Нийслэлийн Засаг даргын суудал улс төрийн хамгийн төвөгтэй, хамгийн их эрсдэл дагуулдаг албан тушаалын нэг болоод удаж байна. Улаанбаатар бол зөвхөн хот биш. Монгол Улсын хүн ам, эдийн засаг, улс төр, нийгмийн төвлөрөл болсон аварга бүтэц.

Ийм хотыг удирдана гэдэг зам, түгжрэл, утаа, газрын асуудлаас эхлээд төрийн институци хоорондын тэнцвэр, нам доторх хүчний зохицуулалт хүртэл давхар шийдэх шаардлагатай болдог.

Ийм эгзэгтэй үед нийслэлийн шинэ даргад МАН-ын Нарийн бичгийн дарга, Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч Б.Пүрэвдагвын нэр хүчтэй яригдаж эхэллээ.

Энэ бол зүгээр нэг залуу улстөрчийн нэр дэвшил биш. Харин МАН доторх шинэ үеийн шилжилт, дотоод хүчний тэнцвэр, нийслэлийн ирээдүйн өнгө төрхтэй холбоотой том улс төрийн сонголт гэж харагдаж байна.

Н.Учралын нүүдэл ба нарийн тооцоо

Б.Пүрэвдагвыг хотын даргад сойж буй улс төрийн гол тоглогч Ерөнхий сайд Н.Учрал. Энэ сонголт нь сэтгэл хөдлөлөөс илүү тооцоолол дээр үндэслэсэн гэх мэдээлэл бий. Тодруулбал, нэгдүгээрт, Б.Пүрэвдагва МАН-ын Нарийн бичгийн даргын хувьд намын төв аппарат, нийслэлийн намын хороо, НИТХ дахь нөлөөлөлтэй бүлгүүдтэй ойлголцох улс төрийн суурьтай аж.

Хоёрдугаарт, тэрбээр СДМЗХ-ны Ерөнхийлөгч. Монголын улс төрд МАН-ын залуучуудын байгууллага бол жирийн нэг холбоо биш. У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ, Н.Номтойбаяр зэрэг нөлөө бүхий улс төрчид энэ холбооноос гарч ирсэн түүхтэй. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга төрүүлж ирсэн энэ бүтэц МАН-ын ирээдүйн лидерүүдийг бэлтгэдэг улс төрийн “дамжлага” хэвээр байна.

Н.Учрал өөрөө ч энэ замаар гарч ирсэн улс төрчдийн нэг. Тиймээс өөрийн улс төрийн үеийн төлөөллийг хотын удирдлагад гаргахыг хүсэж буй нь нууц биш.

Хотод хүчний шинэ тэнцвэр хэрэгтэй юу?

Сүүлийн жилүүдэд нийслэлийн улс төр Х.Нямбаатарын төвлөрсөн нөлөөн дор явж ирсэн. Нийслэлийн МАН-ын хороо, НИТХ дахь олонх, гүйцэтгэх засаглалын удирдлага бүгд нэг төвд зангидагдсан гэхэд хилсдэхгүй. Тиймээс дараагийн хотын дарга зөвхөн захиргааны ажилтан биш, харин улс төрийн тэнцвэр хадгалах чадвартай хүн байх шаардлага үүссэн.

Энэ өнцгөөс харвал Б.Пүрэвдагва бол олон талтай ойлголцож чадах "хувилбар"-т тооцогдож байгаа бололтой. Түүнийг Д.Амарбаясгалангийн талынхан ч ил тод эсэргүүцэхгүй байгаа тухай улс төрийн хүрээнд ярьж байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газар, УИХ, намын удирдлага, Ерөнхийлөгчийн институц хооронд мөргөлдөөн үүсгэхгүйгээр нийслэлийн ажлыг урагшлуулах боломжтой “зөөлөн хүчний” төлөөлөл гэж үнэлж буй хэрэг аж.

Х.Нямбаатараас өөр дүр

Б.Пүрэвдагвын улс төрийн имижийг хамгийн их тодорхойлж байгаа зүйл бол түүний харилцааны хэв маяг. Хотын улс төр сүүлийн жилүүдэд хатуу мэдэгдэл, ширүүн улс төр, хурц араншингаар тодорхойлогдож ирсэн. Харин Б.Пүрэвдагва илүү тайван, эвлэрүүлдэг, залуу үеийн өнгө төрхтэй улстөрчийн дүрээр харагдаж байгаа бололтой.

Түүнийг ойроос мэдэх хүмүүс “багийн тоглолт ойлгодог”, “хүмүүстэй эвтэй ажилладаг”, “дээрээс харьцдаггүй” гэж тодорхойлдог аж. Н.Учралын хэлсэн “иргэнээ дээрээс нь биш, дэргэдээс нь харах ёстой” гэх үзэл санаатай ч түүний дүр нийцэж байгаа бололтой.

Хот бол зөвхөн бетон, тендер, авто замын асуудал биш. Хот бол соёл, орчин, харилцаа, амьдрах мэдрэмжийн тухай ойлголт. Энэ утгаараа Б.Пүрэвдагва Х.Нямбаатараас тэс өөр өнгө төрх болж харагдаж байгаа гэнэ.

Унаган хотын "хүүхэд"

1990 онд төрсөн Б.Пүрэвдагва ардчиллын дараах шинэ үеийн төлөөлөл. Тэрбээр Улаанбаатар хотын 220 мянгат орчимд өссөн, нийслэлийн 45 дугаар сургуулийг төгссөн унаган хотын "хүүхэд" аж. Өсвөр үеийн сагсан бөмбөгийн улсын хошой аварга, спортын нэгдүгээр зэрэгтэй байсан нь түүнийг багийн ажиллагаа, зохион байгуулалтын соёлд эрт сургажээ.

2012 онд МУИС-ийг улс төр судлаач мэргэжлээр “А” үнэлгээтэй төгсөж, улмаар Австралийн Ньюкаслийн их сургуульд тогтвортой хөгжлийн бодлогоор магистрын зэрэг хамгаалсан нь түүний боловсролын суурь аж. Тэр англи хэлтэй, олон улсын хөгжлийн чиг хандлагыг ойлгодог, залуу технократ төрлийн улстөрчдийн төлөөлөлд багтдаг байна.

Нам доторх шат дараалсан өсөлт

Б.Пүрэвдагвагийн улс төрийн карьер гэнэт бий болоогүй аж. Тэр 19 настайдаа МАН-д элсэж, Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбооны салбарын даргаар ажиллаж эхэлсэн. Улмаар МАН-ын Удирдах зөвлөлийн улс төрийн ажилтан, Ерөнхий нарийн бичгийн даргын туслах зэрэг ажлаар дамжин шат дараатай өсжээ. Өөрөөр хэлбэл, тэр “парашютаар буусан” улс төрч биш, намын аппарат, бүтэц, зохион байгуулалтыг дотроос нь мэддэг аж.

2020 онд НИТХ-ын сонгуульд Баянзүрх дүүргийн 8 дугаар тойрогт “Илүү хурдан” уриатай оролцон, ялалт байгуулж, нийслэлийн бодлогын түвшинд ажилласан туршлагатай болжээ. Хотын асуудлыг гаднаас нь биш, дотроос нь ойлгодог болсон нь түүний давуу тал гэж үзэж болох нь.

Түүний сул тал юу вэ?

Улс төрд сул талгүй хүн байдаггүй. Б.Пүрэвдагвыг сошиал орчинд хамгийн ихээр дагах өнцөг нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн охинтой холбоотой хувийн амьдралын асуудал байх магадлалтай. Тэрбээр оюутан ахуйдаа У.Хүрэлсүхийн том охин Намуунтай үерхэж, дундаасаа хүүхэдтэй болсон тухай мэдээлэл бий. Гэвч тэдний амьдрал цааш үргэлжлээгүй.

Улс төрийн өрсөлдөгчид энэ асуудлыг ашиглахыг оролдож магадгүй ч өнөөдрийн нийгэмд хүмүүс улстөрчдийн хувийн амьдралаас илүү бодлого, харилцаа, үр дүнг илүү чухалчилдаг болсон. Түүнээс гадна шинэ үеийн улс төр өмнөх шигээ “хувийн амьдралаар довтолдог” арга барилаас бага багаар татгалзаж буй.

Хүнд суудал, хүнд сорилт

НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэнгийн хэлснээр, дараагийн хотын дарга ямар ч хүн байсан “маш хүнд нөхцөлд” ажиллах аж. Учир нь Улаанбаатар өнөөдөр:

-Дэлхийн хамгийн өндөр түгжрэлтэй хотуудын нэг,
-Агаарын бохирдолтой,
-Инженерийн дэд бүтэц ачааллаа дийлэхгүй болсон,
-Гэр хорооллын дахин төлөвлөлт гацсан,
-Хот төлөвлөлтийн алдаа хуримтлагдсан,
-Улс төрийн ашиг сонирхлын төв болсон хот.

Ийм нөхцөлд дараагийн дарга зөвхөн популизм хийж болохгүй. Мөн зөвхөн улс төрч байгаад ч хангалтгүй. Хотын менежмент, санхүү, төлөвлөлт, иргэдтэй харилцах соёл гээд олон чадвар зэрэг шаардах нь зүй.

Шинэ үеийн туршилт эхлэх үү?

Б.Пүрэвдагвын нэр яригдаж эхэлсэн нь МАН дотор шинэ үеэ илүү урд эгнээнд гаргах оролдлого гэж харагдаж байна. Тэр бол 1990-ээд оны залуусын төлөөлөл. Хотын унаган хүүхэд. Намын дотоод шат дамжлагыг туулсан. Гадаадад боловсрол эзэмшсэн. Нийгмийн сүлжээний эрин үеийн харилцааг ойлгодог. Гэхдээ энэ бүхэн хот удирдах хангалттай шалтгаан мөн үү гэдэг өөр асуудал.

Улаанбаатар туршилт даахгүй болсон хот. Иргэд нь амлалтаас илүү үр дүн хүсдэг болсон. Тиймээс дараагийн хотын даргыг зөвхөн намын залуу лидер гэдгээр бус, бодит өөрчлөлт авчрах чадамжаар нь дүгнэнэ.

Хэрэв Б.Пүрэвдагва үнэхээр хотын шинэ дарга болвол энэ нь нэг хүний томилгоо биш, харин МАН-ын шинэ үеийн улс төрийн том сорилт болох нь гарцаагүй.