Binance биржийн хакерын халдлага – криптовалютын түүхэн дэх хамгийн том хулгай. Юу мэдэгдэж байна вэ?

Хойд Солонгостой холбоотой байж болзошгүй хакерууд дэлхийн хамгийн том криптовалютын арилжааны платформ болох Binance биржид халджээ. "Binance" компаниас "Халдагчид ердөө 20 минутын дотор нийт 6.3 тэрбум орчим ам.долларын үнэ бүхий хөрөнгийг тус биржээс шилжүүлэн авсан" гэж мэдээлсэн байна.

Энэ нь криптовалютын салбарын түүхэн дэх хамгийн том хулгай байж болзошгүй аж. Хакерын халдлага хэрхэн болсон болон түүний үр дагаврын талаар DW-ийн бэлтгэсэн мэдээллийг хүргэе.

Binance хакеруудын халдлагад хэрхэн өртөв?

2026 оны аравдугаар сарын 29-ний орой халдлагын талаар анх мэдээлэл гарчээ. Криптовалютын гүйлгээний олон нийтэд нээлттэй бүртгэлийн мэдээлэлд дүн шинжилгээ хийдэг мэргэжилтнүүд Binance биржийн үйлчлүүлэгчдийн гүйлгээг боловсруулахад ашигладаг, “халуун хэтэвч” (hot wallet) гэж нэрлэгддэг цахим хэтэвчүүдээс их хэмжээний хөрөнгө шилжүүлсэн хэд хэдэн гүйлгээг илрүүлсэн байна.

Богино хугацаанд эдгээр хэтэвчнээс нийт хэдэн тэрбум ам.долларын үнэ бүхий дижитал хөрөнгийг гаргаж авчээ. Тухайлбал, нэг хэтэвчнээс ойролцоогоор 167 мянган ширхэг Ethereum (ETH) токен, мөн Tether (USDT) тогтвортой койноор илэрхийлэгдсэн 1.6 тэрбум орчим ам.долларын хөрөнгө шилжүүлсэн аж. Үүний дараа хулгайлагдсан хөрөнгүүдийг шинээр үүсгэсэн олон тооны цахим хаяг руу тараан шилжүүлж эхэлсэн байна.

Binance бирж уг мэдээлэлд шуурхай хариу өгч, шалгалт явуулахаа мэдэгдээд, хэдхэн цагийн дараа хакерын халдлагад өртсөнөө албан ёсоор баталжээ. Үүний дараа хөрөнгө татан авах үйл ажиллагааг зогсоосон байна. Уг үйл ажиллагааг арваннэгдүгээр сарын 1-ний ням гарагт сэргээхээр төлөвлөж байгаа аж.

Анхны таамаглалаар, халдагчид компанийн нэг ажилтны зөөврийн компьютерээр дамжин биржийн дотоод системд нэвтэрсэн байж болзошгүй гэж үзжээ. Гэвч удалгүй Binance халдлага үүнээс хавьгүй нарийн зохион байгуулалттай байсныг мэдэгдсэн аж. Одоогийн байдлаар уг хэргийг шалгахад хууль сахиулах байгууллагууд мөн оролцож эхэлжээ.

"Binance" компанийн урьдчилсан үнэлгээгээр, халдлагын улмаас учирсан хохирол 6.3 тэрбум ам.долларт хүрээд байгаа аж. Халдлагад өртсөн хэрэглэгчдийн хохирлыг бүрэн барагдуулна гэж тус компани мэдэгдсэн бөгөөд нөхөн төлбөр олгох ажиллагаа хэдийнэ эхэлжээ.

Нийт 3 тэрбум орчим ам.долларын үнэ бүхий хөрөнгийг царцааж чадсан байна. Үүний дотор Tether компани дангаараа 1.5 тэрбум гаруй ам.долларын хөрөнгийг царцаасан байна. Буцаан олж авах боломжгүй болсон хөрөнгийн хохирлыг "Binance" компанийн тусгай нөөц сан болон өөрийн хөрөнгөөс нөхөн төлөхийг мэдэгдсэн байна.

Binance биржийн эсрэг халдлагын ард хэн байж болох вэ?

Binance биржид халдсан этгээдүүдийг Хойд Солонгосын хакерууд байсан байж болзошгүй гэж үзэж байга аж. Ийм дүгнэлтэд Elliptic, Chainalysis болон TRM Labs зэрэг блокчэйн, криптовалютын гүйлгээнд дүн шинжилгээ хийдэг компаниудын судлаачид хүрчээ.

Тэдний үзэж байгаагаар, халдагчдын үйл ажиллагааны арга барил Хойд Солонгосын хакерын бүлэглэлүүдийн өмнө нь ашиглаж байсан арга ажиллагаатай төстэй байсан аж.

TRM Labs-ийн шинжээчид халдлагыг зохион байгуулсан байж болзошгүй бүлэглэлийн нэрийг хүртэл дурджээ. Тэдний таамаглаж буйгаар, энэ нь TraderTraitor хэмээх бүлэглэл бөгөөд уг бүлэглэлийг Lazarus Group болон APT38 нэрээр ч мөн мэддэг байна.

АНУ-ын Кибер аюулгүй байдал, дэд бүтцийн аюулгүй байдлын агентлаг (CISA)-ийн мэдээлснээр Lazarus Group 2020 оноос нааш дэлхийн улс орнуудын санхүүгийн байгууллагуудын системд халдах үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд энэ нь Хойд Солонгосын эрх баригчдын ашиг сонирхын төлөө үйлчилдэг аж.

Өмнөд Солонгос руу дүрвэсэн Хойд Солонгосын тагнуулын байгууллагын хуучин офицер Ким Гук Сон Lazarus Group бодит байдал дээр БНАСАУ-ын Тагнуулын ерөнхий газрын нэгж болохыг өмнө нь ярьж байжээ.

Түүнчлэн Lazarus Group-ийг ОХУ-тай холбоотой гэж үздэг. Тус бүлэглэл Оросын хакеруудтай хамтран ажилладаг тухай Chainalysis болон бусад аналитик компаниудын судлаачид өмнө нь мэдээлж байсан байна.

Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын дэд сайд асан Шин Бом Чхоль Financial Times сонинд өгсөн ярилцлагадаа “Хойд Солонгосын хакерууд дэлхийн хамгийн түрэмгий, өндөр ур чадвартай кибер гэмт хэрэгтнүүдийн тоонд багтдаг. Тус дэглэм тэднийг гадаад валют олж авах зорилгоор ашигладаг” гэж онцолжээ.

Биткойны ханш унасан ч огцом уналтад орсонгүй

Энэ удаагийн хэрэг нь крипто хөрөнгийн түүхэн дэх хамгийн том хулгай болсон байна. Үүнээс өмнө хамгийн их хэмжээний криптовалют хулгайлагдсан хэрэг 2025 оны хоёрдугаар сард Bybit криптовалютын биржид болсон хакерын халдлага байжээ. Тухайн үед хакерууд ойролцоогоор 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө хулгайлсан аж.

Тэрхүү халдлагын ард мөн TraderTraitor бүлэглэл байсан гэж үздэг. Энэ удаа халдлагад өртсөн байгууллага нь криптовалютын зах зээлийн тэргүүлэгч Binance бирж байв. Дэлхийн хэмжээнд криптовалют худалдан авах, худалдах нийт арилжааны ойролцоогоор 35 хувийг тус бирж дангаараа бүрдүүлдэг байна. Тиймээс энэхүү үйл явдалд криптовалютын зах зээл түгшүүртэй хариу үзүүлсэн нь гайхах зүйл биш аж.

Аравдугаар сарын 30-нд биткойны ханш нэг сарын гаруй хугацаанд анх удаа нэг ширхэг нь 77 мянган ам.долларын босгоос доош унажээ. Bloomberg агентлагт өгсөн тайлбартаа Velo Data криптовалютын платформын удирдлага Фредрик Коллинз “Binance бол асар том компани. Түүнд учирсан аливаа цохилт нь бүхэл бүтэн криптовалютын салбарт итгэх итгэлд нөлөөлдөг” гэжээ.

Гэсэн хэдий ч биткойны ханшийн уналт харьцангуй хязгаарлагдмал байв. Ойролцоогоор 5 хувиар буурсны дараа ханш удалгүй тогтворжжээ. Өнгөрсөн жил Bybit биржид хакерын халдлага гарахад зах зээл мөн үүнтэй төстэй хариу үйлдэл үзүүлж байсан аж.

Криптовалютууд хүмүүсийн өдөр тутмын амьдралд хэдийнэ гүнзгий нэвтэрсэн учраас томоохон хэмжээний кибер халдлага гарсан ч хэрэглэгчид хөрөнгөө олноор нь татан авахад хүргэхгүй байгааг энэ үйл явдал харуулжээ.

Эх сурвалж: DW