Археологичид Болгар улсын нутаг дахь эртний нэгэн сүм дотроос маш ховор сийлбэр илрүүлсэн нь одоогоос 1500 орчим жилийн өмнө галд шатан сүйрсэн шүтлэгийн газрын тухай шинэ баримтуудыг ил болгожээ.
Болгарын зүүн өмнөд хэсэгт орших Ивайловград хотын ойролцоох Балак Дере (Balak Dere) хэмээх археологийн бүсээс олдсон энэхүү гантиг чулуун рельеф (товойлгож сийлсэн сийлбэр) дээр эртний эх дагина Кибела (Cybele)-г гурван нимф (байгалийн охин тэнгэр)-ийн хамт дүрсэлсэн байсан тухай "Arkeonews" мэдээлсэн байна.
Судлаачдын үзэж байгаагаар, эдгээр бурхдыг ийнхүү хамтад нь дүрсэлсэн тохиолдол өмнө нь ижил төрлийн олдворуудаас хэзээ ч олдож байгаагүй, маш ер бусын хослол ажээ. Энэхүү түүхэн нээлтийг Болгарын Үндэсний түүхийн музейн археологич Ивайло Каневын удирдсан баг ижил салбарын сүүлийн ажлынхаа үеэр буюу аравдугаар сард илрүүлсэн байна.
Христийн шашны дэлгэрэлт ба Паган шүтлэг
(Эх сурвалж: Түүхийн музей)
Энэхүү сүмийг манай эриний III зууны үеэс эхлэн паган (олон бурхныг шүтэх) шүтлэгийн зан үйлд ашиглаж байсан гэж үзэж байгаа бөгөөд Ромын эзэнт гүрэн даяар Христийн шашин дэлгэрснээс хойш ч энд шашны зан үйлүүд нууцаар үргэлжилсээр байсан гэж судлаачид таамаглаж байгаа аж.
Шинээр олдсон сийлбэр нь тухайн үед яг ямар бурхдыг шүтэж байсан, мөн өөр өөр шашны уламжлалууд хэрхэн нэг дор огтолцож байсныг тайлбарлахад туслах юм байна. Сийлбэрт дүрслэгдсэн Кибела нь байгаль дэлхий, уул усаар бэлгэдэгдсэн үр үржихүйн эртний дагина бол нимфүүд нь гол мөрөн, булаг шанд, байгалийн үзэгдэлтэй холбогддог эмэгтэй охин тэнгэрүүд аж.
Сүмийн хажуугаар Арда гол урсдаг бөгөөд археологичид сүмийг тойрсон усан суваг байсныг тогтоожээ. Энэхүү усан суваг болон шинээр олдсон сийлбэр нь тус сүмд нимфүүдийг шүтэх тусгай усан зан үйлийн орон зай байсан байх магадлалыг өндөрсгөсөн байна.
Сүмийн сүүлчийн өдрүүдийн нууц
Уг сүм нь 15 метр орчим урттай, хоорондоо холбогдсон гурван өрөөнөөс бүрдэж байжээ. Нэг өрөөнд нь шүтээний тахилын ширээ байсан бол нөгөө өрөөнд нь өргөл өргөх тусгай бүтэц, гурав дахь өрөөнд нь өргөлийн зүйлсийг хадгалдаг агуулах байсан аж.
Гэвч сүмийн сүйрэл илүү том нууцыг агуулж байжээ. Манай эриний V зууны дунд үе буюу Ромын эзэнт гүрэнд уламжлалт паган шүтлэгийг хуулиар хавчин боож, хориглож эхэлсэн тэр үед энэхүү сүм асар том гал түймэрт өртөж бүрэн сүйрчээ.
(Эх сурвалж: Түүхийн музей)
Судлаачид энэхүү түймрийг Христийн шашинтнууд болон хуучин шүтлэгтнүүдийн хоорондох шашны мөргөлдөөн, тэмцэлтэй холбоотой байж болзошгүй гэж үзэж байгаа ч галыг зориуд тавьсан уу, эсвэл санамсаргүй осол уу гэдгийг одоогоор эцэслэн тогтоогоогүй байгаа юм байна.
Тухайн хүнд цаг үед ч энэ сүм үйл ажиллагаагаа явуулсаар байсан нь тус бүс нутаг дахь эртний Фраки (Thracian) омгийнхны хамгийн сүүлчийн паган сүмүүдийн нэг байсныг баталж байгаа аж.
Археологичид Балак Дере бүсийг 2004 оноос хойш судалж, эндээс олдсон барилга байгууламж, зоосууд нь III зуунаас XIII зуун хүртэл Ромын үе болон Дундад зууны амьдрал хэрхэн өөрчлөгдөж ирснийг харуулсаар буй юм байна.
Эх сурвалж: PEOPLE