Орос, Беларусь улс тавдугаар сарын 19-нд стратегийн цөмийн хүчний бэлтгэл, хэрэглээний гурван өдрийн хамтарсан сургуулилтаа эхлүүлжээ. Энэхүү томоохон цэргийн ажиллагаа нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины БНХАУ-д хийж буй төрийн айлчлалтай давхцаж буй нь олон улсын анхаарлыг татаж байна.

"Известия" сонинд ярилцлага өгсөн шинжээчдийн үзэж буйгаар, энэ нь Оросын дээд удирдлага гадаадад байсан ч стратегийн цөмийн хүчний удирдлагын тогтолцоо бүрэн хэвийн ажиллаж байгааг харуулах улс төр, цэргийн дохио аж.

ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, сургуулилтад 64 мянга гаруй цэргийн алба хаагч, 7800 гаруй техник хэрэгсэл, 200 гаруй пуужингийн цогцолбор, 140 гаруй нисэх төхөөрөмж, 73 байлдааны хөлөг онгоц, 13 шумбагч онгоц оролцож буй юм байна.

“Бээжингээс илгээсэн дохио”

Цэргийн шинжээч Дмитрий Корневийн хэлснээр, энэхүү сургуулилтыг Путины Хятад дахь айлчлалтай зэрэгцүүлэн зохион байгуулсан нь санамсаргүй давхцал биш бөгөөд энэ нь зөвхөн цэргийн бэлэн байдлыг шалгах бус, барууны орнуудад чиглэсэн тодорхой мессэж аж.

Тэрбээр “Дээд ерөнхий командлагч гадаадад байгаа нь цөмийн зэвсгийн удирдлагад ямар ч саад учруулахгүй. Манай стратегийн цөмийн хүчний орчин үеийн удирдлагын систем ямар ч ‘сохор бүс’ үүсэх боломжгүй болгосон” гэж мэдэгджээ.

Түүний хэлснээр, дэлхийн хаанаас ч онгоцонд, агаарт, эсвэл ОХУ-ын хилээс гадна байсан ч шаардлагатай тушаал өгөх техникийн боломж бүрэн бий аж. Мөн ийм нөхцөлд холбооны сувгуудыг турших нь сургуулилтын албан ёсоор зарлаагүй чухал хэсэг байж болохыг онцолсон байна.

АНУ-д урьдчилан мэдэгдсэн

Хэдийгээр сургуулилтын цар хүрээ өргөн байгаа ч Кремль стратегийн тогтвортой байдлын асуудалд “ил тод” байр сууриа хадгалж байгаарг шинжээчид тайлбарлажээ.

Цэргийн шинжээч Виктор Литовкиний мэдээлснээр, төлөвлөсөн пуужингийн туршилтуудын талаар Оросын Гадаад хэргийн яам болон АНУ-ын Төрийн департамент хоорондын хаалттай сувгаар урьдчилан мэдээлэл солилцсон байна.

Тэрбээр “Стратегийн зэвсгийг хязгаарлах гэрээ (START) царцсан ч харилцан мэдээлэл солилцох үүргээ хоёр тал үргэлжлүүлэн биелүүлж байна” гэжээ. Беларусийн Батлан хамгаалах яам ч эдгээр сургуулилтыг төлөвлөгөөт ажиллагаа болохыг баталсан байна.

Цөмийн гурвалын шалгалт

Шинжээчдийн таамаглаж буйгаар, сургуулилтын үеэр Орос улс тив алгасагч “Ярс” пуужин, шумбагч онгоцноос хөөргөх “Булава”, “Синева” баллистик пуужин, “Калибр” далавчит пуужин, мөн Ту-95МС, Ту-160М стратегийн бөмбөгдөгч онгоцноос хөөргөх Х-102 өндөр нарийвчлалтай пуужингийн туршилт хийж магадгүй ажээ.

Виктор Литовкин “13 шумбагч онгоцыг нэгэн зэрэг дайчилж байгаа нь маш өндөр түвшний байлдааны бэлэн байдлыг харуулж байна” гэж хэлсэн байна. Түүний тайлбарласнаар, олон зориулалттай атомын шумбагч онгоцууд стратегийн цөмийн шумбагчдыг хамгаалж, нууц хөдөлгөөнийг нь хангах үүрэгтэй аж.

Мөн “Циркон” хэт авианы болон “Оникс” далавчит пуужингаар зэвсэглэсэн нь нисэх онгоц тээгч зэрэг аливаа довтолгоог няцаах боломжтой гэж үзжээ.

“Сармат” ба Оросын цөмийн сүр хүч

Өмнө нь ОХУ-ын Стратегийн пуужингийн цэргийн командлагч Сергей Каракаев Ерөнхийлөгч Путинд “Сармат” хүнд ангиллын тив алгасагч баллистик пуужинг амжилттай туршсан талаар тайлагнажээ. Путин уг цогцолборыг “Дэлхийн хамгийн хүчирхэг пуужингийн систем” хэмээн тодорхойлж, “Барууны ижил төрлийн системүүдээс дөрөв дахин илүү хүчин чадалтай” гэж мэдэгдэж байв.

НАТО-д өгч буй анхааруулга

Шинжээчид энэ удаагийн сургуулилтыг НАТО-гийн идэвхжил нэмэгдэж буйтай холбоотой “логик хариу” гэж үзэж байна. Цэргийн шинжээч Вадим Козюлиний хэлснээр, НАТО Оросын хилийн дагуу “цэргийн Шенген” байгуулах, цэргийг хурдан шилжүүлэх логистикийн төвүүд бий болгох, Финланд, Шведийг эвсэлдээ нэгтгэх замаар цэргийн нөлөөгөө өргөжүүлж байгаа аж.

Мөн тэрбээр "Европын зарим улстөрчид Калининградын талаар шууд заналхийлсэн мэдэгдэл хийж, 2028-2030 онд НАТО, Оросын шууд мөргөлдөөн гарах магадлалын талаар ил ярьж эхэлсэн" гэж онцолжээ. Ийм нөхцөлд Беларусьт байршуулсан цөмийн зэвсгийг хамтарсан байдлаар ашиглах сургуулилт хийх нь “зүй ёсны бөгөөд үндэслэлтэй” алхам гэж тэр үзэж буй аж.

“Мөргөлдөөн цөмийн шатанд хүрч болзошгүй”

Вадим Козюлин “Хэрэв НАТО Украины дайнд шууд оролцвол мөргөлдөөн зайлшгүй цөмийн шатанд шилжинэ. Бид үүнд бэлэн байх ёстой” гэж мэдэгдсэн байна. Гэхдээ тэрбээр Оросын цөмийн доктрин нээлттэй бөгөөд ямар нөхцөлд хариу цохилт өгөхийг тодорхой заасныг онцолжээ.

НАТО “ижил хэмжээний хариу” өгөх боломжгүй юу?

Виктор Литовкинийн үзэж байгаагаар, НАТО одоогийн байдлаар ижил хэмжээний нэгдсэн цөмийн чадавхгүй байгаа аж. Түүний тайлбарласнаар Их Британи АНУ-ын Trident системээс бүрэн хамааралтай, Франц өөрийн бие даасан бодлогоо баримталдаг учраас Европын цөмийн хүчин нэгдмэл биш аж.

Мөн тэр "НАТО нь Итали, Нидерланд, Бельги, Герман, Турк улсад АНУ-ын тактикийн цөмийн бөмбөг байршуулж, орон нутгийн нисгэгчдийг сургаж байгаа нь Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээг зөрчиж байна" гэж буруутгажээ.

Ийм нөхцөлд Оросын хамгаалалтын сургуулилтыг “бүрэн үндэслэлтэй” гэж шинжээчид дүгнэж буй юм байна.

Эх сурвалж: IZVESTIYA