НЭМЭЛТ: 

“Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-д өчигдөр техникийн гэмтэл гарч, станцын үйл ажиллагаа зогссон. 

Төвийн бүсийн эрчим хүчний системээс хүчдэл авч, станцын үйл ажиллагааг сэргээж, аймгийн ихэнх хэсгийн дулаан, цахилгаан хангамжийг хэвийн горимд шилжүүллээ. Станцын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх ажил 70 хувьтай байна.

Дахин ийм эрсдэл гаргахгүй байх үүднээс станцын удирдлага, холбогдох яам, мэргэжлийн байгууллагууд хамтран авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, шаардлагатай тоног төхөөрөмж, материал, сэлбэг хэрэгслийн жагсаалт, худалдан авалтын үнэ өртөг болон тооцоо, судалгааг нэгтгэн танилцуулахыг Шадар сайд Н.Номтойбаяр үүрэг болголоо.

Дарханы дулааны цахилгаан станцад гарсан гэмтлийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байна

Дарханы дулааны цахилгаан станцад гарсан гэмтлийн шалтгааныг тодруулж, эрчим хүчний хангамжийг сэргээхээр шуурхай ажиллаж байна.

2026 оны 10-р сарын 29-ний орой 20:56 цагт Дархан-Уул аймгийн “Дарханы дулааны цахилгаан станц”-д гэмтэл гарч, станцын үйл ажиллагаа бүрэн зогссон.

Иймээс үүссэн нөхцөл байдал дээр ажиллаж, холбогдох арга хэмжээг авахаар Шадар сайд Н.Номтойбаяр Дархан-Уул аймагт ажиллаж байна. 

Станцад гарсан гэмтлийн шалтгаан, нөхцлийг тодруулж, хэвийн горимд шилжүүлэхээр мэргэжлийн байгууллагууд шуурхай ажиллаж байна. 

“Дарханы дулааны цахилгаан станц” ТӨҮК нь 1965 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа станц юм.