Дэлхийн хэвлэлүүд Оюу толгойн зэсийн экспорт огцом буурч байгаа талаар мэдээлсээр байна. Бид энэ удаа "БИДНИЙ ТУХАЙ" буландаа энэ талаарх мэдээллийг онцоллоо.  

Монгол Улсын зэсийн хамгийн том уурхайнуудын нэгийг ажиллуулагч компани пүрэв гарагт "Хятад улс руу гаргаж буй зэсийн баяжмалын экспорт хилийн боомт дээрх хязгаарлалтын улмаас сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд маш их буюу 70 орчим хувиар буурсан" гэж мэдэгджээ..

Энэхүү хязгаарлалт нь Монгол Улсын эдийн засгийн гол тулгуур болох уул уурхайн салбарт саатал үүсгэж болзошгүй гэсэн болгоомжлол төрүүлж байгаа аж.

Дэлхийн хамгийн том зэсийн уурхайнуудын нэг болох Оюу Толгойг ажиллуулдаг "Оюу Толгой" ХХК-ийн мэдээлснээр, Хятадын хилээр зэсийн баяжмал тээвэрлэдэг автомашины цуваа өдөрт дунджаар 12-13 байдаг байсан бол одоо ердөө 4 орчим болж цөөрсөн байна.

Уг хязгаарлалт нь Монголын Гашуунсухайт боомттой хиллэдэг Хятадын талын Ганцмод боомтоор нэвтэрч буй тээврийн хэрэгслүүдэд нөлөөлж байгаа аж.

Экспортын энэхүү тасралт нь ердийн үеийн үйл ажиллагаатай харьцуулахад одоогоор 300 сая ам.доллароор буурсан үзүүлэлт бөгөөд хэрэв хязгаарлалт оны эцэс хүртэл үргэлжилвэл алдагдал 1.2 тэрбум ам.долларт хүрч болзошгүй талаар орон нутгийн хэвлэлүүд лхагва гарагт мэдээлсэн байна.

Харин "Оюу Толгой" ХХК пүрэв гарагт "Associated Press" (AP) агентлагт өгсөн мэдэгдэлдээ уг санхүүгийн алдагдлын талаарх мэдээллийг албан ёсоор баталгаажуулаагүй аж.

Монгол Улс дэлхийн хамгийн том түүхий эдийн хэрэглэгч болох Хятад улсын нүүрс болон зэсийн гол нийлүүлэгч юм. Монголын хилийн албаныхны мэдээлснээр, энэхүү удаашрал нь Хятадын талын Ганцмод боомтын дэд бүтэц болон технологийн шинэчлэлийн ажилтай холбоотой ажээ.

Хятадын Өвөр Монголын өөртөө засах орны эрх баригчид АР агентлагийн асуулгад одоогоор хариулт өгөөгүй юм байна.

Монголын хилийн албаны мэдээлснээр, өнгөрсөн наймдугаар сард Хятадын эрх баригчид хилээр нэвтэрч буй ачааны машины жолооч нарт зориулсан "автомашин доторх нүүр царай таних систем"-ийг нэвтрүүлсэн бөгөөд үүнийг суурилуулах, засвар үйлчилгээ хийх ажил нь хилийн нэвтрүүлэх хүчин чадалд сөргөөр нөлөөлж буй юм байна.

Монголын хэвлэлүүдэд мэдээлснээр, уг ажил уг нь есдүгээр сарын сүүлээр дуусах ёстой байсан ч 12 дугаар сарын эцэс хүртэл үргэлжилж магадгүй талаар Улаанбаатар дахь Хятадын Элчин сайдын яамнаас мэдэгдсэн гэж Монголын Засгийн газраас мэдээлэв.

Орон нутгийн мэдээгээр, Монгол Улсын Сангийн сайд З.Мэндсайхан Засгийн газрын хуралдааны үеэр зарим сайд нарт хилийн боомт дээр очиж, Хятадын эрх баригчидтай уулзах үүрэг өгсөн гэжээ.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан "Монголын талын тээврийн бүх замууд нээлттэй хэвээр байгаа бөгөөд уг хязгаарлалтын цаана ямар нэгэн улс төрийн шалтгаан байгааг Засгийн газар олж мэдээгүй" гэж мэдэгдсэн байна.

Монгол Улсын зэсийн салбар нь үндэсний экспортын орлогод улам бүр чухал хувь нэмэр оруулах болсон. 2026 оны эхний есөн сарын байдлаар зэсийн баяжмалын экспорт 2 сая тоннд хүрсэн гэж мэдээлжээ.

Хилийн албаныхан "Боомтын хязгаарлалт нь Гашуунсухайтаар гарах Монголын нүүрсний экспортод мөн нөлөөлж, хилээр нэвтэрч буй тээврийн хэрэгслийн тоо өдөрт 1300 байснаас 1000 гаруй болж буурсан" гэж мэдэгдэв.

Монгол Улс нүүрс, зэс, алт, уран, жонш зэрэг байгалийн арвин их баялагтай. Эдийн засаг нь ДНБ-ийхээ дөрөвний нэг орчмыг бүрдүүлдэг уул уурхайн салбараас ихээхэн хамааралтай байдаг. Тиймээс хил дамнасан худалдааны саатал болон түүхий эдийн үнийн хэлбэлзэлд маш мэдрэг юм.

Өнгөрсөн жил нүүрс болон зэсийн баяжмал нь Монгол Улсын бараа бүтээгдэхүүний экспортын 82.3 хувийг бүрдүүлж, нийт экспортын 89.4 хувь нь Хятад улс руу гарсан байна.

Түүнчлэн Монгол Улс Хятадын коксжих нүүрсний импортын тэргүүлэгч нийлүүлэгч байсан бөгөөд 2025 оны байдлаар Хятадын нийт коксжих нүүрсний импортын дунджаар 51 хувийг дангаараа хангаж байжээ.

Эх сурвалж: ABC NEWS