ОХУ, АНУ, Украины төлөөлөгчдийн Абу-Дабид хийсэн хэлэлцээний эхний өдрийн уулзалт өндөрлөжээ. ТАСС агентлагийн сурвалжлагчийн мэдээлснээр, уулзалт 40 орчим минутын завсарлагыг оролцуулан нийт 4.5 цаг үргэлжилсэн байна.
Хэлэлцээний талаар
Уулзалт Москвагийн цагаар 11:15 цагт (Гринвичийн цагаар 08:15) эхэлжээ. ОХУ болон Украины төлөөлөгчид хоорондоо орос хэлээр ярилцсан гэж эх сурвалж ТАСС агентлагт мэдээлсэн байна. Хэлэлцээ арваннэгдүгээр сарын 11-нд үргэлжилнэ гэж эх сурвалж мэдээлжээ.
Оросын төлөөлөгчдийг Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский, Украины төлөөлөгчдийг Гадаад тагнуулын албаны дарга Рустем Умеров нар тэргүүлж байгаа аж.
Хэлэлцээ эхлэх үед АНУ-ын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер, НАТО-гийн Европ дахь холбоотны хүчний дээд ерөнхий командлагч, генерал Алексус Гринкевич болон АНЭУ-ын Гадаад хэргийн сайд Абдулла бин Зайд Аль Нахаян нар Абу-Дабид хэлэлцээний ширээний ард сууж байжээ.
Францын албаны хүмүүсийн мэдэгдлээс үл хамааран хэлэлцээнд Европын төлөөлөгчид оролцоогүй байна.

Хэлэлцээний сэдвүүд
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өмнө нь "Хэлэлцээний гол сэдэв аюулгүй байдлын баталгаа байна" гэж мэдэгдсэн. Хэлэлцээний үеэр мөргөлдөөний дараах үед зориулсан тивийн аюулгүй байдлын шинэ тогтолцоог бүрдүүлэх асуудлыг хэлэлцэнэ гэж эх сурвалж ТАСС агентлагт мэдээлжээ.
Оролцогчид аюул заналаас урьдчилан сэргийлэх механизм боловсруулах, бүс нутгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд анхаарна гэж эх сурвалж онцолсон байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, нэн чухал асуудал болох Украины мөргөлдөөнийг зохицуулах асуудал нь өргөн хүрээтэй хэлэлцүүлгийн зөвхөн нэг хэсэг аж. Харин хэлэлцээний гол зорилго нь бүх тивийг хамарсан, цогц бөгөөд хуваагдашгүй аюулгүй байдлын тогтолцоог бүрдүүлэхэд чиглэж байгаа аж.
Кремлийн байр суурь
ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков Абу-Дабид болсон ОХУ, Украин, АНУ-ын гурван талт хэлэлцээний дараа мөргөлдөөнийг зохицуулах чиглэлээр ахиц гарах төлөв болон тодорхой тохиролцоонд хүрэх боломжийн талаар тайлбар өгөхөөс татгалзжээ.
АНУ-ын байр суурь
Axios хэвлэл АНУ-ын засаг захиргааны албан тушаалтны мэдээлэлд тулгуурлан бичихдээ, Стив Уиткофф, Жаред Кушнер нар Абу-Дабид болж буй гурван талт хэлэлцээг ашиглан Украины мөргөлдөөнийг зохицуулах боломжит шийдлүүдийг талуудад танилцуулахыг зорьж буй гэжээ.
Хэлэлцээнд бэлтгэх зорилгоор АНУ-ын төлөөлөгчид сүүлийн хоёр долоо хоногийн турш Орос, Украины албаны хүмүүстэй өдөр бүр утсаар холбогдож байсан гэж тус хэвлэл мэдээлсэн байна.
Абу-Дабид болсон уулзалтын дараа Уиткофф, Кушнер нар Москвад, улмаар Киевт очиж магадгүй гэж Axios нэмж дурджээ.

Зеленский Финландын Ерөнхийлөгчтэй утсаар ярив
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Финландын Ерөнхийлөгч Александр Стуббтай утсаар ярьж, гурван талт хэлэлцээний талаар санал солилцсон гэж мэдэгджээ.
Тэрбээр мөн Украины төлөөлөгчдөөс тухайн өдрийн сүүлээр хэлэлцээний явцын талаар мэдээлэл хүлээн авахыг хүлээж байгаагаа илэрхийлсэн байна.
Европ хэлэлцээнд оролцохыг хүсэж байна
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Орос, Украин, АНУ-ын хэлэлцээнд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн Европын талаар тайлбар хийхдээ "Абу-Дабид ирэхээр шийдсэн Европын төлөөлөгчид зочид буудалдаа сууж болно" хэмээн мэдэгджээ.
ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова “Вести” хэвлэлд ярилцлага өгөхдөө "Европын төлөөлөгчид Абу-Дабид байгаа нь зүгээр л өөрсдийгөө сурталчлах, Киевт хэвлэл мэдээллийн дэмжлэг үзүүлэх гэсэн оролдлогоос өөр зүйл биш" гэж мэдэгдсэн байна.
Захарова “Европчууд Абу-Дабид юу хийх гэж байгаа, яагаад тийшээ нисэж очиж байгааг хэн ч ойлгохгүй байна”. Учир нь, “хэлэлцээний гурван талт формат нь Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчдөөс бусад талын оролцоог зөвшөөрөхгүй” гэж онцолжээ.
Эх сурвалж: TASS