Фридрих Мерц Киевээс Европын холбоонд элсэх үйл явцыг хурдасгах шаардлага тавьсантай холбогдуулан Украинд Европын холбооны “холбоот гишүүн” гэсэн тусгай статус олгох санал дэвшүүлжээ.
Dpa агентлагийн олж авсан захидлын эхэд дурдсанаар, Мерц дайны нөхцөлд буй Украин улсыг Европын холбооны институцүүдтэй илүү нягт уялдуулах санаачилгыг шуурхай хэрэгжүүлэхийг санал болгосон байна.
Гэхдээ Украин эхний шатанд Европын холбооны бүрэн эрхт гишүүний бүх эрхийг, тэр дундаа санал өгөх эрхийг авахгүй гэж Dpa тавдугаар сарын 21-нд мэдээлжээ. Германы канцлерын захидлыг Европын зөвлөлийн дарга Антониу Кошта, Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен болон Европын холбооны зөвлөлийг ээлжлэн даргалж буй Киприйн ерөнхийлөгч Никос Христодулидис нарт илгээжээ.
Яагаад бүрэн эрхт гишүүнчлэл биш вэ?
Фридрих Мерцийн үзэж буйгаар, Украин ойрын хугацаанд Европын холбоонд бүрэн эрхт гишүүнээр элсэх нь бодитой бус аж. Тэрбээр “Тоолж баршгүй олон саад бэрхшээл”, мөн зарим гишүүн орнуудад явагдах улс төрийн хувьд төвөгтэй соёрхон батлах ажиллагаанаас шалтгаалан богино хугацаанд элсүүлэх боломжгүй" гэж тайлбарласан байна.
Гэсэн хэдий ч тэр гишүүнчлэлтэй холбоотой гол асуудлуудаар хэлэлцээг яг одооноос, “цаг алдалгүй” эхлүүлэхийг санал болгожээ. Түүний онцолсноор, санал болгож буй статус нь “хялбаршуулсан гишүүнчлэл” биш бөгөөд одоогийн хамтын ажиллагааны хэлэлцээрээс хавьгүй өргөн хүрээг хамарч, элсэх үйл явцыг түргэтгэх зорилготой аж.
Тусгай статус Украинд юу өгөх вэ?
Мерцийн санаачилгын дагуу Украин Европын зөвлөл болон ЕХ-ны зөвлөлийн хуралдаанд санал өгөх эрхгүйгээр оролцох боломжтой болох юм байна. Мөн Европын комисст саналын эрхгүй “холбоот гишүүн” төлөөлөгчтэй байх, Европын парламентад саналын эрхгүй холбоот депутаттай болох, түүнчлэн Европын шүүхэд “илтгэгчийн туслах” хэлбэрээр холбоот шүүгч ажиллуулах хувилбаруудыг тусгажээ.
Энэ статусыг хэрэгжүүлэхийн тулд ЕХ-ны тухай гэрээний 49 дүгээр зүйлд заасан элсэлтийн гэрээг соёрхон батлах шаардлагагүй бөгөөд Европын холбооны үндсэн гэрээнд өөрчлөлт оруулахгүйгээр зөвхөн “хатуу улс төрийн тохиролцоо” хангалттай гэж үзэж байгаа аж.
Мөн Фридрих Мерц энэ статус нь “Оросын түрэмгийллийн эсрэг үргэлжилж буй тэмцэлд Украин болон тус улсын иргэдэд нэн шаардлагатай хүчтэй улс төрийн дохио болно” хэмээн онцолжээ.
Санхүү болон хууль эрх зүйн зохицуулалт
Украин эхний ээлжид Европын холбооны төсөвт шимтгэл төлөхгүй, мөн шууд санхүүжилт авахгүй. Гэхдээ ЕХ-ны шууд удирдлагатай зарим хөтөлбөрүүдэд үе шаттайгаар хамруулах боломжийг нээж болох юм. Түүнчлэн Европын холбооны хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйл явц ч шат дараатай явагдана гэж төлөвлөжээ.
Аюулгүй байдал ба баталгаа
Саналын онцгой хэсэг нь аюулгүй байдлын асуудал байна. Мерцийн саналд "Украин гадаад болон батлан хамгаалах бодлогоо Европын холбооны бодлоготой бүрэн уялдуулах шаардлагатай" гэж тусгажээ.
Үүний зэрэгцээ ЕХ-ны гишүүн орнууд Европын холбооны гэрээний 42 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан харилцан туслалцах заалтыг Украинд хэрэгжүүлэх улс төрийн үүрэг хүлээх ёстой гэж үзэж байна. Ингэснээр “бодит аюулгүй байдлын баталгаа” бий болгож, мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан энхийн хэлэлцээг хөнгөвчлөх боломжтой гэжээ.
Мөн Украин Европын холбооны үндсэн үнэт зүйлсийг зөрчих, эсвэл элсэлтийн хэлэлцээнд ноцтой ухралт гаргавал тусгай статусыг хүчингүй болгох нөөц механизм тусгасан байна.
Бусад нэр дэвшигч орнуудад зориулсан санал
Фридрих Мерц Албани, Монтенегро, Молдова зэрэг бусад нэр дэвшигч орнуудад ижил статус санал болгоогүй ч элсэлтийн үйл явцыг түргэтгэх “шинэлэг шийдлүүд” хэрэгжүүлэхийг санал болгожээ. Үүнд:
- Европын нэгдсэн зах зээлд давуу эрхтэй нэвтрэх,
- ЕХ-ны байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагаанд илүү нягт оролцох,
- Холбооны мэргэжлийн байгууллагуудад ажиглагчийн статустай байх зэрэг санаачилга багтсан байна.
Тэрбээр эдгээр саналаа Европын холбооны удирдлагууд болон төрийн тэргүүнүүдтэй хэлэлцэхэд бэлэн байгаагаа илэрхийлж, нарийвчилсан зохицуулалт боловсруулах тусгай ажлын хэсэг байгуулах санал дэвшүүлжээ.
Эх сурвалж: DW