Оршин суугчид нь нүүлгэн шилжүүлэлтэд бэлтгэж буй Олешки хотод (украин бичлэг нь: Алешки) хүмүүнлэгийн багийн зорчих маршрутыг минаас цэвэрлэж дууссан байна. Энэ талаар Орос, Украины Хүний эрхийн комиссар (омбудсмен) Яна Лантратова, Дмитрий Лубинец нар аравдугаар сарын 29-ний пүрэв гарагийн орой нийгмийн сүлжээгээрээ дамжуулан мэдээлжээ.

Мэдээлэлд дурдсанаар, оршин суугчдад хотыг орхин гарах боломж 14:00 цаг хүртэл байх бөгөөд хүмүүнлэгийн цуваа Төв дүүргийн эмнэлгийг зорих аж. Энэ үеэр аюулгүй байдлын бүхий л арга хэмжээг авах юм байна. Түүнчлэн 14:30 цагаас хойш хүмүүнлэгийн тусламж тарааж эхлэхээр төлөвлөжээ.

Лубинец өөрийн X (хуучин twitter) цахим хуудастаа "Одоогийн байдлаар хүмүүнлэгийн ажиллагааны хүрээнд дараагийн алхмуудаа уялдуулан зохицуулахаар Украин, Оросын Холбооны Улс болон Америкийн Нэгдсэн Улсын төлөөлөгчид цуглаад байна. Мөн гурван улсын сэтгүүлчид байлцаж байна" гэж бичжээ.

Түүнчлэн Лантратова Telegram сувагтаа сэтгүүлчид Олешки хотоос нүүлгэн шилжүүлэгдсэн иргэдтэй биечлэн уулзаж, ярилцах боломжтойг тэмдэглэсэн байна.

Хүний эрхийн хоёр хамгаалагч хоёулаа АНУ-ын тэргүүн хатагтай Мелания Трампад биечлэн оролцож, зуучилж, зохицуулалт хийсэнд нь талархал илэрхийлсэн бөгөөд үүний ачаар хүмүүнлэгийн тохиролцоонд хүрч чадсаныг онцолжээ.

Олешки хотын хүмүүнлэгийн гамшиг

Олешки бол Херсон мужийн Днепр мөрний Оросын зэвсэгт хүчинд эзлэгдсэн, Украины зүүн эрэгт орших жижиг хот юм. Оросын Украины эсрэг хийсэн бүрэн хэмжээний дайн эхлэхээс өмнө тэнд 24 мянга орчим хүн амьдардаг байсан бол одоо янз бүрийн тооцоогоор, тус суурин газарт 1700-2000 оршин суугч үлдсэний дотор хамгийн багадаа хэдэн арван хүүхэд байгаа аж.

2023 оны зургадугаар сард Оросын талаас Каховкын УЦС-ыг сүйтгэсний дараа тус хот бараг бүхэлдээ усанд автаж, үерийн уршиг нь дэд бүтэц болон ундны усны хүртээмжид нэмэлт асуудал үүсгэсэн байна.

Сүүлийн саруудад Олешки хот Оросын цэргийн бүслэлтэд буй бөгөөд хүнсний хомсдолоос үүдэн тэнд хүмүүнлэгийн гамшиг нүүрлээд байгаа ажээ.

Олешки хотоос нүүлгэн шилжүүлэх ажиллагаа

Олешки хотын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажил хэдэн өдөр үргэлжилж магадгүй бөгөөд аравдугаар сарын 30-наас арваннэгдүгээр сарын 1-ний хоорондох хугацааг хамрах аж.

Киевийн цагаар аравдугаар сарын 27-ны 03:00 цагт гал зогсоох дэглэм хүчин төгөлдөр болж, энэ нь арваннэгдүгээр сарын 1-ний 22:59 цаг хүртэл үргэлжлэх ёстой юм байна.

АНУ-ын эрх баригчдын мэдээлж буйгаар, нутгийн оршин суугчид Орос уу, эсвэл Украин руу явах уу гэдгээ өөрсдөө бие даан шийдвэрлэх боломжтой аж.

Херсон мужийн цэргийн захиргаанаас иргэдийг Оросын цэргүүдийн хяналтад байгаа нутаг дэвсгэрээр дамжуулан гаргаж магадгүй гэж үзэж буй юм байна.

Америкийн Fox News телеканалийн мэдээлсэн хувилбараар, нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийг эхлээд Анапа руу хүргэж, дараа нь Украин руу явах хүсэлтэй иргэдийг нисэх онгоцоор Беларусийн Гомель хот руу илгээх ажээ.

Украин руу явах хүсэлтэй оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх албан ёсны маршрут

Эх сурвалж: DW