Пентагон Польш руу 4000 цэрэг илгээхээ түр зогсоох шийдвэр гаргаснаас долоо хоногийн дараа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тус улс руу 5000 “нэмэлт цэрэг” илгээнэ гэж мэдэгдлээ. Тэрбээр үүнийг Польшийн ерөнхийлөгчтэй тогтоосон сайн харилцаатайгаа холбон тайлбарласан байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Польшид үзүүлэх цэргийн дэмжлэгээ үргэлжлүүлнэ гэж амлав. Тэрбээр тавдугаар сарын 22-ны баасан гарагт шилжих шөнө өөрийн Truth Social сүлжээнд: “Польшийн одоогийн ерөнхийлөгч Кароль Навроцки амжилттай сонгогдсоныг харгалзан үзэж, би түүнийг бахархалтайгаар дэмжсэн.

Мөн түүнтэй тогтоосон бидний харилцааны хүрээнд АНУ Польш руу нэмэлтээр 5000 цэрэг илгээх болсныг баяртайгаар мэдэгдэж байна” хэмээн бичжээ.

Гэхдээ энэ нь цоо шинэ бүрэлдэхүүн үү, эсвэл өмнө нь Польш руу илгээхээр төлөвлөж байсан 1-р морин дивизийн 2-р хуягт бригадын 4000 цэргийн тухай юу гэдгийг Трамп тодорхой тайлбарлаагүй байна.

Тавдугаар сарын 13-нд The Wall Street Journal болон Defence News сонинууд Пентагон Польш руу 4000 цэрэг илгээх төлөвлөгөөгөө цуцалсан талаар мэдээлсэн. Энэ шийдвэр нь Трампын Европ дахь АНУ-ын цэргийн хүчийг бууруулах төлөвлөгөөтэй холбоотой байсан ч зарим цэргийн албан тушаалтнуудыг “гайхшруулсан” гэжээ.

Дараа нь Politico-д ярилцлага өгсөн эх сурвалжийн хэлснээр, Польшийн цэргийнхэн энэ тухай мэдээллийг өөрсдийн удирдлагаас биш, хэвлэл мэдээллээс мэдээд “маш их уурласан” байна.

Үүнээс өмнө АНУ Германаас 5000 цэргээ гаргана гэж мэдэгдсэн. Энэ нь Германы канцлер Фридрих Мерц АНУ болон Израилийн Ираны эсрэг дайныг шүүмжилсний дараа болсон үйл явдал байв.

Politico: Польш АНУ-ын цэрэг цөөрөхөд бэлдэж байна

Тавдугаар сарын 17-ны байдлаар Польш улс өөрийн нутаг дахь АНУ-ын цэргийн тоо буурахад бэлдэж байсан аж. Польшийн Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Веслав Кукулагийн хүрээллийн эх сурвалж Politico-д: “Цомхотголын хэмжээ хэвлэлүүдийн мэдээлж байгаагаас бага байж магадгүй. Гэхдээ бид ийм мэдээлэл хүлээн авсан” гэж хэлжээ.

Түүний хэлснээр, Варшав АНУ-ын цэргийн тоо цөөрөх талаар хэдийнэ мэдэж байсан бөгөөд үүнтэй холбоотой асуудлыг шийдэхээр ажиллаж байгаа аж.

Гэсэн хэдий ч Польшийн эрх баригчид улс орон нь үүнээс  болж хохирно гэсэн мэдээллийг няцаасан байна. Батлан хамгаалахын сайд Владислав Козиняк-Камыш “Польш дахь Америкийн цэргийн тоо буурахгүй” хэмээн мэдэгдэж, АНУ-ын цэргийн тоог нэмэгдүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн ажиллаж байгаагаа онцолжээ.

Америкийн цэргийн эх сурвалжуудын мэдээлснээр, тавдугаар сарын дунд үеийн байдлаар Польшид ойролцоогоор 7400 америк цэрэг байрлаж байсан аж. Сүүлийн жилүүдэд АНУ Европт нийт 100 мянга орчим цэрэг, офицер байрлуулсны 65 мянга гаруй нь байнгын, бусад нь ээлжийн үндсэн дээр ажиллаж байжээ.

АНУ Европ дахь байлдааны бригадын тоог гурваар бууруулна

Тавдугаар сарын 19-нд Пентагон Европоос дөрвөн байлдааны бригадын нэгийг гаргана гэж мэдэгдсэн. Ингэснээр АНУ-ын Европ дахь цэргийн тоо 2021 оны түвшинд хүрч буурах юм.

Үүнээс нэг өдрийн өмнө НАТО-гийн Европ дахь Нэгдсэн хүчний ерөнхий командлагч, АНУ-ын Агаарын цэргийн хүчний дэслэгч генерал Алексус Гринкевич "АНУ-ын цэргийг Европоос гаргах нь НАТО-гийн Европын батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэх төлөвлөгөөнд нөлөөлөхгүй" гэж мэдэгджээ.

Түүний үзэж буйгаар, урт хугацаанд Европ өөрийн цэргийн хүчээ нэмэгдүүлэхийн хэрээр АНУ-ын цэргүүдийг дэлхийн бусад бүс нутаг руу шилжүүлэх төлөвтэй байгаа аж.

2026 оны эхээр АНУ-ын Конгресс Пентагоны жилийн төсвийн хүрээнд Европ дахь америк цэргийн тоог 76 мянгаас доош бууруулахыг хориглосон заалтыг баталсан байна.

Үүнийг хийхийн өмнө Батлан хамгаалахын сайд болон Европ дахь АНУ-ын командлал (EUCOM) Конгресст тусгай тайлан гаргаж, шийдвэрийн үндэслэлээ тайлбарлах ёстой гэж Польшийн PAP агентлаг сануулжээ.

Эх сурвалж: DW