АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Украины дайныг ойрын хугацаанд дуусгах боломжтой гэдэгт эргэлзэж байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр энэ тухай аравдугаар сарын 31-ний бямба гарагт АНУ-ын Атланта хотод болсон Их 20-ийн бүлгийн (G20) Гадаад хэргийн сайд нарын уулзалтын дараах хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчийн асуултад хариулахдаа мэдэгдсэн байна.

Рубио “Украинд энхийн хэлэлцээрийн замаар энх тайван тогтоох боломжтой эсэхийг би мэдэхгүй байна. Бид яг үүнийг л тодруулахыг хичээж байгаа юм. Бид энхийн зохицуулалтад хүрэхэд тун ойрхон байна гэж энд байгаа хэн ч хэлэхгүй байх гэж бодож байна” гэж хэлжээ.

Түүний энэхүү мэдэгдэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины асуудлаар тохиролцоонд хүрэхэд ойрхон байгаагаа дахин илэрхийлснээс хойш удалгүй гарсан байна.

Трамп Америкийн блог хөтлөгч Бенни Жонсонд ярилцлага өгөхдөө “Бид хэлэлцээр байгуулахад ойрхон байгаа гэж бодож байна. Өмнө нь би ингэж хэлж байгаагүй. Энэ асуудлыг ч мөн шийдвэрлэж чадна гэсэн маш сайн боломж бий гэж бодож байна” хэмээн мэдэгджээ.

“Радио Свобода”: Рубио 2027 оны хавар хүртэл тохиролцоонд хүрнэ гэдэгт итгэхгүй байгаагаа илэрхийлсэн

“Радио Свободная Европа” агентлагийн сэтгүүлч Алекс Рауфоглугийн мэдээлснээр, Рубио Атланта хотод болсон G20-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр Европын орнуудын төлөөлөгчидтэй хийсэн хаалттай уулзалт, ярианыхаа үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2027 оны хавар хүртэл Украины дайны асуудлаар ямар нэгэн хэлэлцээр байгуулахыг зөвшөөрнө гэдэгт итгэхгүй байгаагаа илэрхийлжээ.

Рауфоглу Европын албаны хүмүүсийн мэдээлэлд үндэслэн X нийгмийн сүлжээндээ “Европын дипломатууд хэлэлцээний дараа Рубио Путинийг 2027 оны хавар хүртэл Украины асуудлаар ямар нэгэн тохиролцоонд хүрэхийг зөвшөөрнө гэдэгт итгэхгүй байна гэсэн сэтгэгдэлтэй үлджээ” хэмээн бичсэн байна.

Мөн “Радио Свободная Европа” агентлагийн цахим хуудаст нийтэлсэн нийтлэлдээ тэрбээр "АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга барууны орнуудын түншүүдтэй хийсэн ярианыхаа үеэр ойрын саруудад энхийн хэлэлцээр байгуулах боломжид эргэлзэж байгаагаа илэрхийлсэн" гэж бичжээ.

Түүнчлэн Рубио Европын орнуудын төлөөлөгчдөд хандан Донбассын бүс нутгийг бүхэлд нь хяналтдаа авах нь Кремлийн нутаг дэвсгэрийн амбицыг хангаж чадахгүй гэж мэдэгдсэн гэх мэдээлэл байгаа аж.

Рауфоглу Рубиогийн хэлсэн үгийг эш татахдаа “Энэ нь Оросын цаашдын газар нутгийн шуналыг намжаахгүй” гэжээ.

Каллас: G20-ийн уулзалтын үеэр Лавровоос энхийн хэлэлцээнд бэлэн байгааг илтгэх ямар нэгэн дохио аваагүй

Европын Холбооны Гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлогын дээд төлөөлөгч Кая Калласын үзэж байгаагаар, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Атланта хотод болсон уулзалтын үеэр Украины асуудлаар энхийн хэлэлцээ хийхэд Москва бэлэн байгааг илтгэх ямар нэгэн дохио өгөөгүй байна.

AFP агентлагийн сэтгүүлч Лавров Украины дайныг зогсоохын тулд Оросын тал буулт хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн эсэхийг асуухад Каллас үгүй гэж хариулжээ.

Тэрбээр “Оросын эрх баригчдын төлөөлөгчид үгээрээ эсрэгээр нь мэдэгдсэн ч тэдний бодит үйлдэл өөр зүйлийг харуулж байна” гэжээ.

Мөн Орос улс хэлэлцээ хийхэд үнэхээр бэлэн байгаагаа бодит үйлдлээрээ нотлох ёстойг онцолсон байна. Түүнчлэн долдугаар сар, наймдугаар сар, есдүгээр сар нь Украины энгийн иргэдийн хувьд хамгийн их амь эрсэдсэн сарууд байсныг дурджээ.

Рауфоглугийн мэдээлснээр, Рубио барууны орнуудын улс төрчидтэй хийсэн ярианыхаа үеэр Атланта хотод Лавровтой албан ёсны, бүрэн хэмжээний уулзалт хийгээгүй гэдгээ мөн мэдэгдсэн байна.

Тэд зөвхөн арваннэгдүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд БНХАУ-ын Шэньжэнь хотод болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын (АТЭС) дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар уулзах боломжийн талаар товчхон ярилцсан гэжээ.

Эх сурвалж: DW