Японы KDDI Корпораци энэ сарын 23-ны өдөр мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд "Манай компанийн охин компани болох Монголын харилцаа холбооны цогц үйлчилгээ үзүүлэгч "Мобиком Корпораци" ХХК (цаашид "Мобиком" гэх)-ийн үйл ажиллагаатай холбоотойгоор, 2026 оны аравдугаар сарын 8-ны өдөр Монгол Улсын зүүн бүс, Дорнод аймгийн Халхгол сумын Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан хээрийн түймэр (цаашид "энэхүү түймэр" гэх)-ийн улмаас Монголын ард түмэн болон холбогдох бүх талуудад үлэмж хэмжээний хохирол, сэтгэл санааны чирэгдэл учруулсандаа гүнээ хүлцэл өчиж, чин сэтгэлээсээ уучлал хүсэж байна.

Мөн энэхүү түймрийг унтраах, тархалтыг зогсоохын тулд өдөр шөнийг үл харгалзан, бүхий л хүч чадлаа дайчлан ажилласан Монгол Улсын холбогдох байгууллага, орон нутгийн оршин суугчид болон туслалцаа үзүүлсэн бүх хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Одоогийн байдлаар Монгол Улсын эрх бүхий байгууллагуудаас түймэр гарсан нөхцөл байдал, шалтгааныг тодруулахаар мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж буй бөгөөд Мобиком болон түүний ажилтнууд уг шалгалтад бүрэн дүүрэн хамтран ажиллаж байна.

Нөгөөтэйгүүр, уг түймэртэй холбоотойгоор олон нийтийн дунд эргэлзээ, түгшүүр үүсэж, янз бүрийн таамаглал бүхий бодит байдалд нийцэхгүй мэдээллүүд цацагдаж байгаа энэ үед Мобиком компани өөрсдийн зүгээс одоогийн байдлаар тогтоогоод буй баримт, нөхцөл байдлыг цэгцэлж, олон нийтэд мэдээлэх боломжтой болсон тул 2026 оны 10 дугаар сарын 23-ны өдөр албан ёсны мэдэгдэл гаргасан болно.

Манай компани ч мөн Мобикомын гаргасан мэдэгдэлд үндэслэн, өнөөдрийн байдлаар баталгаажаад буй факт, нөхцөл байдлыг дараах байдлаар тайлагнаж байна. Түүнчлэн уг түймрийн хэргийг Монголын холбогдох байгууллагууд шалгаж байгаа хэдий ч манай компаниас Мобикомын ажилтнууд өөр ямар нэгэн хууль тогтоомж зөрчсөн үйлдэл гаргаагүй болохыг дотооддоо нягталж баталгаажуулсан болно.

1. Нөмрөгийн дархан цаазат газарт зорчсон зорилго

(1) Үндэслэл, нөхцөл байдал

Мобиком компани 2018 оноос хойш Монгол орны алслагдсан бүс нутаг болон хилийн бүсүүдэд харилцаа холбооны дэд бүтцийг тасралтгүй хөгжүүлж, өргөжүүлэхэд анхаарч ирсэн бөгөөд орон нутгийн хөгжил болон холбооны орчныг сайжруулахад хувь нэмэр оруулах зорилгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Сүүлийн жилүүдэд Хил хамгаалах байгууллагын Халхгол дахь салбар, заставуудад 4G сүлжээ нэвтрүүлэх, Хилийн боомтын захиргаа зэрэг байгууллагуудын хүсэлтийн дагуу холбооны шилэн кабелын шугам татах зэрэг ажлууд хийж, хилийн бүс нутгийн харилцаа холбоог сайжруулахаар хичээнгүйлэн ажиллаж ирсэн.

Энэ удаа Нөмрөгийн дархан цаазат газар дахь бүх застав, цэгүүдийг 4G сүлжээнд холбох болон Сүмбэр хилийн боомт хүртэлх шилэн кабел суурилуулах ажил бүрэн дууссан байсан болно.

(2) Зорчсон зорилго

Дээрх нөхцөл байдлын хүрээнд Мобикомын ажилтнууд Хилийн боомтын захиргааны хүсэлтээр 2026 оны аравдугаар сарын 6-наас 8-ны өдрүүдэд Нөмрөгийн дархан цаазат газарт дараах зорилгоор ажилласан байна. Энэхүү түймэр нь уг ажлаар тээврийн хэрэгслээр зорчиж байх явцад гарсан болно.

• Мобикомын байгуулсан харилцаа холбооны сүлжээний нээлтийн үйл ажиллагаанд оролцох
• 4G сүлжээний чанар, холболтыг газар дээр нь шалгаж баталгаажуулах

2. Нөмрөгийн дархан цаазат газарт ажилласан байдал

Мобикомын ажилтнууд Хил хамгаалах байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн дагуу 2026 оны аравдугаар сарын 6-наас 8-ны өдрүүдэд Нөмрөгийн дархан цаазат газарт нэвтэрч ажилласан. Уг зөвшөөрөл олгогдсон байсан гэх баримтыг 2026 оны аравдугаар сарын 13-ны өдөр Хил хамгаалах ерөнхий газраас гаргасан албан ёсны мэдэгдэлд мөн дурдсан байдаг.

Мөн Нөмрөгийн дархан цаазат газар доторх бүх үйл ажиллагаа болон шилжилт хөдөлгөөнийг Хилийн боомтын захиргаанаас бүрэн удирдаж, хяналт тавьж байсан бөгөөд замд явахдаа Мобикомын хоёр автомашины урд болон ард талд тус захиргааны гурван автомашин цувааг толгойлон болон хамгаалах хэлбэрээр дагалдаж явсан.

Түүнчлэн Нөмрөгийн дархан цаазат газрын холбооны чанарыг шалгах явцад тус захиргаанаас зааж өгсөн бүс нутагт, тэдний хяналт дор шилжин хөдөлж, Мобикомын ажилтнууд газар дээр нь шалгалтын ажлыг гүйцэтгэсэн.

Уг томилолтын үеэр Мобиком компанийн эзэмшлийн хоёр автомашинаар нийт 7 ажилтан (үүнд 2 жолооч багтсан) зорчиж байсан. Тэр үед хамт явж байсан цорын ганц япон хүн нь Мобиком компанийн Гүйцэтгэх захирал (CEO) Тацуяа Очи бөгөөд тэрбээр Мобикомын ажилтны жолоодож явсан автомашинд сууж явсан болно.

3. Түймэр гарсан нөхцөл байдал

Нөмрөгийн дархан цаазат газар нь өвс өндөртэй, замын нөхцөл байдал маш хүнд тул Мобикомын ажилтнуудын автомашинууд Хилийн боомтын захиргааны машины удирдлага, чиглүүлэг дор аюулгүй байдлыг сайтар хангаж, маш бага хурдтайгаар зорчиж байсан.

Хуурай өвс машины доод хэсэгт наалдаж гал гарах эрсдэлээс сэргийлж, аюулгүй байдлын үүднээс 20-30 минут тутамд машинаа зогсоож, доор нь наалдсан хуурай өвсийг цэвэрлэж явсан байна.

2026 оны аравдугаар сарын 8-ны өдөр замд явж байхдаа хуурай өвс цэвэрлэхээр зогсох үед Мобикомын ажилтнуудын сууж явсан машины доод хэсгээс утаа гарч байгааг анзаарчээ.

Үүний дараа Хилийн боомтын захиргаа болон Мобикомын ажилтнууд тус захиргааны зааварчилгааны дагуу галыг унтраахаар шуурхай ажилласан боловч гал эргэн тойрны өвс рүү маш хурдан дамжиж, тархалтыг зогсоож чадаагүй байна.

Үүний улмаас гал түймэр богино хугацаанд өргөн хүрээг хамарсан. Машины доороос утаа гарсан тодорхой шалтгаан болон гал түймэр ийнхүү эрчимтэй тархсан хүчин зүйлсийг холбогдох эрх бүхий байгууллагууд үргжлүүлэн шалгаж байна.

4. Цаашид авах арга хэмжээ

Манай компани Мобикомын толгой компанийн хувьд цаашид холбогдох байгууллагуудын явуулах мөрдөн шалгах ажиллагаанд Мобиком компанитай хамт бүх талаар бүрэн дүүрэн хамтран ажиллах болно.

Мобиком нь Монгол Улсад 30 жилийн турш үйл ажиллагаа явуулж, хөгжиж ирсэн компани бөгөөд манай компани ч мөн адил үүний нийгмийн хариуцлагыг маш гүн гүнзгий ухамсарлаж байна.

Бид энэхүү түймрийн улмаас байгаль орчинд учирсан хохирлын талаар сонсоод, маш их эмзэглэн хүлээн авч байгаа бөгөөд хохирсон байгаль экологийн нөхцөл байдлыг нарийн тогтоох, түүнийг эргэн сэргээх, орон нутгийн байгаль орчныг хамгаалах чиглэлээр Мобиком болон Монгол Улсын холбогдох байгууллагуудтай нягт хамтран, идэвхтэй санаачилга гарган ажиллах болно.

Монголын ард түмэн болон холбогдох бүх талд маш их төвөг учруулж, сэтгэлийг нь чилээсэндээ дахин нэг удаа гүнээ хүлцэл өчиж байна" гэжээ.

Эх сурвалж: NEWSROOM KIDDI