Монгол Улсын шигшээ багийн тоглогч, Олон улсын хэмжээний мастер Шаравжамцын Энхийн-Од (Mike Sharavjamts) NBA-ийн хөгжлийн лиг (G League)-ийн “Осеола Мэжик” (Osceola Magic) багийн бэлтгэл сургуулилтын үндсэн бүрэлдэхүүнд албан ёсоор багтаж, Монголын сагсан бөмбөгийн түүхэнд шинэ хуудас нээлээ.

Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Ш.Энхийн-Од өнгөрсөн зун NBA-ийн драфтад нэрээ өгсөн ч сонгогдож чадаагүй. Улмаар "Орландо Мэжик" (Orlando Magic) багийн бүрэлдэхүүнд багтан, Зуны лиг (Summer League)-т амжилттай тоглож өөрийгөө харуулсан билээ.

Үүний дараа "Орландо Мэжик" багаас түүнтэй "Exhibit 10" буюу тусгай нөхцөлтэй гэрээ байгуулж, энэхүү зохицуулалтын дагуу түүнийг хөгжлийн лигийн харьяа “Осеола Мэжик” багтаа тоглуулах эрхийг албан ёсоор авч, бэлтгэл хангах бүрэлдэхүүндээ нэгтгэжээ.

"Exhibit 10" гэрээний гол онцлог нь хэрэв Ш.Энхийн-Одыг “Осеола Мэжик” багт хамгийн багадаа 60 хоногийг өнгөрүүлж, өөрийгөө харуулж чадвал үндсэн цалин дээрээ 91 мянган доллар хүртэлх урамшууллын бонус авах боломжтой.

Энэ улиралд нийт 136 мянган ам.доллар (ойролцоогоор 470 сая төгрөг)-ын цалин хөлс авах эрх зүйн зохицуулалт бүрдсэн байна.

Сагсан бөмбөг сонирхогчдын хувьд түүний талбай дээр гарах анхны албан ёсны тоглолтыг тэсэн ядан хүлээж буй бөгөөд эхний тулаан нь 2026 оны 11 дүгээр сарын 8-ны ням гарагт "Осеола Мэжик" багийн талбай болох "Osceola Heritage Park"-д "Оклахома Сити Блю" (Oklahoma City Blue) багийн эсрэг болох аж. Энэхүү тоглолт нь NBA G League-ийн 2026-2027 оны шинэ улирлын нээлтийн тоглолт гэдгээрээ маш онцлогтой юм.

Дашрамд дурдахад, 206 см өндөртэй, холбогч болон довтлогчийн байрлалд тоглодог Ш.Энхийн-Од нь АНУ-ын Оюутны лиг (NCAA) буюу Дээд зэрэглэлийн "Division 1"-д Дейтон, Сан Франциско, Юта болон Өмнөд Каролинагийн их сургуулиудад амжилттай тоглож, Монголоос анх удаа Америкийн дээд түвшний сагсан бөмбөгт хөл тавьсан тамирчин болсон. Одоо тэрбээр NBA-ийн үндсэн лигт тоглох алсын зорилгоо биелүүлэхэд ердөө нэгхэн алхам дутуу байна.

Ш.Энхийн-Одын (Mike Sharavjamts) тоглох “Осеола Мэжик” (Osceola Magic) багийн 2026-2027 оны улирлын тоглолтын хуваарь болон эдгээр тоглолтуудыг Монголоос хэрхэн шууд үзэх сувгуудын дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.

1. “Осеола Мэжик” багийн 2026-2027 оны улирлын хуваарь

NBA-ийн Хөгжлийн лиг (G League) энэ улиралд хоёр үе шаттай явагдах бөгөөд багууд нийт 50-иас доошгүй тоглолт хийнэ. Эхлээд 14 тоглолт бүхий "Tip-Off" тэмцээн явагдаж, улмаар 12 дугаар сарын сүүлээр 36 тоглолттой үндсэн улирал эхэлнэ.

Тус баг 11 дүгээр сард 3 тоглолт, 12 дугаар сард 4 тоглолт, 1 дүгээр сард 4 тоглолт, 2 дугаар сард 4 тоглолт, харин 3 дугаар сард хамгийн олон буюу 9 тоглолтыг өөрийн талбайдаа хүлээн авч тоглох хуваарьтай байна.

Хамгийн эхний бөгөөд чухал тоглолтууд:

• 11 дүгээр сарын 8 (Ням) – 03:00 цаг (АНУ-ын цагаар): Улирлын нээлтийн тоглолт Оклахома Сити Блю (Oklahoma City Blue) багийн эсрэг өөрийн талбайд болно.

• 11 дүгээр сарын 12 (Пүрэв) – 19:00 цаг: Мехико Сити Капитанес (Mexico City Capitanes) багтай өөрийн талбайд тоглоно.

• 11 дүгээр сарын 19 (Пүрэв) – 11:00 цаг: Остин Спёрс (Austin Spurs) багтай өөрийн талбайд тоглоно.

• 11 дүгээр сарын 27 (Баасан) – 19:00 цаг: Техас Лежендс (Texas Legends) багийн талбайд зочлон тоглоно.

• 12 дугаар сарын 19-22: "Winter Showcase" буюу хөгжлийн лигийн шилдэг багуудын цомын тэмцээн болно.

• 3 дугаар сарын 24, 25: Улирлын хамгийн сүүлчийн өөрийн талбай дахь тоглолтууд Гринсборо Сварм болон Ноублсвилл Бум багуудын эсрэг явагдана.

2. Тоглолтуудыг Монголоос хэрхэн ШУУД (Live) үзэх вэ? 

NBA G League-ийн тоглолтууд үндсэн лигийг бодвол үзэгчдэд илүү нээлттэй, үнэ төлбөргүй үзэх боломжууд их байдгаараа онцлогтой. Монголоос дараах албан ёсны сувгуудаар шууд үзэх боломжтой:

• Албан ёсны цахим хуудас (Үнэгүй): Хамгийн найдвартай бөгөөд амархан арга бол G League-ийн албан ёсны вэбсайт болон NBA App юм. Ихэнх тоглолтуудыг энэ вэбсайт болон аппликейшнээр дамжуулан үнэ төлбөргүй, шууд дамжуулдаг.

• Америкийн үнэгүй стриминг платформууд: Энэ улирлын тоглолтуудыг Tubi болон The Roku Channel зэрэг аппликейшнүүдээр үнэгүй шууд дамжуулахаар гэрээлсэн. Монголоос үзэхийн тулд (VPN) ашиглан байршлаа АНУ болгон тохируулж, Tubi-г суулган шууд, гацалтгүй үзэж болдог.

• Төлбөртэй спортын сувгууд: Томоохон хэмжээний болон Төв бүсийн гол тоглолтууд ESPN+ стриминг сервис болон NBA TV сувгаар цацагдана.

• Дотоодын сошиал сувгууд: Ш.Энхийн-Одын тоглолтыг Монголын спорт сонирхогчид маш их хүлээж байгаа тул фэйсбүүкийн сагсан бөмбөгийн томоохон хуудсууд болон "Монгол Сагсан бөмбөгийн фанатууд" группүүдээр шууд бичлэгийн линкүүд болон дамжуулалтууд тогтмол тавигдах нь.

Эх сурвалж: NBA, FOX SPORTS, PEOPLE NEWS