Холливудын нэрт жүжигчин, “Оскар”-ын хоёр удаагийн шагналт Том Хэнкс 2027 оны намар “This World of Tomorrow” шинэ жүжгээр Бродвейн тайзнаа эргэн ирэхээр болжээ.
Тэрбээр энэхүү цаг хугацаагаар аялах романтик драмын жүжгийн гол дүрийг өөрөө бүтээхээс гадна зохиолч Жеймс Глоссмантай хамтран бичсэн байна. Уг бүтээлийг Том Хэнксийн 2017 онд хэвлүүлсэн “Uncommon Type” хэмээх богино өгүүллэгийн түүврээс сэдэвлэн бүтээжээ.
Хэнкс хамгийн сүүлд 2013 онд Нора Эфроны “Lucky Guy” жүжгээр Бродвейд анхныхаа дүрийг бүтээж, “Тони” шагналд нэр дэвшиж байснаас хойш яг 14 жилийн дараа ийнхүү Бродвейн театрт эргэн ирж буй нь энэ юм.
Уран бүтээлчид ба театрын баг
Бродвейн шинэ жүжигт түүнтэй хамт “Тони” шагналын эзэн, театрын нэрт жүжигчин Келли О’Хара (Бродвейн “The King and I”, “South Pacific” зэрэг бүтээлээр алдаршсан) дахин хамтран тоглоно. Жүжгийн найруулагчаар мөн “Тони” шагналын эзэн Кенни Леон (“A Raisin in the Sun” жүжгийн найруулагч) ажиллахаар батлагджээ.
“This World of Tomorrow” жүжиг анх 2025 оны арваннэгдүгээр сард Нью-Йорк хотын “The Shed” театрт нээлтээ хийж, найман долоо хоногийн турш тасалбар нь бүрэн дуусч, Мерил Стрип, Стив Мартин зэрэг Холливудын одод хүрэлцэн ирсэн нүсэр нээлт болж байсан аж.
Түүний дараа продюсер Брайан Энтони Морленд жүжгийг Бродвейн нэгэн алдартай “Shubert” театрт шилжүүлэн тоглуулах албан ёсны шийдвэр гаргасан байна. Тоглолт сунгагдах боломжгүй, маш хязгаарлагдмал хугацаанд үргэлжлэх аж.
Жүжгийн үйл явдал
АНУ-ын Нью-Йорк хотын The Shed театрын албан ёсны танилцуулгад дурдсанаар, жүжгийн үйл явдал XXI зууны төгсгөл үед өрнөдөг байна. Том Хэнксийн бүтээсэн Берт Алленберри хэмээх ганцаардмал, ирээдүйгээ өөрчлөхийг хүссэн эрдэмтэн эр хайр дурлалыг хайн цаг хугацаагаар аялдаг аж.
Тэрбээр Квинс дүүрэгт болсон 1939 оны Нью-Йоркийн дэлхийн үзэсгэлэнгийн (World's Fair) нэгэн онцгой өдөр рүү дахин дахин буцаж очдог бөгөөд тэнд Кармен (Келли О’Хара) хэмээх Бронксоос гаралтай бүсгүйтэй учирдаг байна. Технологи ба хүсэл тэмүүлэл, дурсамж ба түүхийн мөргөлдөөн дундаас Берт ямар амьдралыг сонгохыг энэхүү жүжиг харуулах аж.
Бродвейн тоглолтын яг эхлэх тов, тасалбар борлуулалт болон бусад туслах дүрүүдэд тоглох жүжигчдийн (өмнөх тавилтад Рубен Сантьяго-Хадсон, Керри Бише нар тоглож байсан) нэрсийг дараагийн шатанд зарлах юм байна.
Эх сурвалж: SAN FRANCISCO CHRONICLE, THE SHED