Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдэгдэл гаргав.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших “Оюу толгой” ХХК-ийн MV-006709 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй далд уурхайд 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн 18:00 цагийн үед уулын даралтын улмаас нуралт үүсэж, улмаар далд уурхайн +1300 олборлолтын түвшний штрек малталтад чулуулгийн нуралт болсны улмаас чичирхийллийн бүсэд ажиллаж байсан 15 ажилтан өртсөн үйлдвэрлэлийн осол гарсан байна.

Осол гарсан даруйд Монгол Улсад мөрдөгдөж байгаа аюулгүй ажиллагааны хууль, дүрэм, журмуудын хүрээнд Оюутолгойн уурхайн аврах ажиллагааны баг шуурхай арга хэмжээ авч, далд уурхайд ажиллаж байсан бүх ажилтныг уурхайгаас гаргажээ.

Улмаар осолд өртсөн ажилтнуудад эрүүл мэндийн яаралтай тусламж үзүүлж, эрүүл мэндийн байдалд хяналт тавин, зарим ажилтнуудыг Улаанбаатар хот руу тээвэрлэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж буй талаар бид мэдээлсэн. 

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас ослын тухай мэдээллийг тогтмол авч, шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, удирдамж өгч буй юм байна. Мөн ослын талаарх дүгнэлт, ослын шалтгааныг судлан тогтоох үүрэг бүхий Ажлын хэсгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, ЭБМЗ-ийн төлөөллийг оролцуулан байгуулж, газар дээр нь ажиллуулж хяналт шалгалт хийж байгаа аж. 

Эрдэс баялгийн салбарт үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангуулах, болзошгүй осол аваараас урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тогтолцоог тасралтгүй сайжруулах чиглэлээр гаргасан Монгол Улсын хууль, дүрэм, журмууд болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын албан даалгавар, Салбарын хяналтын ерөнхий байцаагчийн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэн ажиллахыг салбарт үйл ажиллагаа явуулж байгаа уурхай, үйлдвэрийн газрууд, инженер, техникийн ажилтнуудад чиглэл болгон ажиллаж буй юм байна. 

Эрдэс баялгийн салбарын хамгийн үнэт баялаг бол уурхайчид юм.