Оросын цэргүүд арваннэгдүгээр сарын 8-ны ням гарагт Украины хэд хэдэн мужид олон удаагийн цохилт өгсний улмаас энгийн иргэд болон аврах албаны ажилтнууд амь үрэгдэж, шархадсан талаар мэдээлжээ.

Украины Онцгой байдлын улсын албанаас мэдээлснээр, Оросын нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүд Запорожье мужийн Камышеваха сууринд хүмүүнлэгийн тусламж тараах цэгт арваннэгдүгээр сарын 2-нд өгсөн агаарын цохилтын хор уршгийг арилгахаар ажиллаж байсан аврагчдын багт гурван удаа халдсан байна.

Халдлагын үеэр Украины Онцгой байдлын албаны автомашинууд онилогдож, хоёр жолооч шархаджээ. Мөн Оросын нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүд Харьков хотын Киевийн дүүрэгт ажиллаж байсан аврагчдыг онилсон байна. Тус дүүрэгт болсон халдлагын улмаас нэг хүн гэмтэж, автомашин шатжээ. Түүнчлэн олон давхар орон сууцны барилгын цонх болон ойролцоо байрлуулсан автомашинууд эвдэрч гэмтсэн байна.

Халдлагын хор уршгийг арилгахаар ажиллаж байсан аврагчид Оросын FPV төрлийн дроны дахин нэг халдлагад өртсөн боловч энэ удаад аврагчдаас хэн нь ч гэмтэж бэртээгүй гэж Украины Онцгой байдлын албанаас мэдээлжээ.

Оросын цэргүүд Днепропетровск мужид бараг 40 удаа халджээ

Оросын цэргүүд арваннэгдүгээр сарын 8-ны ням гарагт Днепропетровск мужид нисгэгчгүй нисэх төхөөрөмж, их буу болон агаарын бөмбөг ашиглан бараг 40 удаа халдлага үйлдсэн талаар тус мужийн Цэргийн захиргааны дарга Александр Ганжа мэдээлсэн байна.

Урьдчилсан мэдээллээр, халдлагын улмаас хоёр хүн амь үрэгдэж, долоон хүн шархаджээ. Мөн олон айлын болон хувийн орон сууц, дэд бүтцийн объект, агуулахын барилга байгууламж, дүүргийн төвийн байр болон автомашинууд эвдэрч гэмтсэн байна.

Полтава мужийн Кременчуг хотод олон давхар барилга болон зочид буудлыг дроноор онилсон халдлагын улмаас 16 настай өсвөр насны хүүхэд хүнд гэмтэж, эмнэлэгт хүргэгджээ. Энэ талаар тус мужийн захиргааны дарга Виталий Дякивнич мэдээлсэн байна.

Түүнчлэн өөр гурван шархадсан хүнд хэргийн газар эмнэлгийн тусламж үзүүлжээ. Халдлагын хор уршгийг арилгах ажил үргэлжилж байгаа бөгөөд учирсан хохирлын хэмжээг одоогоор тодруулж байгаа аж.

Оросын цэргүүд FPV дроноор энгийн иргэдийг онилсон хэвээр байна

Херсон мужийн Борозенскийн нийгэмлэгийн Новая Кубань сууринд Оросын цэргүүд нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр ачааны автомашин руу халдсан талаар тус мужийн Цэргийн захиргаанаас мэдээлжээ.

Халдлагын улмаас 29 настай жолооч тэсрэх дэлбэрэлтийн улмаас үүссэн гэмтэл, доргилт болон нуруу, хөлөндөө хэлтэрхийн шарх авч, эмнэлэгт хүргэгдсэн байна. Мөн Херсон хотын төвд Оросын дрон 77 настай эрэгтэйг онилжээ. Тэрбээр дэлбэрэлтийн улмаас гэмтэж, эмнэлгийн тусламж авахаар хүргэгдсэн байна.

Эх сурвалж: DW