Бундесверийн ерөнхий байцаагч (энэ албан тушаал нь ХБНГУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын албан тушаалтай дүйцнэ) Карстен Бройер Орос улс 2029 оноос хэтрэлгүйгээр НАТО-гийн орнуудад халдаж болзошгүйг анхааруулав.
Бройер тавдугаар сарын 14-ний пүрэв гарагт нийтлэгдсэн Süddeutsche Zeitung сонинд өгсөн ярилцлагадаа “Зэвсэглэл болон бие бүрэлдэхүүний өсөлт, эдийн засаг, улс төрийн үйл явдлууд зэрэг олон төрлийн үзүүлэлт нэг цэг дээр огтлолцож байна. Тэр нь 2029 он. Үүнээс өмнө болох боломжтой юу? Тийм” хэмээн мэдэгджээ.
Мөн тус сонин Бройерийн британийн хамтрагч, Их Британийн Зэвсэгт хүчний Батлан хамгаалахын штабын дарга Ричард Найтонтой ярилцсан байна. Тэрбээр "Орос НАТО-гийн орнуудад хэзээ халдаж болзошгүй талаар тодорхой он хэлээгүй ч нөхцөл байдал ямар чиглэл рүү явж буй нь ойлгомжтой" гэж онцолжээ.
Британийн цэргийн удирдагч “Аюул занал улам нэмэгдэж байна. Орос улс Украин дахь дайны явцад туршлага хуримтлуулж, шинэ технологи боловсруулж байна. Владимир Путин бүрэн эрхт улсууд руу довтлоход бэлэн болохоо харуулсан. Оросын хилд ойртох тусам энэ мэдрэмж улам хүчтэй болдог” хэмээн онцолсон байна.
Бройер: НАТО-гийн асуудал зөвхөн Москвад байна
АНУ Герман дахь цэргээ багасгаж магадгүй, мөн Вашингтоны байр суурь тодорхой бус байгаа энэ үед хоёр генерал “НАТО дотроо эвтэй, нэгдмэл байх нь маш чухал” гэж онцлон тэмдэглэжээ.
Бройер “Бидний асуудал Москвад байгаа болохоос өөр хаана ч биш. Тиймээс Германд шаардлагатай тохиолдолд шууд байлдааны ажиллагаанд оролцох чадвартай (“Fight Tonight” буюу шуурхай байлдааны бэлэн байдалтай) зэвсэгт хүчин яг одоо хэрэгтэй гэж хэлжээ.
Герман улс Tomahawk пуужин яаралтай авахыг зорьж байна
Бундесверийн ерөнхий байцаагч мөн АНУ-ын ерөнхийлөгч асан Жо Байдены үед төлөвлөгдөж байсан Америкийн алсын тусгалт далавчит пуужинг Германд байрлуулах ажил хэрэгжихгүй байх магадлалтайг баталжээ.
Анхны төлөвлөгөөгөөр Америкийн пуужингууд нь Герман улс өөрийн алсын тусгалт довтолгоо болон хамгаалалтын системээ бий болгох хүртэл түр хугацааны хамгаалалт болох ёстой байсан аж. Tomahawk пуужингуудыг Германд байрлуулах санаа нь Владимир Путин Калининградад “Искандер” пуужин байрлуулсны хариу арга хэмжээ байжээ. Тэдгээр пуужин Берлинийг тусгалын бүсдээ оруулдаг байна.
Бройерийн хэлснээр, Германы холбооны засгийн газар одоо “шилжилтийн шийдлүүдийг яаралтай судалж” буй бөгөөд үүнд зах зээл дээр хэдийнэ бэлэн байгаа системүүдийг худалдан авах боломж ч багтаж байгаа аж. Энэ зорилгоор Бройер саяхан Пентагонд айлчилжээ.
Тавдугаар сарын сүүлээр Германы Батлан хамгаалахын сайд Борис Писториус Вашингтонд очиж, Tomahawk далавчит пуужин худалдан авах хэлэлцээг үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байна.
Үүнээс өмнө Британийн Financial Times сонин Пентагон Германд алсын тусгалт пуужин байрлуулах төлөвлөгөөгөө цуцалсан талаар мэдээлжээ.
Энэ шийдвэр нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Германаас 5000 цэргээ татах шийдвэр гаргасны дараа гарсан бөгөөд үүнийг Германы канцлер Фридрих Мерц АНУ-ын Ираны эсрэг дайныг хатуу шүүмжилсэнтэй холбоотой байж магадгүй гэж үзэж байгаа аж.п
Эх сурвалж: DW