Орос, Украины дайн дуусах хүртэл ОХУ-ын тамирчид Финланд, Норвеги улсын нутаг дэвсгэрт зохион байгуулагдах спортын тэмцээнүүдэд оролцох боломжгүй болжээ.
Арваннэгдүгээр сарын 12-ны пүрэв гарагт дээрх хоёр улсын Засгийн газар ОХУ-ын тамирчдад виз олгохыг хориглох шийдвэр гаргаснаа зарлав.
Тухайлбал, Финландын эрх баригчид ОХУ-ын иргэдийг тус улсад нэвтрүүлэх нь "Финландын олон улсын харилцаанд заналхийлэл учруулна" гэж үзсэн тогтоол гаргасан байна. Энэ тухай тус улсын Засгийн газрын хэвлэлийн мэдээнд дурджээ.
Шинэ хязгаарлалт нь мэргэжлийн спортын салбарын тамирчид зэрэг богино хугацаанд ажиллах зорилгоор виз хүсэж буй хүмүүст хамаарах аж.
Арваннэгдүгээр сарын 16-наас эхлэн Финландын эрх баригчид визний хүсэлтүүдийг хэлэлцэх, тус улсад нэвтрэх болон богино хугацаагаар оршин суух нөхцөлийг үнэлэхдээ энэхүү тогтоолыг харгалзан үзэх юм байна.
Украины дайнтай холбоотойгоор Оросын тамирчдад визний хязгаарлалт тогтоов
Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонен "ОХУ-ын түрэмгий дайн үргэлжилж байгаа энэ үед Оросын тамирчдад Финландад байх шаардлага байхгүй. Тэднийг манай улсад нэвтрүүлэх нь Финландын олон улсын харилцаанд заналхийлэл учруулна. Үндэсний ашиг сонирхолд чухал ач холбогдолгүй бусад төрлийн богино хугацааны визтэй ажлуудад ч мөн адил хамаарна" гэж мэдэгджээ.
Мөн Шенгений бүсийн өөр нэг улсаас олгосон Шенгений визтэйгээр Финландад нэвтрэхийг хүссэн ОХУ-ын иргэдэд ч хилээр нэвтрэх зөвшөөрөл олгохоос татгалзаж болзошгүйг дурдсан байна.
Энэхүү хязгаарлалт нь төвийг сахисан статустайгаар тэмцээнд оролцохоор төлөвлөж буй Оросын тамирчдад ч мөн хамаарах аж.
Финландын Засгийн газрын мэдэгдэлд "ОХУ спортыг суртал ухуулгын зорилгоор ашиглаж, хууль бус түрэмгий дайныхаа зорилгыг хэрэгжүүлэхэд спортын салбарыг ашиглахыг эрмэлзэж байна" гэжээ.
Норвеги: ОХУ-ын мэргэжлийн спорт төрийн эрх баригчидтай нягт холбоотой
Мөн арваннэгдүгээр сарын 12-ны өдөр Норвеги улс үүнтэй төстэй арга хэмжээ авахаа зарласан байна.
Норвегийн Засгийн газрын мэдэгдэлд "Норвеги улс ОХУ болон Беларусийн иргэдэд виз олгох, хилээр нэвтрүүлэхтэй холбоотой хатуу журам хэдийнэ мөрддөг. Гэвч олон улсын спортын холбоодын гаргасан зарим хөнгөлөлтийн улмаас мэргэжлийн тамирчид болон тэднийг дагалдан яваа хүмүүс спортын тэмцээнд оролцохоор Норвегид зорчих боломжтой хэвээр байна.
Украинд дайн үргэлжилж байгаа хугацаанд эдгээр улсын мэргэжлийн тамирчид болон тэднийг дагалдан яваа хүмүүсийг Норвегид нэвтрүүлэхгүй байхыг Засгийн газар зорьж байна" гэжээ. Холбогдох өөрчлөлтүүд удахгүй хүчин төгөлдөр болох аж.
Норвегийн тал шийдвэрийнхээ үндэслэлийг дараах байдлаар тайлбарлажээ. Засгийн газар нь "ОХУ-ын мэргэжлийн спорт нь тус улсын эрх баригчид болон төрийн байгууллагуудтай нягт холбоотой. Тиймээс ОХУ-ын олон улсын спортын тэмцээнүүдэд оролцох асуудлыг Украины эсрэг үргэлжилж буй түрэмгий дайнаас нь тусад нь авч үзэх боломжгүй" гэж үзэж буй юм байна.
Беларусь улс ОХУ-ын дайныг дэмжиж, түүнийг явуулахад туслалцаа үзүүлжээ.
Финланд, Норвегийн визний хязгаарлалтаас болж Оросын тамирчид ямар тэмцээнүүдийг өнжих вэ?
SID агентлагийн мэдээлснээр Финланд, Норвеги улсын шинэ хязгаарлалтад дараах тэмцээнүүдэд оролцохоор төлөвлөж байсан Оросын тамирчид өртөх юм байна.
1. Цанын харайлтын дэлхийн цомын эхний шат — Норвегийн Лиллехаммер хотод арваннэгдүгээр сарын 20-ноос 22-нд болно.
2. Нордикийн цанын төрлүүдийн дэлхийн цом — Финландын Куусамо хотод арваннэгдүгээр сарын 27-ноос 29-нд болно.
3. Цанын гүйлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн — Арванхоёрдугаар сард Норвегийн Тронхейм хотод зохион байгуулагдана.
Харин биатлоны дэлхийн цомын эхний шат болох арваннэгдүгээр сарын 26-наас 29-нд Финландын Контиолахти хотод болох тэмцээнд Оросын тамирчид оролцох боломжгүй хэвээр байна.
Учир нь, Олон улсын биатлоны холбоо (IBU) Оросын тамирчдын оролцооны асуудлаар хатуу байр суурь баримталж байгаа юм. Финландын визний шинэ журам энэ нөхцөл байдалд нөлөөлөхгүй гэж SID агентлаг мэдээлжээ.
Мөн 2027 оны гуравдугаар сарын 16–21-нд Финландын Тампере хотод болох уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ч шинэ хязгаарлалтад өртөхөөр байна. Олон улсын тэшүүрийн холбоо (ISU) Финландын мэдэгдлийг хүлээн авснаа албан ёсоор илэрхийлжээ.
ISU-гийн мэдэгдэлд "Харамсалтай нь дэлхий дахинд олон тооны зөрчилдөөн, мөргөлдөөн гарч байгаа энэ үед тамирчид өөрсдийн улсын Засгийн газрын үйл ажиллагааны төлөө шийтгэл хүлээх ёсгүй гэж ISU үзэж байна" хэмээн онцолсон байна.
Тус холбоо тэмцээнийг зохион байгуулагчдаас энэ асуудлаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахаар төлөвлөж байгаа аж.
Эх сурвалж: DW