France Football сэтгүүлийн хэвлэлийн албанаас "Португалын довтлогч Криштиану Роналду “Бүх цаг үеийн шилдэг Алтан бөмбөг”-ийн эзнээр шалгарлаа" хэмээн мэдээлжээ.
Тус сэтгүүлээс түүхэн дэх хамгийн үнэ цэнтэй “Алтан бөмбөг”-ийг тодруулах зорилгоор хөгжөөн дэмжигчдийн дунд төлбөртэй санал асуулга явуулахад Роналдугийн 2008 онд хүртэж байсан анхны шагнал хамгийн олон санал авчээ.
Тухайн үед тэрбээр Английн "Манчестер Юнайтед" клубийн бүрэлдэхүүнд Премьер лиг болон Аваргуудын лигт түрүүлж, анхны “Алтан бөмбөг”-өө гардсан бөгөөд үүнээс хойш уг нэр хүндтэй шагналыг дахин дөрвөн удаа хүртсэн билээ.
Хөгжөөн дэмжигчид өгсөн санал бүрдээ нэг евро төлж, Роналдугийн 2008 оны амжилтад нийт оролцогчдын 75 хувь нь саналаа өгчээ. Санал асуулгын удаах байруудад Лионель Месси (2012 он), Криштиану Роналду (2017 он) нарын хүртэж байсан шагналууд орсон байна.
Энэ жилийн “Алтан бөмбөг” гардуулах ёслол аравдугаар сарын 26-нд Лондон хотноо зохион байгуулагдаж, 2025/26 оны улирлын дэлхийн шилдэг хөлбөмбөгчнөөр Английн шигшээ баг болон Германы “Бавари Мюнхен” клубийн довтлогч Харри Кейн тодорсон билээ.
Өдгөө 41 настай Криштиану Роналду карьерынхаа туршид Аваргуудын лигт 5 удаа, Үндэстнүүдийн лигт 2 удаа түрүүлж, Европын аварга цолыг хүртэж байв. Мөн тэрбээр үндэсний шигшээ баг, Европын аварга шалгаруулах тэмцээн (ЕАШТ), Аваргуудын лиг, Клубүүдийн ДАШТ-д бүх цаг үеийн хамгийн олон гоол оруулсан түүхэн амжилтын эзэн юм.
Португалын "Спортинг", Английн "Манчестер Юнайтед", Испанийн "Реал Мадрид", Италийн "Ювентус" зэрэг дэлхийн шилдэг багуудад тоглож байсан тэрбээр 2022 оны 12 дугаар сараас хойш Саудын Арабын “Аль-Наср” клубт хүчин зүтгэж буй.
"Алтан бөмбөг" (Ballon d'Or) шагналыг 1956 оноос хойш олгож эхэлсэн түүхтэй. Анх 1994 он хүртэл зөвхөн Европын клубүүдэд тоглодог Европын тамирчдад олгодог байсан бол 1995 оноос тив үл хамааран Европын багуудад тоглож буй бүх хөлбөмбөгчид нээлттэй болсон.
Уг өөрчлөлтийн дараа Либери улсын довтлогч Жорж Веа Европын бус тоглогчдоос анх удаа энэ шагналыг хүртэж байв. Харин 2007 оноос эхлэн шагналын хамрах хүрээг улам тэлж, дэлхийн аль ч лигт тоглодог шилдэг тамирчид “Алтан бөмбөг”-ийн төлөө өрсөлдөх эрхтэй болжээ.
Эх сурвалж: TASS