Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ирэх арваннэгдүгээр сард болох магадлалтай Украин, Орос, АНУ-ын гурван талт хэлэлцээрийн өмнө мэдэгдэл хийв.

Тэрбээр "Газар нутгийн асуудлыг зөвхөн төрийн тэргүүнүүдийн түвшинд шийдвэрлэх боломжтой" гээд, харин армийн бие бүрэлдэхүүний тоог хязгаарлах болон Украины төвийг сахих статус нь "огт хэлэлцэх сэдэв биш" хэмээн онцолжээ.

Зеленский аравдугаар сарын 25-ны ням гарагт Украины "1+1" телевизэд өгсөн ярилцлагадаа "Манай аюулгүй байдлын баталгаа бол зөвхөн бидний аюулгүй байдлын баталгаа юм. Үүнийг Оросын тал тулган шаардах эрхгүй" гэжээ.

Түүнчлэн тэрбээр АНУ-ын талаас санал болгож буй газар нутаг солилцох хувилбарыг Украин зөвшөөрөхгүйг нэмж хэлсэн байна.

Владимир Зеленскийн хэлснээр, Киевийн хувьд арваннэгдүгээр сард болох гурван талт хэлэлцээрээр талууд удирдагчдын түвшний шинэ уулзалт хийх боломжийг хэлэлцэх нь нэн чухал байгаа аж.

Зеленский: Хориг арга хэмжээг цуцлах нь ОХУ-ын үнэнч байдлыг худалдаж авах төлбөр байж болохгүй

Украины Ерөнхийлөгч мөн Украин, АНУ, ОХУ-ын удирдагчдын оролцоотой гурван талт хэлэлцээр болохоос өмнө Оросын эсрэг авсан хориг арга хэмжээг хугацаанаас нь өмнө цуцлахгүй байхыг түншүүддээ тусгайлан анхааруулжээ.

Зеленский "Хориг арга хэмжээг зөвхөн яриа хэлэлцээ хийх боломж бүрдүүлэхийн тулд биш, харин түрэмгийлэл үйлдсэний төлөө тавьсан. Би үүнийг Америкийн төлөөлөгчдөд хэлсэн: Оросын үнэнч байдлын тухай ярихдаа түүнийг ийм үнээр худалдаж авах хэрэггүй. (...)

Путинтэй хийх уулзалтын үеэр бид ямар ч хөзөргүй буюу хориг арга хэмжээгүй, мөнгөгүй, эсвэл царцаагдсан хөрөнгөгүй үлдэхийг хүсэхгүй байна. Учир нь, тэгвэл ноён Трампын хэлснээр бидний хөзрийн цуглуулгад үнэхээр цөөн хөзөр үлдэх болно" гэж тэмдэглэв.

Хэлэлцэх асуудлын дараалалд - Эрчим хүчний эвлэрэл болон Хар тэнгисийн аюулгүй байдал багтаж байна

Зеленскийн хэлснээр, Киев арваннэгдүгээр сарын хэлэлцээрээр эрчим хүчний эвлэрэл болон Хар тэнгист гал зогсоох зэрэг хэд хэдэн гол асуудлыг хөндөхөөр төлөвлөж байгаа аж.

Үүний өмнөхөн Украин, Орос улсууд АНУ-ын зуучлалаар шууд хэлэлцээгээ сэргээхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Москва, Вашингтон, Киевийн төлөөлөгчдийн уулзах тодорхой товыг одоогийн байдлаар эцэслэн тохироогүй байгаа аж.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков аравдугаар сарын 25-ны өдөр мэдэгдэхдээ "Кремлийн тал уг уулзалтыг Оросын Үндэсний эв нэгдлийн өдөр буюу 11 дүгээр сарын 4-ний дараа зохион байгуулах боломжтой эсэхийг хэлэлцэж байна" гэжээ.

Өмнө нь Москвагаас уулзалт хийх боломжтой газраар Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу-Даби хотыг, харин уулзах хугацааг арваннэгдүгээр сарын дунд үе гэж нэрлэсэн. Оросын тал энэ тухайгаа аравдугаар сарын 21-нд Санкт-Петербург хотноо АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Стивен Уиткоффтой уулзах үеэрээ мэдэгджээ.

Эх сурвалж: DW