Монгол Улсын Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж өнгөрсөн өдрүүдэд БНХАУ-д болсон Дональд Трамп, Владимир Путин нарын айлчлалын талаар клабхаус платформд үзэл бодлоо илэрхийллээ.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж:
-АНУ, Хятад улсууд бусад оронтой харьцуулахад эдийн засаг, цэрэг, технологийн хүчин чадлаараа үнэхээр тасарчихлаа. Энэ хоёр улсын ерөнхийлөгч уулзлаа, гэсэн хэрнээ нэг их мундаг юм шийдсэнгүй гэж олон улсын хэвлэл мэдээлэл хүртэл бичиж байна. Миний харж байгаагаар уулзаж буй нь л хамгийн чухал юм.
Дэлхийн хоёр том гүрний хооронд дайн гарч болохгүй. Энэ хоёр дайтвал хүн төрөлхтөн, соёл иргэншил байх уу үгүй юу гэдэг асуудал яригдана. Үүнд нь өөр бусад улс орон татагдаж ороод, тэр нь халуун цөмийн дайн болох юм бол энэ дэлхий тэр чигтээ устах, бидний жижигхэн цэнхэр гариг алга болоход маш ойрхон байгаа юм.
Ерөнхийдөө дайн хийж болохгүй, дайн хийх юм бол цөмийн дайн байж болохгүй. Цөмийн дайн хийвэл одоогийн байгаа цөмийн зэвсгийг ашиглахад дэлхий дээр радио идэвхт зузаан үүлний бүрхүүл ойролцоогоор 100 жилээр үүснэ.
Монгол орны хувьд зундаа -50 хэм, өвөлдөө -100 хэмд 100 жил болно гэсэн үг. Ийм нөхцөлд ямар ч амьдрал үлдэх боломжгүй. Африкийн халуун оронд ч гэсэн -50 хэм хүртэл хүйтэрнэ.
Хүн төрөлхтөнд учирч болох аюулуудыг тооцоолдог олон улсын байгууллага болох Вашингтонд төвтэй "Bulletin" гээд байгууллага бий. Бид хоёр жилд нэг удаа уулзаж, дэлхий дээр "Doomsday clock" буюу хүн төрөлхтөнд төгсгөл ирэх цаг хэр ойрхон байгааг тогтоодог. Одоо 98 секунд дээр байгаа. Хамгийн холдсон нь 18 минутаар холдсон байдаг.
Горбачев, Рейган хоёр уулзаад, цөмийн зэвсгийн асуудлаар том гэрээ байгуулсан. Цөмийн зэвсэг гэж нэрлээд байгаа цөмийн бөмбөг бүхий хошууг бүгдийг нь тоолоход нэг үе 63 мянга хүрч байсан. Харин дэлхий дахин үүнд анхаараад, улс орнууд гэрээ байгуулаад, хэрэгжүүлээд, сүүлд нь "START" гэж гэрээ байгуулаад, сая 2026 оны хоёрдугаар сарын 5-нд энэ гэрээ хүчингүй болсон.
Одоо бүгдээрээ эмээл хазааргүй морь шиг давхилдах ийм аюул руу орж байгаа. Цөмийн зэвсгийн тоо 61 мянгаас 11 мянга болтлоо буурсан. Тэгэхээр бидний энэ яриад байгаа зүйлс огт нөлөөгүй бол биш. Бид сүүлийн 40-өөд жилийн хугацаанд цөмийн аюулыг тав дахин бууруулж чадсан байгаа юм. Гэхдээ энэ 11 мянган хошууг сайжруулаад байгаа. Энэ бол дэлхийг цөмийн өвөл рүү аваачих хэмжээний, бүх амьдралыг устгах хэмжээний аюултай зүйл.
Тэгэхээр АНУ, Хятадын ерөнхийлөгч нар уулзаж байна, бие биедээ найрсаг хандаж, аятайхан үг хэлж байна гэдэг бол хүн төрөлхтөний сайн сайхны төлөө хийж байгаа маш том үйл хэрэг.
Трамп энэ уулзалтын үеэр Ши Жиньпинийг энэ есдүгээр сард АНУ-д төрийн айлчлал хийгээрэй гэж хэлсэн байсан. Энэ жил бол АНУ-ын хувьд их түүхэн жил. АНУ байгуулагдсаны 250 жилийн ой болж байгаа. Сая их том айлчлал болж, Английн хаан ирээд явлаа. Энэ айлчлал, энэ зүйлүүдэд АНУ их ач холбогдол өгч байгаа. Зүгээр ч нэг хүмүүсийг уриад байхгүй. Тийм учраас Ши Жиньпинийг энэ үеэр урина гэдэг бол бас их чухал зүйл гэж бодож байна.
Иран, Тайванийн асуудлыг тэд хоорондоо ярилцаж байна гэдэг нь л чухал. Хүний эрхийн асуудал хүртэл. Ши Жиньпин дарга хэлэхдээ манай хоёр улсын харилцаа бол дэлхий дээр байгаа бүх улс орнуудын хоорондын харилцаанаас хамгийн чухал нь гэсэн юм. Үүнийг зөвшөөрөх хэрэгтэй.
Хятад бол гадаад бодлогынхоо ойрын жилүүдийн чиг баримжааг тодорхойлчихсон байгаа. АНУ-тай юм уу, Оростой харилцана, ярилцаж байх хэрэгтэй гээд тодорхойлчихсон. Европтой харилцахдаа бол хүйтэн хөндий, цаад талаас ямар үйлдэл хийнэ, түүнд нь хариулах маягаар харилцана, Японыг бол дарж харилцана гэсэн чиглэлтэй байгаа.
Мэдээж газрын ховор элемент, технологи гээд ярих зүйлс бий. Газрын ховор элементийн технологийг асар өндөр түвшинд ашиглаж байгаа орон бол өнөөдөр Хятад байна.
Хятадын нэг зүйр үг бий. Нэг ууланд хоёр бар багтахгүй гэж. Гэхдээ АНУ, Хятад бол хоёр бар биш юм. Хоёр улс, хоёр ард түмэн. Дэлхий бол уудам өргөн орон зай. Тэгэхээр энэ хоёр улс байгаад, өөр өөрсдийнхөө ашиг сонирхлыг илэрхийлээд, хамтраад ажиллаад явчих боломжтой гэсэн зүйл харагдаж байна.
АНУ-ын хувьд Хятадыг өсөн гарч ирж байгаа том гүрэн, биднийг сорих, өрсөлдөх цорын ганц орон гэж хардаг. Хятадын хувьд АНУ-ыг дэлхий дээр байгаа цорын ганц супер хүч гэж хардаг. Мөн хамгийн том эдийн засаг. Хятадын хувьд амьсгалах орон зай. Хөдөлгөөн л хийвэл АНУ-ын сонирхлын бүстэй шууд очиж тулна. Сүүлийн 40 жил хамгийн их ашиг хүртсэн ганц орон бол Хятад.
Дэлхийн улс орнуудыг нэг анги гээд үзвэл хүйтэн дайны үед хоёр өндөр хүүхэд тэнд байлаа. Нэг нь нас бие хүрч, өөд болсон ч гэх үү, тэр нь ЗХУ. Нэг өндөр хүү үлдсэн. Гэтэл Азиас нэг өндөр хүү гараад ирлээ. Ийм л нөхцөл үүсчихээд байгаа. Хоёр хүн байхад бол үүнийг зохицуулаад явж болно. Гэтэл нэг ноцтой юм гарч ирж байгаа нь дэлхий дээр ЗХУ, АНУ гэсэн хоёр гүрэн цөмийн зэвсгээрээ өрсөлддөг байсан нь одоо уламжлагдаад ОХУ, АНУ хоёр болж үлдээд байгаа.
Сүүлийн үед Хятад нэмэгдээд ирж байгаа. Тэгэхээр одоо "Three body problem" гэдэг шиг асуудал үүсээд байгаа. Яг энэ байдлыг яаж зохицуулж болох вэ. Хамгийн хүндрэлтэй юм нь цөмийн зэвсэг тойрсон асуудал.
Цөмийн зэвсэг яваандаа хүний бус хиймэл оюун ухааны удирдлагад орчих магадлалтай. Сая Иран руу дайрахад нийт байны 90 гаруй хувь нь шууд хиймэл оюун ухаанаар гаргаж ирсэн байдаг. Тэгээд Пентагоноос цохилтоо шууд компьютерийн тусламжтайгаар өгч байгаа.
Путин бараг долоо хоног болоогүй байхад Хятад руу давхиад ирлээ. Путин яагаад ийм хурдан хүрч ирэв. Энд гурван гол үндэслэл байх шиг.
Нэгдүгээрт, шууд Ши Жиньпинтэй сууж ярилцаж, хөшигний цаана юу яригдсаныг тодруулах гэж ирж байгаа. Путины хамгийн их санаа зовж буй зүйл бол Ши Жиньпин Трампад ямар нэг буулт хийв үү үгүй юу, тэр буулт нь Оросын ашиг сонирхолтой холбоотой байсан уу гэдэг юм.
Хэрвээ АНУ, Хятад хоёр ам нийлээд л яваад өгөх юм бол ямар ч улс орон, ямар ч хүч өөдөөс нь зогсох бараг боломжгүй. Ялангуяа ОХУ-ын хувьд. Энэ бол газар хөдөлсөнтэй адил санагдах зүйл. Тийм учраас үүнийг утсаар юм уу видео дуудлагаар ярилцах боломжгүй. Хөтөлбөрт нь хүртэл цай ууж ярилцана гээд байсан.
Хятадын айлчлалын хөтөлбөрт ийм зүйл бараг байдаггүй. Цай ууна гэдгийн цаана хоёулханаа зөвхөн орчуулагчтайгаа суугаад, нарийн ширийн зүйлсээ ярилцсан гэсэн үг.
Хоёрдугаарт, Сибирийн хүч 2. Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр явах төсөл. Хөтөлбөр дотор нь жижиг сажиг зүйлсийг нь хүртэл ярина гээд оруулчихсан байсан.
Украины довтолгооноос болоод энэ оны нэгдүгээр сараас тавдугаар сар хүртэл Оросын 16 том боловсруулах үйлдвэр жагсаалаас бараг гарчихлаа. Өдөрт нэг сая тонн баррель газрын тос боловсруулах хүчин чадлаа Орос алдчихаж байгаа юм. Ийм учраас маш их хэмжээний боловсруулсан тос Хятадаас авах хэрэгтэй болж байгаа. Орос өөрөө мэдээж газрын тосны асар их нөөцтэй. Гэхдээ боловсруулах хүчин чадал нь үнэхээр хүнд доголдолд орсныг эндээс харж болно.
Хятад бол тогтвортой байдлаас ашиг хийдэг орон. Орос бол тогтворгүй байдлаас, дайн байлдаан, түрэмгийллээс ашиг хийгээд сурчихсан, улс төр, эдийн засгийн нөхцөл байдал нь тогтчихсон улс. Гаднаа нэг дайсан олоод, жижиг ч байсан хамаагүй тэрнийг очиж зодоод, тэндээсээ хүмүүсийнхээ сэтгэл санааг өргөдөг. Хятад бол тийм хэмжээний доргилтод орох ямар ч боломжгүй. Вьетнамын дайнаас хойшоо дайн хийгээгүй улс.
Гуравдугаарт, мэдээж Украины асуудал. Украины арыг Европ даагаад байна, Оросын арыг Хятад даах уу гэдгийг Путин сонирхож байгаа.
Энэ дээрээ л баталгаа авах гэж давхиж очиж байгаа. Ярилцах асуудлынх нь хүрээнд нэг мундаг юм харагдсан. Тэр нь "Олон талт дэлхийн шинэ дэг журмыг бий болгосон тухай тунхаглан зарлана" гэсэн юм байгаа. Ер нь бол олон улсын харилцааны шинэ дэг журмын тухай тунхаглал гэж гаргасан.
Бас нэг анхаарал татах зүйл бол Орос, Хятад хоёрын бий болгосон дэлхий орчлонд та нар амьдрах уу гэж асуусан судалгааг Мюнхены аюулгүй байдлын бага хурлын гаргадаг том сэтгүүлд нийтэлсэн байсан. 60 гаруй оронд явуулсан тус судалгаанд дурдсанаар, ер нь Хятад, Орост амьдардаг хүмүүсээс бусад нь үгүй гэж хариулсан байдаг. Энэ хоёр нийлээд дэлхийн дэг журам зарлана гэдэг юу л бол. Гэхдээ тийм тунхаглалаа гаргачихлаа.
Хөрш орнуудтайгаа харилцах жишиг загварыг тогтооно гэсэн бас нэг юм байгаа. Энэ дотор бид орно. Монголын нэг гайхамшигтай тал бол энэ хоёроор л хүрээлэгдсэн орон. Тэгэхээр бидний хувьд маш сайн харах ёстой зүйл бол энэ.
Путин сая ирэхдээ Хятадын ард түмэнд хандсан видео мэндчилгээ гэж таван минут шахам зарцуулан үг хэлсэн байгаа. Ши Жиньпинтэй уулзахдаа Хятад зүйр үг хэлж байсан. Нэг өдөр уулзахгүй болохоор гурван намар шиг санагдах юм гэж.
Путиныг дагаад найман сайд, таван шадар сайд, мөн олигарх, бизнес эрхлэгчид ирсэн. Мөн энэ хоёр улс хоорондоо визгүй болж байгаа. Путины үгнээс харахад бол таны санаачилгаар энэ зүйл ажил хэрэг боллоо гэж хэлж байна билээ.