Ши Жиньпин ирэх долоо хоногийн эхээр БНАСАУ-д айлчлах магадлалтай талаар эх сурвалжууд лхагва гарагт мэдээлэв.

Өмнөд Солонгосын Засгийн газрын өндөр албан тушаалтан Yonhap News Agency-д “Бидэнд Ши Жиньпин ойрын хугацаанд Хойд Солонгост айлчлах гэж буй талаарх тагнуулын мэдээлэл ирсэн” хэмээн мэдэгджээ.

Мөн Засгийн газрын өөр нэгэн эх сурвалжийн мэдээлснээр, Ши Жиньпин энэ сарын сүүлч, эсвэл ирэх сарын эхээр БНАСАУ-д айлчлах магадлал өндөр байгаа аж. Тэрбээр өнгөрсөн сард Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Пёньянд айлчилсан, мөн Ши Жиньпиний хамгаалалтын алба болон ёслолын багийнхан саяхан Хойд Солонгосын нийслэлд очсон зэрэг нь үүний дохио байж болохыг онцолсон байна.

Ван И-тэй уулзах үеэр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өнгөрсөн жилийн Хятадад хийсэн айлчлалаа дурсан, Бээжинтэй өндөр түвшний харилцаа, стратегийн хамтын ажиллагааг улам бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Энэ жил хоёр улс иж бүрэн хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 65 жилийн ой тохиож байна.

Мөн Ши Жиньпиний боломжит айлчлал өнгөрсөн долоо хоногт Бээжинд болсон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийсэн дээд хэмжээний уулзалтын дараахнаас яригдаж эхэлжээ. Уг уулзалтын үеэр хоёр удирдагч Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах нийтлэг зорилгоо дахин нотолсон байна.

Түүнчлэн Засгийн газрын өөр нэгэн эх сурвалжийн мэдээлснээр, Хятадын удирдагч Хойд Солонгос болон АНУ-ын харилцаанд зуучлах оролдлого хийж магадгүй аж.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён энэ оны нэгдүгээр сард Хятадад төрийн айлчлал хийх үеэрээ Ши Жиньпинээс хоёр Солонгосын харилцааг сайжруулахад зуучлахыг хүссэн бөгөөд Хятадын тал уг хүсэлтэд эерэг байр суурь илэрхийлсэн гэж эх сурвалж мэдээлжээ.

Эх сурвалж: YONHAP