тулд Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Антониу Кошта 2026 оны арваннэгдүгээр сарын 13-ны баасан гарагт Дублинд эхэлсэн ЕХ-ны удирдагчдын албан бус дээд хэмжээний уулзалтын үеэр Украины асуудлаарх хэлэлцүүлэгтэй хамтатган энэ асуудлыг авч үзэхээр шийдвэрлэсэн байна.
Дайны улмаас Киевийн санхүүжилтийн хэрэгцээ нэмэгджээ
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ЕХ 2026, 2027 онд Украинд дэмжлэг үзүүлэх зорилгоор 90 тэрбум еврогийн зээл олгохоор тохиролцсон. Уг хөрөнгийг Киев батлан хамгаалах болон төсвийн зардлаа санхүүжүүлэхэд зарцуулах ёстой байв.
Гэвч Европын Комисс энэхүү зээлийн хэмжээг тооцохдоо Олон улсын валютын сан (ОУВС)-гийн урьдчилсан таамаглалд тулгуурласан бөгөөд уг таамаглалд ОХУ-ын Украинд явуулж буй дайн 2026 онд дуусна гэж үзэж байжээ.
Гэвч дайн үргэлжилж, Орос улс Украины нутаг дэвсгэр даяар эрчим хүчний болон иргэний дэд бүтцэд чиглэсэн хүчтэй бөмбөгдөлтөө эрчимжүүлсэнтэй холбоотойгоор тус улсын санхүүжилтийн хэрэгцээ улам нэмэгдсэн байна.
Тиймээс аравдугаар сард Брюссельд болсон ЕХ-ны дээд хэмжээний уулзалтын үеэр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский 2027 онд батлан хамгаалах салбарын хэрэгцээнд зориулан 70 тэрбум еврогийн нэмэлт тусламж олгохыг хүсжээ.
Зеленский Европын түншүүддээ “Энэ бол бодитой тооцоолсон дүн. Та бүхнээс энэхүү дэмжлэгийг үзүүлэхийг хүсэж байна. Энэ нь бидэнд Оросыг тогтоон барихад тусална” хэмээн хандсан байна.
Зеленскийн хүсэлтийг Европын түншүүд нь анхааралдаа авчээ. Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Антониу Коштын мэдээлснээр, ЕХ-ны удирдагчид 2027 онд Украинд шаардлагатай нэмэлт санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй гэдэгт санал нэгдэж, шаардлагатай 70 тэрбум еврог хаанаас, ямар хэлбэрээр бүрдүүлэх талаар тодорхой санал боловсруулахыг Европын Комисст даалгасан байна.
Еврокомиссар: Киев нэмэлт зээл авах боломжтой
Европын Комисс одоогоор саналаа албан ёсоор танилцуулаагүй байгаа аж. Гэсэн хэдий ч Эдийн засгийн асуудал эрхэлсэн Европын комиссар Валдис Домбровскис “Украины санхүүжилтийн алдагдал төсөөлж байснаас илүү их болсон” тул түүнийг нөхөх асуудлаарх ажил бараг дууссан хэмээн мэдэгджээ. Тэрбээр эерэг шийдвэр гарна гэдэгт “болгоомжтой бөгөөд өөдрөг” байгаагаа илэрхийлсэн байна.
Домбровскисийн тайлбарласнаар, Киевт шаардлагатай 70 тэрбум еврогийн 45 тэрбум орчим буюу гуравны хоёр хувийг ЕХ гаргах төлөвтэй байгаа бол үлдсэн 25 тэрбум еврог Украины бусад түнш орнууд санхүүжүүлэх ёстой аж.
Энэ хөрөнгийг ЕХ ямар механизмаар олгох нь одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ Домбровскисийн хэлснээр, одоо судалж, боловсруулж буй гол хувилбаруудын нэг нь ЕХ-ны Украинд өмнө нь олгосон 90 тэрбум еврогийн зээлийн механизмтай төстэй хувилбар аж.
Тодруулбал, ЕХ хөрөнгийн зах зээл дээр бонд гаргаж, түүгээрээ дамжуулан хамтарсан зээл босгосон бөгөөд уг зээлийг ЕХ-ны төсвөөр баталгаажуулжээ. Харин зээлийн хүү болон үйлчилгээний бусад зардлыг мөн ЕХ-ны төсвөөс төлдөг. Украин үндсэн зээлээ зөвхөн Орос улс дайны улмаас учруулсан хохирлын нөхөн төлбөрийг төлсний дараа буцаан төлөх ёстой ажээ.
Берлин нэгдсэн байр суурь шаардав: Эс бөгөөс ЕХ-ны төсвийг хаана
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ЕХ Украинд 90 тэрбум еврогийн зээл олгох асуудлыг хэлэлцэх үеэр Унгар, Словак, Чех улс уг зээлд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн юм. Тухайн үед Европын удирдагчид зээлийн шийдвэрийг санал нэгтэй батлуулахын тулд эдгээр улсыг оролцуулахгүй байх нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн байна.
Энэ удаа Будапешт, Братислава, Прага хотуудын байр суурь өөрчлөгдөөгүй бөгөөд тэдэн дээр София ч нэмэгджээ. Эдгээр улс Украины шинэ зээлийн санхүүжилтийн хариуцлагыг хуваалцах хүсэлгүй байгаагаа дахин илэрхийлсэн байна.
Гэвч энэ байр суурь Германы Холбооны канцлер Фридрих Мерцээс урьд өмнө байгаагүй хурц хариу үйлдэл үзүүлэхэд хүргэжээ.
Financial Times сонины мэдээлснээр, Мерц Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Антониу Коштад захидал илгээж, ЕХ-ны бүх гишүүн улс Украинд урт хугацааны санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр тохиролцохгүй бол 2028-2034 оны ЕХ-ны төсвийг батлахад саад хийнэ хэмээн анхааруулсан байна.
Тэрбээр захидалдаа ЕХ-ны гишүүн бүх улсын дэмжлэгийг хүлээсэн шийдэл олох шаардлагатайг онцолжээ. Ингэснээр 2028 оноос эхлэн Украинд олон жилийн турш найдвартай санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломж бүрдэх бөгөөд үүнд Украинтай холбоотой одоо байгаа өр төлбөрийн хүүгийн зардал ч багтах ёстой гэж үзсэн байна.
Үүний хариуд Словакийн Ерөнхий сайд Роберт Фицо Мерцийн байр суурийг “шантаж” хэмээн нэрлэж, Братислава ч мөн “Германы Холбооны канцлертай адил хориг тавих эрхтэй” гэж сануулжээ.
Унгар, Чехийн Засгийн газрын тэргүүн Петер Мадьяр, Андрей Бабиш нар Украины санхүүжилтийн асуудлыг ЕХ-ны долоон жилийн төсвийг батлахтай холбохыг эсэргүүцсэн байна.
Харин Болгарын Ерөнхий сайд Румен Радев Украинд зээл олгохыг улс нь эсэргүүцэхгүй ч санхүүгийн нөхцөл байдал хүндрэлтэй байгаа учраас уг зээлд оролцохгүйгээ мэдэгджээ.
Шинжээч: Мерцийн байр суурь бол ухаалаг хэлэлцээний стратеги
Брюссельд төвтэй Bruegel судалгааны төвийн ахлах судлаач Гунтрам Вольфф "Украинд үзүүлэх урт хугацааны дэмжлэгийг ЕХ-ны ирэх долоон жилийн төсвийн санал хураалттай холбосон нь зоримог бөгөөд оновчтой алхам" гэж үзэж буй аж.
Тэрбээр DW-д өгсөн ярилцлагадаа “Эцсийн дүндээ тодорхой хэмжээний буулт, харилцан тохиролцоо хийх шаардлага гарна. Гэхдээ хэлэлцээний стратегийн хувьд энэ бол бүрэн үндэслэлтэй арга барил” гэж хэлжээ.
Вольффын үзэж буйгаар, Фридрих Мерц өөрийн байр сууриндаа тууштай байгаа аж. Учир нь, тэрбээр Европын хувьд хамгийн чухал зорилт бол Украиныг Оросын түрэмгийллийн эсрэг тэмцлээ үргэлжлүүлэх чадвартай байлгах, санхүүгийн хэрэгцээг нь хангах явдал гэж үздэг байна.
Вольфф "Хэрэв Европын орнууд Украинд дэмжлэг үзүүлэхийг хүсэхгүй байгаа бол ЕХ-ны төсөвт хамгийн их хувь нэмэр оруулдаг Герман улс яагаад бусад орнуудын ашиг сонирхлыг санхүүжүүлдэг уг төсвийг дэмжих ёстой гэж?" хэмээн байр сууриа тайлбарлажээ.
Шинжээчийн үзэж буйгаар, хамгийн чухал нь ЕХ-ны төсвийн санхүүгийн нөөцөөр дамжуулан Украинд шинэ зээл олгох нь ойрын жилүүдэд тус улсын санхүүжилтийг тогтвортой байлгах боломж бүрдүүлэх аж.
Вольфф “Миний бодлоор, энэ бол Европ Украинд хүлээж авч болох хамгийн чухал стратегийн амлалт. Маш хүчтэй дохио болно. Ингэснээр Владимир Путинд Украин Европын санхүүжилтийг цаашид ч авч, энэ дэмжлэг ирэх жилүүдэд тасрахгүй гэдгийг тодорхой ойлгуулна гэж найдаж байна” хэмээн онцолсон байна.
Энэ нь ЕХ-ны гишүүн орнуудын дотоод улс төрийн нөхцөл байдлыг харгалзан үзэхэд ч чухал ач холбогдолтой аж. Учир нь, Франц зэрэг аль нэг улсад ээлжит сонгуулийн дараа Украинд санхүүгийн дэмжлэг үзүүлэх сонирхол багатай удирдагч засгийн эрхэнд гарч болзошгүй юм байна.
Вольффын үзэж буйгаар, Берлин шийдэмгий байр суурь баримтлах болсон гол шалтгаануудын нэг нь Францын дараагийн Ерөнхийлөгч хэн болох талаарх тодорхойгүй байдал аж. Тэрбээр "Украины санхүүгийн дэмжлэгийг ЕХ-ны урт хугацааны төсөвт тусгаж чадвал гишүүн орнуудын улс төрийн өөрчлөлтөөс шалтгаалан уг тусламж тасалдах эрсдэлийг бууруулах боломжтой" гэж үзэж буй юм байна.
Украины санхүүжилт бол буяны үйл ажиллагаа биш
Вольфф өнгөрсөн жил Герман улс Украинд олгох 90 тэрбум еврогийн зээлээс Унгар, Словак, Чехийг чөлөөлөхийг зөвшөөрсөн атлаа энэ удаа улс төрийн дарамт шахалт үзүүлж буйг нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбон тайлбарлажээ.
Тэрбээр “Өнгөрсөн жил Украины санхүүгийн дэмжлэгийн асуудлыг хэлэлцэж байх үед ЕХ-ны урт хугацааны төсвийг батлах хэлэлцээ хараахан эхлээгүй байсан” гэж онцолсон байна.
Харин одоо ЕХ 2026 оны эцэс гэхэд ирэх долоон жилийн төсвийн талаар улс төрийн тохиролцоонд хүрэхийг зорьж байгаа аж. Энэ нь их хэмжээний санхүүгийн нөөцийн тухай асуудал бөгөөд тэдгээр хөрөнгөөс Украинд зээл олгоход оролцохоос татгалзаж буй улс орнууд ч хүртэх юм байна.
Шинжээч “Хэрэв тэд зөвшөөрөхгүй бол ЕХ-ны төсвийн талаар тохиролцоонд хүрч болох ч тэр нь нэлээд хязгаарлагдмал байх магадлалтай. Ийм тохиолдолд Герман улс төсөвт оруулах хувь нэмрээ хамгийн бага хэмжээнд хүртэл бууруулах болов уу” хэмээн таамаглажээ.
Түүнчлэн Вольфф Дублинд болох уулзалтын үеэр Германы байр суурь дэмжлэг авна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлсэн байна. Тэрбээр "Эцсийн дүндээ талууд харилцан хүлээн зөвшөөрөхүйц шийдэлд хүрнэ" гэж үзэж байгаа аж.
Вольфф “Одоогоор цөөн хэдэн жижиг улсыг эс тооцвол бүх удирдагч юуны төлөө шийдвэр гаргаж байгаагаа ойлгож байна. Украиныг санхүүжүүлэх нь буяны үйл ажиллагаа биш, харин Европ өөрийгөө хамгаалж буй нэг хэлбэр гэдгийг тэд ухамсарлаж байна” хэмээн онцолжээ.
Дублинд болох ЕХ-ны удирдагчдын албан бус уулзалтын үеэр Украины санхүүжилтийн асуудлаар өрнөх хэлэлцүүлэг нь арваннэгдүгээр сарын 26, 27-нд Брюссельд болох ЕХ-ны ээлжит бус дээд хэмжээний уулзалтын бэлтгэл болох аж. Тус уулзалтаар Европын удирдагчид 2027 онд Украинд олгох нэмэлт санхүүжилтийн асуудлаар эцсийн шийдвэр гаргахыг зорьж буй юм байна.
Эх сурвалж: DW
М.МАРКО