Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны гишүүн, эдийн засгийн ухааны
доктор Р.Даваадоржтой ярилцлаа. 

-Монгол Улсын инфляц хоёр оронтой тоонд хүрч, Монголбанкны зорилтот түвшнээс давсан гол шалтгааныг та ямар бодолтой байна вэ? Энэ нь дотоод хэрэглээ, төсвийн тэлэлт үү, эсвэл импортын барааны үнийн өсөлтөөс илүү хамаарч байна уу?

-Монгол Улсад инфляц хоёр оронтой тоонд хүрч, Монголбанкны “6 нэмэх хасах 2” хувийн зорилтот түвшнээс давсан шалтгааныг нэг хүчин зүйлээр тайлбарлах боломжгүй. Энэ нь гадаад үнийн шок, дотоод эрэлтийн тэлэлт, валютын ханшийн дарамт гурвын давхцал юм. Тиймээс хэд хэдэн голлох шалтгааныг онцолж хэлье.

Нэгдүгээрт, импортын хамаарал өндөр тул дэлхийн шатахуун, хүнсний үнэ өсөхөд инфляц шууд орж ирдэг гэсэн үг. Гадаад үнэ 10 хувь өсөхөд л дотоодын инфляцад 4-5 нэгжийн дарамт өгдөг бүтэцтэй улс.

Хоёрдугаарт, төсвийн тэлэлт, халамж, зээл зэрэг дотоод бодлогоор эдийн засагт их хэмжээний мөнгө нийлсэн мөртөө тэр хэмжээний нийлүүлэлт дагаагүй. Үр дүнд нь “мөнгө их, бараа хомс” болж, эрэлтээс шалтгаалсан инфляц нэмэгдсэн. Үүнийг статистик мэдээ ч батална.

Гуравдугаарт, экспортын орлого буурч, гадаад хөрөнгө оруулалт багасахад төгрөгт дарамт үүсч, ханш сулрах, бүр импортын үнэ дагаж өсөх нь гарцаагүй. Дээрээс нь зах зээлийн бүтэц сул, өрсөлдөөн багатай тул үнэ хурдан өсөх магадлал өндөр шүү.

-Мах болон өргөн хэрэглээний барааны үнэ огцом өсөж байгаа нь иргэдийн бодит орлогод хэрхэн нөлөөлж байна вэ? Ялангуяа дундаж болон бага орлоготой өрхүүдэд ямар эрсдэл үүсэх бол?

-Мах болон өргөн хэрэглээний барааны үнэ өсөх нь инфляцаас ч илүү иргэдийн орлогыг үгүй болгодог аюултай. Монголд бага орлоготой өрхүүд орлогынхоо 45-60 хувийг хүнсэнд зарцуулдаг гэх судалгаа бий. Энэ нь хэрэв махны үнэ огцом өсөхөд худалдан авах чадвар шууд буурч, амьдралд нь хүнд цохилт ирнэ гэсэн үг.

Ийм нөлөө манайхтай төстэй бусад оронд ч харагддаг. 2023 онд Казахстанд хүнсний инфляц 20 хувь давж, бага орлоготой өрхийн бодит орлого ойролцоогоор 10 хувь буурсан бол Киргизэд хүнсний үнийн өсөлт ядуурлыг 3-5 нэгж хувиар нэмэгдүүлж байсан бодит жишээ бий.

Эндээс харахад, хүнсний, ялангуяа махны үнийн өсөлт баян, ядууг адилхан биш, харин ядуу өрхийг илүү хүчтэй онилдог. Эцсийн дүндээ мах болон өргөн хэрэглээний барааны үнэ өсөх нь зөвхөн инфляцын асуудал биш, харин орлогын тэгш бус байдал, ядуурлыг нэмэгдүүлэх нийгмийн асуудал болж хувираад байна.

-Инфляцыг бууруулахын тулд Монголбанк бодлогын хүүгээ нэмэгдүүлэх магадлалтай юу? Хэрэв тэгвэл энэ нь бизнес, зээл, ипотекийн зах зээлд ямар нөлөө үзүүлэх вэ?

-Инфляц зорилтоос давсан үед Монголбанк бодлогын хүүгээ нэмэх магадлал өндөр гэж бодож байна. Энэ нь мөнгөний нийлүүлэлтийг хумиж, эрэлтийг сааруулах замаар үнийн өсөлтийг намжаах стандарт арга юм.

Хэрэв бодлогын хүү өсвөл хамгийн түрүүнд банкны зээлийн хүү өсдөг. Шинэ зээл авах өртөг нэмэгдэж, зарим бизнес хөрөнгө оруулалтаа хойшлуулна, зарим нь зээл авч чадахгүй байдалд очдог. Өөрөөр хэлбэл, инфляц бууруулахын төлөө богино хугацаанд өсөлт саардаг юм.

Ипотекийн зээлийн хувьд төрийн дэмжлэгтэй, тогтмол хүүтэй ипотекийн зээлтэй иргэдэд шууд нөлөө бага байж таарна. Харин шинэ зээл олголт хумигдаж, банкны эх үүсвэрийн өртөг өснө. Ер нь бодлогын хүү нэмвэл инфляц буурна, гэхдээ зээл үнэтэй болж, бизнес ба хэрэглээ саарч, ипотекийн зах зээл хөрөх зүй тогтол ажиглагдана.

-Махны үнэ өссөн нь зөвхөн улирлын шинжтэй асуудал уу, эсвэл нийлүүлэлтийн тогтолцоо, экспорт, ченжийн нөлөө зэрэг бүтцийн асуудалтай холбоотой юу? Засгийн газар энэ асуудлыг хэрхэн шийдэх ёстой вэ?

-Зөвхөн улирлын асуудал биш. Ерөнхий сайдын мэдэгдлээс харвал, авлигын шинжтэй асуудал ч нэрмээс болсон гэх газаргүй харагдсан. Гэхдээ ганц нэг шалтгаан биш, илүү бүтцийн асуудал гэж би үздэг.

Нийлүүлэлтийн хувьд мал аж ахуй тархай, хадгалалт хүнд (хөргөлт, агуулах), логистик сул тул улирлын үед их нийлүүлэлт зах зээлд жигд хүрэхгүй байна. Экспорт нэмэгдэхэд дотоод зах зээлд борлуулах мах гадагшилж байна гэж шүүмжлэх хэсэг бий, бас ченжийн сүлжээг буруутгах өнгө аяс нийгэмд давамгайлж байна.

Ер нь бол Засгийн газар улирлын нөөц бүрдүүлэх, хөргөлтийн агуулах, логистикийн сүлжээг өргөжүүлэх, малчдаас шууд худалдан авах суваг (бирж, хоршоо) хөгжүүлэх, экспортын бодлогыг улирлын уялдаатай болгох, зах зээлийн мэдээллийг ил тод болгох хэрэгтэй. Засгийн хийх ёстой ажлууд уул нь ийм тодорхой байдаг. Тиймээс Засгийн газрын ажил муу байгааг харуулах нэг үзүүлэлт гэж үзэж болно.

-Хэрэв инфляц энэ түвшинд удаан хадгалагдвал Монголын эдийн засагт ямар урт хугацааны эрсдэл үүсэх вэ? Иргэд хадгаламж, хэрэглээ, хөрөнгө оруулалтын хувьд юунд анхаарах шаардлагатай вэ?

-Инфляц өндөр түвшинд удаан хадгалагдвал эдийн засаг “чимээгүй доройтолд” ордог. Төгрөгт итгэх итгэл суларч, хүмүүс мөнгөө хадгалах биш, хурдан зарцуулах, эсвэл долларжуулах хандлага руу шилжинэ. Урт хугацааны хөрөнгө оруулалт зогсож, бизнесүүд богино ашиг хөөсөн, эрсдэл багатай салбар руу шахагдана. Иргэдийн бодит цалин тасралтгүй унаж, дундаж давхарга агшиж, ядуурал тэлнэ. Эцэст нь, санхүүгийн системд дарамт үүсч, чанаргүй зээл нэмэгддэг.

Анхаарах зүйл энгийн шүү дээ. Хадгаламжийн хүү инфляцаас давж байгаа эсэхийг бодитоор (татвар, шимтгэл хасаад) хар. Урт хугацаанд үнэ хадгалах чадвартай хөрөнгийг сонгох. Өрийн түвшнээ хяналтгүй өсгөхгүй байх гээд хэдэн асуудалд анхаарах ёстой.

-Баярлалаа. Танд ажлын амжилт хүсье!