Киевийн гүүрнүүдэд өгсөн цохилт: Орос улс Украины нийслэлийг саатуулж чадах уу?
Оросын цэргүүд аравдугаар сарын 27-нд шилжих шөнө Киевийн Днепр мөрөн дээгүүрх Южный (Өмнөд) гүүр рүү баллистик пуужингаар довтолжээ. Энэ нь ОХУ-аас аравдугаар сарын эхнээс хойш явуулж буй гүүрнүүдийг чиглэсэн системтэй дайралтын үргэлжлэл аж.
Энэ хугацаанд Орос улс Украины нийслэлийн зүүн, баруун эргийг холбодог Южный гүүр рүү хамгийн багадаа зургаан удаа, Северный (Хойд) гүүр рүү хоёр удаа халдсан байна. Тухай бүрд гүүрнүүдийн үйл ажиллагааг харьцангуй хурдан буюу нэг хоног хүрэхгүй хугацаанд сэргээжээ.
Гэвч хамгийн сүүлийн халдлагын дараа Южный гүүрний хөдөлгөөнийг бүрмөсөн хаажээ. Одоогийн мэдээллээр, "Искандер-М" төрлийн дөрвөн пуужингаар цохилт өгсний улмаас метроны замын хооронд нэвт гарсан том нүх үүссэн байгаа аж.
Гүүрэн дээгүүр метроны нэг шугам дамжин өнгөрдөг бөгөөд үүнийг Төрийн мэдээллийн "Укринформ" агентлаг болон "5-р суваг"-ийн дүрс бичлэгээс харж болох аж.
Киевийн хотын улсын захиргааны (КГГА) Тээврийн дэд бүтцийн газраас одоогийн байдлаар мэргэжилтнүүд бүтцийн засвар хийж, учирсан хохирол нь байгууламжийн бат бөх, аюулгүй байдалд хэрхэн нөлөөлж байгааг үнэлж буй талаар мэдээлжээ.
Үүний дараа л тэд "Южный гүүр болон Сырецко-Печерская шугамын газрын дээрх хэсгийг сэргээх техникийн дараагийн шийдлүүдийг" гаргахаа амалсан байна. Үнэлгээний хариу ирэх долоо хоногт гарах төлөвтэй байгаа аж.
Аравдугаар сарын эхээр Северный гүүр рүү хийсэн халдлагын улмаас троллейбусны цахилгааны шугамууд гэмтжээ. Киев хотод Днепр мөрөн дээгүүрх авто замын нийт зургаан гүүр байдаг аж: Северный, Патона, Метро, Южный, Дарницкий болон Подольско-Воскресенский.
Мөн төмөр замын гурван гүүр бий аж. Сэргээн босголт, дэд бүтэц, тээврийн сайд Николай Калашникийн тооцоолсноор, Киевийн Днепр мөрний эргүүдийн хооронд өдөр бүр ойролцоогоор 600 мянган автомашин гүүрүүдээр зорчдог байна.
Оросын хэд хэдэн довтолгооны бай болсон Северный болон Южный гүүрүүд нь Киевийн тээврийн сүлжээнд онцгой ач холбогдолтой гэж тээврийн төлөвлөлтийн шинжээч Дмитрий Беспалов DW-д өгсөн тайлбартаа дурджээ.
Үүний нэг шалтгаан нь дээр дурдсан метроны шугам бөгөөд энэ нь Киевийн хоёр эргийг холбодог ердөө хоёр шугамын нэг аж. Тэрбээр "Мөн энэ нь ачааны машинууд зорчих гол замуудын нэг, учир нь бусад гүүрүүд хязгаарлалттай, замын сүлжээнд тохиромжгүй холбогдсон байдаг" гэж тайлбарлажээ.
Эдийн засагт учрах хохирол

Киевийн гүүрүүдэд хохирол учруулсан ч Оросын цэргүүд тэдгээрийг бүрмөсөн устгаж чадна гэдэгт DW-ийн ярилцлага авсан шинжээчид эргэлзэж байгаа аж. Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн дэргэдэх Хуурамч мэдээлэлтэй тэмцэх төвийн даргаар ажиллаж байсан, Украины Хамгаалах хүчний лейтенант Андрей Коваленко гүүр рүү өгөх цохилтуудыг "сэтгэл зүйн дарамт шахалт" үзүүлэх хэрэгсэл гэж нэрлэжээ.
Тэр "Учир нь, эдгээр үйлдлүүдийг хийж чадах хамгийн дээд хязгаар нь Южный гүүрэн дээр харсан тэрхүү нүх юм" гэж бичээд, оросуудын гол зорилго нь логистикийг түр хугацаанд тасалдуулах явдал болохыг нэмж хэлсэн байна.
Беспалов мөн "Гүүрийг нураах маш хэцүү" гэж тэмдэглэжээ. ШИнжээч "Үүгээр ОХУ ялалт байгуулж чадахгүй. Гэхдээ тэд чухал дэд бүтцийн үйл ажиллагааг алдагдуулснаар эдийн засагт том хохирол учруулж байна" гэж онцолжээ.
Тэр "Хүмүүс зорчих газартаа хэдийчинээ хурдан хүрнэ, эдийн засгийн идэвх төдийчинээ өндөр байдаг. Үүний ачаар хот татвар авч, хөгждөг" гэж тайлбарлажээ.
Метро гүүр нь Киевийн Днепр мөрөн дээгүүр метроны шугам өгсдөг хоёр гүүрний нэг аж. Гүүр барилгын инженер, "Киевстройпроект" компанийн төслийн ерөнхий инженер Михаил Корниев арай өөр байр суурьтай буй юм байна.

Южный гүүрний татлагат хэсгийн зураг төслийг гаргаж байсан тэрхүү мэргэжилтэн гүүрүүд нурах магадлал туйлын бага болохыг зааж байгаа ч бүтэц бүрд өөрийн гэсэн "эмзэг цэг" байдгийг тэмдэглэжээ.
Тэрбээр DW-д "Энэ нь тулгуур эсвэл дээд бүтэц - канат, татлага байж болно. Эдгээр бүтцэд ачаалал болон гэмтэл хавсарвал нурж болох нөхцөл үүсэж болзошгүй. Гэхдээ магадлал нь хувиар бодвол ердөө мянганы хэдэн хувьтай тэнцэнэ" гэж ярьжээ.
Агаарын хамгаалалт ба Днепр дээгүүрх шинэ гарцууд
Гүүрүүдийг пуужингаас физик байдлаар (хаалт барьж) хамгаалах боломжгүй гэдэгт Корниев итгэлтэй байгаа аж. Тэр "Ийм байгууламж маш аварга том. Бетон хаалт ч, өөр юу ч тус болохгүй. Пуужингийн эсрэг хамгаалалтын цорын ганц хувилбар бол түүнийг агаарт устгах (буудаж унагах) явдал юм" гэж дүгнэжээ.
Өмнө нь Киевт гүүрүүдийг хамгаалах зориулалттай, хиймэл оюун ухаантай 12 автомат турель (Агаарын хамгаалалтын хэрэгсэл бэхлэх төхөөрөмж) суурилуулсан байна. Гэвч тэдгээр нь баллистик пуужинг биш, зөвхөн дронуудыг унагах зориулалттай аж.
Үүний зэрэгцээ Киев хот Днепр мөрөн дээгүүр "хосолсон усан гарцууд" болон тэдгээрт хүрэх зам барих төсөлд нэг тэрбум гривен хуваарилахаар төлөвлөж буй юм байна. Хотын дарга Виталий Кличкогийн мэдээлснээр, гарцуудыг байрлуулах газрыг цэргийн командлал тодорхойлж, Киев хотын цэргийн захиргаа батлах аж.
Кличко "Энэхүү санаачилгыг засгийн газар гаргасан" гэж нэмж хэлжээ. Оны аравдугаар сарын дундуур засгийн газраас объектуудыг ашиглалтад оруулах шаардлагыг хөнгөвчилсөн тогтоол баталсан байна. Засгийн газрын төлөвлөгөөгөөр ийм төслүүдийг Киевээс гадна Днепропетровск, Донецк, Запорожье, Киев, Николаев, Одесса, Полтава, Сумск, Черкасск зэрэг есөн мужид хэрэгжүүлэх ёстой аж.
Аравдугаар сарын эхээр Дэд бүтцийн сайд Калашник Киев болон бусад байршилд гурван сарын дотор шороон далан болон понтон (хөвдөг) гүүрэн гарцуудыг барихаа амалжээ. Үүний зэрэгцээ Украины нийслэлд эдгээр гарцууд нь үндсэн гүүрнүүдтэй адил буюу өдөрт ойролцоогоор 600 мянган автомашин нэвтрүүлэх чадвартай байх ёстой гэж сайд хэлсэн байна.

Северный гүүр нь замын сайн сүлжээнийхээ ачаар Киевийн Днепр мөрөн дээгүүрх чухал артерийн судас аж. Яамнаас бусад хувилбаруудыг, тухайлбал, хурдан угсардаг бетон бүтээцүүд барих, алс хэтдээ Днепр мөрний доогуур туннель барих асуудлыг хэлэлцэж буй юм байна. Ийм төслүүдийн өртөг арван тэрбум гривэнд хүрч болзошгүй тул тэдгээрийг зөвхөн донор болон түншүүдийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх боломжтой аж.
Инженер Корниев Днепр доогуурх туннелийг "мөрөөдөл" гэж нэрлэжээ. Тэр "Зөвхөн ийм объектын зураг төслийг гаргахад л олон жил шаардагдана, барилгын ажил ч мөн адил хугацаа шаардана" гэж хэлсэн байна.
Понтон гүүр үндсэн гүүрийг орлож чадахгүй
DW-ийн ярилцлага өгөгчид понтон гарцууд тус болж чадах ч гүүрнүүд нурсан тохиолдолд тэдгээрийг бүрэн орлож чадахгүй гэдэгт итгэлтэй байга аж. Корниев "Понтонууд гүүрний хүчин чадлыг бүрэн нөхөж чадахгүй. Мэдээж, олон понтон тавьж болох ч тэдгээрт хүрэх замыг засаж, хотын дэд бүтэцтэй холбох хэрэгтэй болно" гэж ярьжээ.
Беспалов мөн гарцуудыг хотын авто замын сүлжээнд холбоход хүндрэлтэй байгаа талаар хэлсэн байна. Тэр "Киевийн авто замын зургаан гүүрний нэвтрүүлэх чадварын тал хувийг хангахын тулд хамгийн багадаа 15-20 ийм понтон болон шороон далан хэрэгтэй. Энэ бүгдийг замын сүлжээнд хэрхэн холбохыг би төсөөлөх ч үгүй байна" гэжээ.
Тиймээс Беспаловын үзэж байгаагаар, гүүр нурах хувилбарыг ерөөсөө ажлын төлөвлөгөө гэж үзэж болохгүй - гүүрнүүдийг хамгаалж, хурдан сэргээн босгох хэрэгтэй аж. Тэр "Олон гэмтлийг засчихэж болно. Жишээлбэл, тэр "Хэрэв Южный гүүрний татлага гэмтвэл Подольско-Воскресенский гүүрний тулгуур шиг түр зуурын тулгууруудыг суурилуулж болно. Гэхдээ энэ бүхэнд мөнгө, хүсэл зориг, техникийн тодорхой туршлага буюу сайн инженерүүд хэрэгтэй" гэж үзэж буй юм байна.
Тээврийн төлөвлөлт
Беспалов "Үүний зэрэгцээ гүүрний засварын үеэр замын хөдөлгөөний түгжрэлийн үр дагаврыг бууруулахын тулд эрх баригчид хөдөлгөөнийг сайжруулах арга хэмжээ авч болно" гэжээ.
Шинжээч "Нийтийн тээврийн тусгай эгнээ гаргах, ажлын графикийг өөрчлөх, чухал уулзварууд дээрх гэрлэн дохионы циклийг өөрчлөх, өөрөөр хэлбэл, аль нэг чиглэлд илүү их ногоон гэрэл асаах зэрэг орно. Энэ нь их зардал шаардахгүй. Гэхдээ үүнийг урьдчилж хийх хэрэгтэй" гэж тэмдэглэсэн байна.
Үүнээс гадна Беспалов киевчүүд өөрсдөө ч замын түгжрэлийг бууруулахад хувь нэмэр оруулж чадна гэдэгт итгэлтэй байгаа аж. Тэрбээр "Одоогийн байдлаар гэрээсээ цахимаар ажиллах боломжтой бүх хүмүүс гэрээсээ ажиллах хэрэгтэй. COVID-ийн цар тахлын үеийн хөл хорионы шилдэг туршлагуудыг эргэн санах хэрэгтэй байна. Хэрэв хүн бүр ингээд хийчихвэл тээврийн системд арай хөнгөн байх болно" гэж батлан хэлжээ.
Эх сурвалж: DW