АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины асуудлыг энхийн замаар зохицуулах хэлэлцээ амжилтад хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, хэлэлцээрийн үр дүнд тус улсын газар нутгийн хэлбэр өнөөгийнхөөс өөр болж болзошгүй талаар мэдэгджээ.
Тэрбээр ням гарагт CBS News телевизэд өгсөн ярилцлагадаа Украины мөргөлдөөнийг зохицуулах чиглэлээр хэрэгжүүлж буй хүчин чармайлтын талаар байр сууриа илэрхийлээд, “Бид үүнд хүрч чадна гэж бодож байна. Энэ нь биелнэ гэдэгт итгэлтэй байна. Эцсийн дүндээ Украин улс өнөөгийнхөөсөө бага зэрэг өөр дүр төрхтэй болно” хэмээн ярьсан байна.
Түүний энэхүү мэдэгдэл энхийн зохицуулалтын хүрээнд Украины газар нутгийн хил хязгаар өөрчлөгдөх боломжтойг үгүйсгэхгүй байгааг харуулж буй аж.
Үүнтэй холбоотойгоор арваннэгдүгээр сарын 10, 11-ний өдрүүдэд Абу-Даби хотод ОХУ, Украин, АНУ-ын төлөөлөгчдийн оролцоотой гурван талт зөвлөлдөх уулзалт болохоор төлөвлөгджээ.
Уулзалтаар талуудын аюулгүй байдлын баталгааны асуудлыг хэлэлцэх бөгөөд хаалттай хэлбэрээр зохион байгуулагдах аж. Францын Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр Европын орнууд мөн хэлэлцээнд оролцох юм байна.
Өнгөрсөн аравдугаар сарын сүүлээр Осло хотод Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, Финландын Ерөнхийлөгч Александр Стубб, Норвегийн Ерөнхий сайд Йонас Гар Стёре болон АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Стивен Уиткофф нар уулзаж, Украины асуудлыг энхийн замаар зохицуулах талаар хэлэлцжээ.
Улмаар АНУ-ын тусгай элч Стивен Уиткофф Санкт-Петербург хотод айлчилж, мөргөлдөөнийг шийдвэрлэх боломжит арга замын талаарх баримт бичгүүдийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд танилцуулсан байна. Харин Путин Оросын тал гурван талт хэлэлцээний форматаар харилцаа холбоогоо сэргээхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Эх сурвалж: TASS, RIA NOVOSTI