УИХ-ын гишүүн О.Эрдэнэбүрэн нийгмийн сүлжээн дэх сурталчилгаа, инфлюзерүүдийн үйл ажиллагааг зохицуулах шинэ хуулийн төсөл боловсруулж байгаа ажээ. Энэхүү төсөл нь хэрэглэгчийг төөрөгдүүлэх сурталчилгаа, баталгаагүй бүтээгдэхүүний реклам, хүүхдэд чиглэсэн зохисгүй контент зэрэг асуудалд хяналт тавих зорилготой аж.

Өнөөдөр Facebook, TikTok, YouTube, Instagram зэрэг платформ дахь инфлюзерүүд олон мянга, зарим нь сая хүртэлх дагагчтай болж, хүмүүсийн худалдан авалт, сонголт, үзэл хандлагад хүчтэй нөлөөлөх болсон. Үүнтэй холбоотойгоор компаниуд ч телевиз, уламжлалт зар сурталчилгаанаас илүүтэй сошиал орчинд хөрөнгө оруулах болсон байна.

Гэвч энэ салбарын өсөлттэй зэрэгцэн хэд хэдэн эрсдэл нэмэгджээ. Тухайлбал, төлбөртэй сурталчилгааг хувийн хэрэглээ мэтээр нууж нийтлэх, баталгаагүй эмчилгээ, тураах бүтээгдэхүүн, криптовалют, өндөр эрсдэлтэй хөрөнгө оруулалтыг сурталчлах явдал олширсон байна. Мөн хүүхэд, өсвөр насныханд хэт хэрэглээг өдөөсөн контент түгээх, хуурамч дагагч болон хиймэл үзэлт ашиглах асуудал ч нэмэгджээ.

Иймээс “Инфлюзерийн үйл ажиллагааг зохицуулах тухай” хуулийн төсөлд дараах гол зохицуулалтыг тусгаж байгаа аж. Үүнд:

  • Төлбөртэй сурталчилгааг заавал тодорхой тэмдэглэдэг болох
  • Баталгаагүй эрүүл мэндийн бүтээгдэхүүн, өндөр эрсдэлтэй санхүүгийн сурталчилгаанд хязгаар тогтоох
  • Хүүхдэд чиглэсэн зохисгүй маркетингийг хориглох
  • Инфлюзер, сурталчилгаа захиалагч, платформуудын хариуцлагыг тодорхой болгох
  • Хуурамч дагагч, хиймэл үзэлт ашиглан хэрэглэгч төөрөгдүүлэх явдалд хяналт тавих багтжээ. 

Олон улсад ч ийм төрлийн зохицуулалт эрчимжиж буй аж. Тухайлбал, Франц улс 2023 онд инфлюзерийн тухай тусгай хууль баталсан бол АНУ-д төлбөртэй сурталчилгааг ил тод тэмдэглэх шаардлагыг хатуу мөрдүүлдэг. Мөн Европын холбоо цахим платформын ил тод байдлыг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлж эхэлжээ.

Хууль санаачлагч "Хуулийн төсөл батлагдвал сошиал орчин дахь сурталчилгаа илүү нээлттэй болж, хэрэглэгчийн эрх хамгаалагдах, хүүхэд, өсвөр үеийнхнийг цахим орчны сөрөг нөлөөллөөс хамгаалах, инфлюзерийн зах зээлийг илүү хариуцлагатай болгох ач холбогдолтой" гэж үзсэн байна.