АНУ-ын чип үйлдвэрлэгч хамгийн том компани болох Nvidia өнгөрсөн ням гараг буюу арваннэгдүгээр сарын 8-нд компанийн тэргүүн Женсен Хуан Хятадын тусгай албанд ажилладаг байж болзошгүй эмэгтэйтэй хайр дурлалын харилцаа үүсгэсэн гэх мэдээлэлтэй холбогдуулан хараат бус шалгалт эхлүүлж буйгаа мэдэгджээ.

Nvidia компанийн мэдээлснээр, одоогоор компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд нууц мэдээлэл алдагдсан гэж сэжиглэх, эсвэл АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гэж үзэх хангалттай үндэслэл байхгүй байна. Мөн Женсен Хуан цаашид ч компанийн удирдлагыг үргэлжлүүлэн хариуцах төлөвлөгөөтэй байгаа талаар мэдэгджээ. Гэсэн хэдий ч Төлөөлөн удирдах зөвлөлөөс уг асуудалтай холбоотой бүх мэдээллийг хараат бусаар шалгах үүрэг өгсөн байна.

Nvidia компанийн ажилтнуудад илгээсэн дотоод санамж бичигт Женсен Хуан хайр дурлалын харилцаатай байснаа хүлээн зөвшөөрч, эхнэртээ үнэнч бус хандсандаа "гүнээ харамсаж байна" хэмээн бичжээ.

Тэрбээр "Миний үйлдэл эхнэр болон хүүхдүүдийг минь сэтгэл санааны хувьд шархлуулсан. Миний хийсэн үйлдлийг зөвтгөх ямар ч шалтгаан байхгүй. Манай гэр бүл энэ явдлыг даван туулж, цаг хугацаа өнгөрөхийн хэрээр би тэднийхээ итгэлийг дахин олж авч чадна гэж найдаж байна" хэмээн бичсэн байна.

Мөн Женсен Хуан "Nvidia компанийг хамгаалж, АНУ-ын үндэсний аюулгүй байдлыг дэмжихийн төлөө ажиллахаа" илэрхийлжээ.

The New York Times: АНУ-ын тусгай албад Nvidia компанийн тэргүүний амраг эмэгтэйг мөрдөж байсан

Өмнө нь The New York Times сонин Женсен Хуанг БНХАУ-ын тусгай албанд мэдээлэл дамжуулдаг байж болзошгүй хэмээн АНУ-ын тагнуулын байгууллагууд үзэж буй эмэгтэйтэй хайр дурлалын харилцаатай болсон талаар мэдээлжээ. 

Сэтгүүлчдийн мэдээлснээр, Nvidia компанийн тэргүүн өөртэй нь ижил овогтой Алис Хуанг хэмээх эмэгтэйтэй романтик харилцаа үүсгэжээ. Алис Хуанг нь Сингапурт байрладаг, дата төвүүдийг удирдан ажиллуулдаг бөгөөд Nvidia компаниас чип худалдан авдаг Megaspeed компанийн захирал юм байна.

The New York Times сонинд мэдээлэл өгсөн эх сурвалжуудын ярьснаар, АНУ-ын тусгай албад Алис Хуангыг БНХАУ-ын Төрийн аюулгүй байдлын яаманд элсүүлсэн байж болзошгүй гэж үзэн түүнийг мөрдөж байсан аж.

Ойролцоогоор нэг жилийн өмнө түүнийг мөрдөж байгаа тухай мэдээллийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад танилцуулсан байна. Гэсэн хэдий ч Алис Хуанг Бээжинд яг ямар мэдээлэл дамжуулсан байж болох, мөн тухайн мэдээлэл хэр үнэ цэнтэй байсан талаар сэтгүүлчид тодруулж чадаагүй байна.

Харин БНХАУ-ын тал өмнө нь Nvidia компанийн тэргүүнтэй холбоотой тагнуулын хэрэг гэх мэдээллийг няцааж, "ямар ч үндэслэлгүй таамаглал" хэмээн мэдэгдэж байжээ.

Nvidia-ийн чипүүд - АНУ, БНХАУ-ын хиймэл оюун ухааны салбар дахь өрсөлдөөний гол сэдэв

Nvidia компани нь хиймэл оюун ухааны салбарт дэлхийн технологийн тэргүүлэгчдийн нэгт тооцогддог учраас АНУ-ын хувьд стратегийн чухал ач холбогдолтой аж. Тус компанийн үйлдвэрлэдэг чипүүдийг орчин үеийн хиймэл оюун ухааны загваруудыг сургах, ажиллуулах, суперкомпьютер бүтээх, үүлэн технологийг хөгжүүлэх болон асар их хэмжээний өгөгдөл боловсруулахад ашигладаг.

Nvidia нь хиймэл оюун ухааны салбарт дэлхийд тэргүүлэх байр суурь эзлэхийн төлөөх Вашингтон, Бээжингийн өрсөлдөөнд голлох үүрэг гүйцэтгэж байна. Тухайлбал, Цагаан ордон АНУ-д үйлдвэрлэсэн чипүүдийг БНХАУ-д нийлүүлэх боломжийг үндэсний аюулгүй байдлын асуудал гэж үздэг бөгөөд энэ хүрээнд чипийн экспортод хязгаарлалт тогтоогоод байгаа аж.

Эх сурвалж: DW